АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр (2020.10.02) коронавирусийн халдвар авснаа нийтэд зарласан билээ. Түүний нас, жин, хүйс зэрэг хүчин зүйлс нь шинжилгээгээр батлагдсан өвчин хүндрэх хамгийн эрсдэлтэй бүлэгт оруулж байгаа юм.
Трамп одоогийн байдлаар халуурсан гэдгээс өөр шинж тэмдэг хэлээгүй байгаа бөгөөд Цагаан ордны эмч Син Конли түүний бие сайн байгаа гэхээс илүү нарийн зүйл мэдэгдээгүй байна. Мөн тэргүүн хатагтай Меланиа Трампын бие ч сайн байгаа аж.
Нас
Трамп өдгөө 74 настай. Энэ нь насны хувьд коронавирусийн хамгийн эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа гэсэн үг. Өнөөг хүртэл цар тахлын халдвар авсан хүмүүсийн мэдээллийг судалж үзэхэд нас өндөр болох тусам өвчнөө даалгүй нас барах магадлал өсдөг байна.
Тухайлбал, зургадугаар сарын байдлаар 65-74 насны өвчтөнүүдийн 10.4 хувь нь нас барсан бол 18-29 насны өвчтөнүүдээс 0.1 хувь нь л нас баржээ. Мөн халдварт өвчний хяналт, сэргийллийн төвийн мэдээлснээр АНУ-д нас барсан 10 өвчтөн тутмын найм нь 65-аас дээш насныхан аж. Түүнээс гадна 65-74 насныхан халдвар авах магадлал залуу хүмүүсийнхээс тав дахин, нас барах магадлал 90 дахин их байгааг эрдэмтдийн судалгаа баталсан байна.
Илүүдэл жин
Хамгийн сүүлд хэмжиж үзэхэд Трампын жин 110 кг байжээ. Энэ нь түүний биеийн жингийн индекс 30.4 буюу илүүдэл жинтэй гэсэн үг аж.
Халдварт өвчний хяналт, сэргийллийн төвийн тогтоосноор биеийн жингийн индекс 30-аас илүү гарвал өвчин хүндрэх эрсдэл эрс өсдөг байна. Мөн тус төвийн судалснаар илүүдэл жинтэй хүн халдвар авах нь энгийн хүнээс гурав дахин их аж.
Эрчүүд цар тахалд илүү эмзэг
Дэлхий даяар цар тахлаар өвчилсөн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулан харьцуулж үзэхэд эрчүүд цар тахалд илүү эмзэг байгаа нь батлагджээ. АНУ-ын мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар хамгийн сүүлд тоолсончлон нийт нас барагсдын 54 хувь нь эрчүүд байгаа аж.
Дээрх мэдээлэл дээр насны ангиллыг нэмж үзвэл уг тоо илүү чухал санагдах болно. Тухайлбал, 65-74 насны эрчүүд АНУ-ын нийт нас барагсдын 61.2 хувийг эзэлж байна.
Гэхдээ Трамп бол энгийн өвчтөн биш билээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ