Газрын тос боловсруулах үйлдвэр барих эхний гэрээг байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.10.03-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах үйлдвэр барих эхний гэрээг байгуулав

Газрын тос боловсруулах үйлдвэр барих эхний гэрээг байгуулав

Технологийн бус байгууламжийн инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил (EPC-1)” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд өчигдөр (2020.10.02) Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах эхний гэрээг цахимаар байгуулжээ.

Тус гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УУХҮЯ-ны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нар оролцсон байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь манай улсын нефть, химийн салбарын аж үйлдвэрийн суурь, шинэ технологид суурилсан үндэсний бүтээн байгуулалт болох юм.

Энэ үеэр Элчин сайд М.П.Сингх “Энэ өдөр Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг, хүний эрхийн төлөө тэмцэгч Махатма Ганди мэндэлсэн. Миний хувьд хоёр баярт үйл явдал давхардсан сайхан өдөр гэж бэлгэшээж байна. Энэтхэг, Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэв.

"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. Гэрээ байгуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж байна.

Энэ төсөл нь төлөвлөлтөөс бүтээн байгуулалтын шат руу шилжлээ гэсэн үг. Гэрээ байгуулахад дэлхий дахиныг хамарсан "Ковид-19" цар тахал цаг хугацааны хувьд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч манай хамт олон болон Энэтхэгийн талаас хүчин чармайлт гаргаснаар ийнхүү ажил хэрэг боллоо” гэжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт инженерчлэл, худалдан авалт, барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэх аж. Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажил хийх ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC Projects India” компани шалгарчээ. Тус компани үйлдвэрийн талбайд иргэний барилга байгууламж (Захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр),  ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэргийг барих юм байна.

EPC-1 төсөл хэрэгжүүлснээр үйлдвэрийн дараагийн технологийн барилга угсралтын ажил эхлэх суурь нь болох юм.

“JMC Projects India” нь дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга-угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 орчим жилийн туршлагатай компани бөгөөд Энэтхэг болон бусад улс оронд бүтээн байгуулалтын 50 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж