Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн аваргын төлөө өрсөлдөж буй дөрвөн багийн тулаан гайхалтай болж байна. Өчигдөр (2020.10.02) плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд Спортын төв ордонд явагдаж өндөрлөлөө.
- Алдар Танан Гарьд 93 – 81 23 Storms
Эхний тоглолтдоо хожигдсон Алдар Танан Гарьд энэхүү тоглолтод зайлшгүй хожих шаардлагатай талбайд гарсан. Эс бөгөөс 23 Storms цувралыг 2:0 гэсэн харьцаатай тэргүүлж, аваргын төлөө шалгарахад нэг шат ахих байлаа. Үүнийг ч ухаарсан Алдар Танан Гарьд багаас эхний хагас О.Эрдэнэцогт "галзуурав". Тэрбээр эхний хагаст гурван онооны шидэлтийг таван удаа амжилттай гүйцэтгэж, тоглолтыг 25 оноо, 10 ашигтай дамжуулалт, долоон самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй дуусгасан.
Түүнээс гадна багаас нь А.Тэмүүжин, Г.Билгүүн, О.Ууганбаяр, Л.Болортулга нар тус бүр 10 болон түүнээс дээш оноо авав. Харин 23 Storms багаас лигийн шилдэг мэргэн буучдын нэг Ц.Азбаяр талбайд 20 минутыг өнгөрүүлэхдээ ердөө нэг довтолгоо гүйцэтгэсэн нь хоёр багийн онооны зөрүү холдох шалтгаан байлаа. Энэхүү тоглолтод А.Энхбаясгалан 28 оноо авч, бүх тоглогчийг тэргүүлсэн бол Г.Баттөр үзүүлдэг тоглолтоо толилуулж, 17 оноо, таван самбараас бөмбөг авалт, таван ашигтай дамжуулалт гүйцэтгэжээ.
Хоёр багийн цувралын харьцаа 1:1.
Хоёр багийн цувралын гурав дахь тоглолтод Алдар Танан Гарьд багийн гол тоглогчдын нэг Б.Болдбаатар эргэн ирэх төлөвтэй байна.
- Хан-Уул Хангарьд 75 – 83 SBL Хасын Хүлэгүүд
Долоо дахь аваргын цомын эрэлдээ гарсан SBL Хасын Хүлэгүүд баг Хан-Уул Хангарьд багийг хоёр тоглолт дараалан хожиж, цувралыг өөрсдийн талд эргүүллээ. Хасын Хүлэгүүд тоглолтыг сайн эхлүүлж, дөрвөн үеийн турш тэргүүлсээр ялалт байгууллаа. Ялангуяа Хасын Хүлэгүүд багаас С.Өрнүүнбилэг, Т.Мэндбаяр нар энэ плей-оффын тоглолтуудад онцгой байна. Өчигдрийн тоглолтод С.Өрнүүнбилэг 17 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тоглолтын шилдгээр нэрлэгдсэн бол Т.Мэндбаярын Ш.Энхийн-Од дээр хийж буй хамгаалалтыг онцолмоор байна.
Талбайн бүхий л хэсэгт гүйж байдаг Т.Мэндбаярын хувьд цувралын тоглолтонд найман оноо, есөн самбараас бөмбөг авалт, зургаан бөмбөг таслалт гүйцэтгэжээ. Есөн самбараас бөмбөг авалтын тав нь довтолгооны самбараас байв.
Монголын сагсан бөмбөгийн дараагийн од гэгдэж буй Ш.Энхийн-Од цувралын хоёр дахь тоглолтод 33 минутыг талбайд өнгөрүүлэн ердөө таван довтолгоо гүйцэтгэж, гурван оноо авчээ. Гэхдээ түүний хамгаалалтыг онцлох хэрэгтэй. Энэ жил 18 хүрэх түүний хувьд өнгөрөгч тоглолтод 12 удаа самбараас бөмбөг авалт, гурван хаалт гүйцэтгэж багаа тэргүүлжээ.
Ш.Энхийн-Од цувралын эхний тоглолтод 14 оноо авч байв.
Хан-Уул Хангарьд багаас Ц.Сэргэлэнбаатар 21 оноо, Б.Билгүүн 18 оноо, С.Золжаргал 17 оноо тус тус авсан бол SBL Хасын Хүлэгүүд багаас С.Өрнүүнбилэг, Т.Мэндбаяраас гадна тус багийн ахлагч Б.Билгүүн 19 оноо, таван хаалт, Б.Батжавхлан 18 оноо, Б.Дорждамба 11 оноо, О.Сэргэлэн 10 оноо, долоон ашигтай дамжуулалт гүйцэтгэжээ.
Холбоотой мэдээ