“Өв соёл, түүхгүй мэт авирлах намын дарга нараа хазаарлаасай”

Хуучирсан мэдээ: 2020.10.03-нд нийтлэгдсэн

“Өв соёл, түүхгүй мэт авирлах намын дарга нараа хазаарлаасай”

“Өв соёл, түүхгүй мэт авирлах намын дарга нараа хазаарлаасай”

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


ХУУЛЬ ЗҮЙН САЙД АА, ЕРӨНХИЙ САЙДТАЙГАА БИТГИЙ ТЭРСЭЛД

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хамгийн сүүлийн шинэ мэдээнээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ыг сонгуульд оролцуулахгүй байх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсныг та юу гэж харж байна вэ? Нэг хэсэг нь энэ үйл явцын ард танай намыг байгаа гэж буруутгаж, нөгөө хэсэг нь ХҮН төлөвшиж чадсангүй гэж шүүмжилж байна?

-Орон нутгийн  сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Ардчилсан намынхаа нэр дэвшигч залууст амжилт хүсч яриагаа эхлэх нь зөв болов уу. Харин ХҮН-ын талаар миний мэдлэг маш хомс, тэдний дотоод асуудлыг бүр ч мэдэхгүй. Шүүх дээр ямар маргаан ирээд, яаж шийдсэн талаар мэдээлэл алга, шүүхийн хүнээс асуувал дээр байх аа.

-Та энэ удаагийн орон нутгийн сонгуульд яагаад нэр дэвшсэнгүй вэ?

-Намынхаа залууст тусалж, ард нь ажиллая гэж бодоод дэвшсэнгүй. Манай намын хувьд энэ удаагийн сонгуульд залуус өргөн фронтоор орж байна, тэдэнд сургалт, зөвлөмж өгөх талаар идэвхитэй ажиллаж байна.

-Ардчилсан нам Н.Энхбаяр, Ж.Батзандан хоёртой нэгдэж, орон нутгийн сонгуульд оролцож байна. Танай намыг дэмжигчид төдийлөн таатай хүлээж авахгүй байна. АН дангаараа сонгуульд оролцож болоогүй юм уу? Ер нь танай намын рейтинг хэр байгаа бол?

-Нам маань сонгуульд дангаараа орж байгаа шүү дээ. Чиний нэрлэсэн бүх нам бас дангаараа орж байна. Бид албан ёсоор эвсээгүй, тэр тусмаа нэгдээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Сонгуульд дан дангаараа оронгоо хамтран ажиллах гэдэг эвсэхээс их өөр, гэхдээ байж болох нэг хэлбэр.

-Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дийлэнх нь залуучууд байна. Танай намын хувьд нэр дэвшигчдээ ямар шалгуураар сонгов?

-Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид маань эрч хүчтэй, туршлагатай залуус байгаа. Мэдээж, хуулийн дагуу эмэгтэйчүүд квотоороо орсон. Манай намын залуусын хувьд нэг онцлог бий. Манай нам дотор үе солигдох үзэгдэл бололгүй олон жил болсон. МАН бол 1930-аад оноос хойш хичнээн олон удаа үе солиод үзчихсэн институци байтал АН маань анх удаа энэ жил томоохон хэмжээнд үе сольж байна. Нэгэнт эхний үеийнхэн суурин дээрээ их удсан тул дараа үеийн залуус маань харьцангуй олон жил туршлага хуримтлуулах ажил хийсэн байна. Иймээс манай намын залуус бусад намынхаа залуусыг бодвол төрийн ажил, хувийн хэвшил болон нийгмийн ажлын асар их туршлагатай шинэ үе болон орж ирцгээж байна.

-Анх удаа АН сонгуульд үүрэг гүйцэтгэгчээр удирдуулж байна. Энэ нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх юм биш биз?

-Үүрэг гүйцэтгэгч даргатай сонгуульд орсон нь манай нам дүрмээ сахиж, процедурын дагуу ажиллаж буйг харуулж байгаа юм л даа, уг нь. Намын даргын сунгааг сонгуулийн өмнө явуулахад боломжгүй юм байна гэж шийдсэн. Тэгэхээр намын дарга албан ёсоор сонгогдоогүй бол үүрэг гүйцэтгэгчтэй л ажиллах нь дүрэмдээ нийцнэ. Дүрмийн бус, процедурын бус хуурамч даргатай сонгуульд орчихвол харин намдаа халтай болох байсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА


"ЭНЭ САРДАА БАГТААД "СААРАЛ ЖАГСААЛТ"-ААС ГАРАХААР АЖИЛЛАЖ БАЙНА"

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ын газар дээрх шалгалтын баг өчигдрөөс Монголд ажиллаж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд тус шалгалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ Монгол Улсыг стратегийн дутагдалтай гэсэн орны жагсаалтад өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд оруулж, зургаан үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, Нэгт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах; Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах; Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах; Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах; Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах; Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд багтсан.

Дээрх зургаан ажлаас гурвыг нь нэгдүгээр сард, үлдсэн гурвыг нь дөрөвдүгээр сард биелүүлснээр зургаан үүрэг даалгаврын бүгдийг нь  өнгөрөгч дөрөвдүгээр сард хангачихсан гэсэн үг.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын өөрийнх нь дотоод  үйл ажиллагааны дагуу газар дээр нь заавал ирж шалгах ёстой. Гэвч цар тахлын улмаас ирэх эсэх асуудал  нь тодорхой бус байсан. Манай улсын хувьд ирүүлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлснээр газар дээр нь ирж ажиллаж байна. Үндсэндээ ФАТФ газар дээрх шалгалтыг хоёр улсад хийж байгаагийн нэг нь Монгол Улс.

-ФАТФ-ын газар дээрх шалгалт хэрхэн явагдах вэ?

-Манай улсын өгсөн тайланг тодруулж, бид тайлангийнхаа дагуу ажилласан эсэхийг нягтлах л асуудал юм. Тэгэхээр үүрэг даалгаврыг биелүүлчихсэн байна гэдгийг өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон ФАТФ-ын хурлаас хэлсэн. Энэ хүрээнд газар дээрх шалгалтыг хийж, тодруулах ийм л ажил юм. Энэ сарын 20-ны үеэр ФАТФ-ын ээлжит хурал нь болно. Уг хурлаар манай улсад ажилласан шалгалтынхаа дүнг хэлэлцсэнээр бид саарал жагсаалтаас гарна.

-Та бүгдийн хувьд саарал жагсаалтаас гарах шаардлагуудыг бүрэн дүүрэн хангачихсан гэж үзэж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Манай улсад өгсөн зургаан үүрэг даалгаврыг өнгөрөгч дөрөвдүгээр сард биелүүлсэн байна гэж ФАТФ үзсэн. Гагцхүү газар дээрх шалгалт л хүлээгдэж байсан юм.

-Манай улс өмнө нь 2013 онд саарал жагсаалтад орж байсан. Энэ удаад саарал жагсаалтаас гарлаа ч дахиад орохгүй гэсэн баталгаа байна уу?

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт ФАТФ-ын 40 зөвлөмж, бодит байдал дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх үр дүнтэй байдал буюу шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийнхээ дагуу шалгадаг. Өмнө нь хийдэг байснаа дараа нь хийгээгүй байвал шалгалтад бүдэрнэ гэсэн үг. Тэгэхээр 2023 онд дахин ФАТФ-ын үнэлгээний баг ирж ажиллана. Тэр үед ч гэсэн манай улс ФАТФ-ын 40 зөвлөмж, 11 хэрэгжилтийн үзүүлэлтээ шалгуулах учраас одооноос бид тогтмол тогтолцооны бүтэцтэй болох ёстой. Өнөөдөр энэ бүтэц нь бий болчихсон,  40 техникийн зөвлөмжийн 37 нь хэрэгжиж байна. Гурав нь хагас үзүүлэлттэй байгаа. 2023 онд хагас гурван үзүүлэлтийг бүрэн хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Мөн 11 хэрэгжилтийн үзүүлэлтийг хангаад явж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМА


 “ХОЛЛИВУДЭД ҮГТЭЙ ДҮР АВНА ГЭДЭГ МАШ ТОМ БОЛОМЖ”

Монгол бүсгүй Холливудын “Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд тогложээ. Түүнийг Бямбадоржийн Хандсүрэн гэдэг. Тэрбээр жүжигчин мэргэжилтэй бөгөөд одоо АНУ-д гэр бүлийн хамт ажиллаж, амьдардаг. Авьяаслаг бүсгүй олон ангит кинонд эмнэлгийн даргын эхнэр буюу филиппин эмэгтэйн дүрд тоглосон байна. Уг цуврал нь АНУ-д шилдэг цувралаар шалгарч байгаа билээ. Түүнтэй цахимаар холбогдож, ярилцсанаа хүргэе.

 

-Юуны өмнө ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Б.Хандсүрэн гэдэг. АНУ-д 21 жил ажиллаж, амьдарч байна. Анх 1999 онд АНУ-ын Лос Анжелес хотод оюутан болохоор ирж байлаа. Би одоо Лос Анжелес хотын нисэх буудлын Байцаан өнгөрүүлэх газарт ажилладаг. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Мөн жүжигчний мэргэжлийн хичээл цагаар зааж, загварын шоу зохион байгуулдаг. Өнгөрсөн 2018 онд “Miss Hollywood Mongolia” монгол туургатны миссийн тэмцээнийг анх Холливудад зохион байгуулсан. Бас үл хөдлөх хөрөнгийн агентын төлөөлөгч хийдэг юм.

-Анх Украины Харьков хотод жүжигчин мэргэжлээр суралцах болсон тухайгаа ярихгүй юу?

-Арван жилийн сургууль төгсөхийн өмнө 1987 онд Хүүхэд, залуучуудын театрын найруулагч И.Нямгаваа улсын хэмжээнд 20 шижигнэсэн залуусыг шалгаруулж, хуучнаар ЗХУ-д жүжигчний мэргэжлээр суралцуулахаар болсон юм. Тэр 20 залуус дунд миний бие багтсан. Бид анх Москва хот руу явах байсан ч тухайн үед боломжгүй болж, Украины Киевт нэг жил хэлний бэлтгэлд суралцсан. Үргэлжлүүлэн Харьков хотын Урлагийн их сургуульд суралцахаар очсон юм. Тэнд суралцаж байхдаа Украин хэл дээр уран уншлагын тэмцээнд оролцож, дэд байр эзэлж байж билээ. Миний хувьд 23 дугаар сургуулийг орос хэлтэй төгссөн учраас хэлний ямар нэгэн бэрхшээлгүйгээр украин хэл дээр шүлэг уншиж, амжилттай оролцсон юм. Тухайн үед Н.Наранцэцэг эгч маань Ленинградын Театрын академид найруулагчийн мэргэжлээр суралцаж байсан. Тэрбээр 1980-аад онд Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан. Мөн алдарт Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн гол дүрээрээ олны сэтгэлд хоногшсон уран бүтээлч. Тэр эгч дипломын ажлаа хийхдээ мэргэжлийн жүжигчнээр суралцаж буй бидэн дээр ирж, өөрийнхөө жүжигт оролцуулах дүрийнхээ сонголтыг хийж, бид Ленинград хотод очиж байсан.

-Ажлынхаа гарааг Хүүхэд, залуучуудын театраас эхэлсэн үү?

-Би 1992 онд Украинаас их сургуулиа төгсч ирээд, гурван газар ажиллах хүсэлт хүлээн авсан. Мэдээж Хүүхэд, залуучуудын театрын нэрний өмнөөс гадаадад их сургуульд суралцсан болохоор тэнд жүжигчнээр ажиллах хүсэлт авсан. Тэрнээс гадна Соёлын яам болон Соёл урлагийн их сургуульд багшлах санал ирж байсан. Аав, ээж маань боловсролын салбарт олон жил ажилласан хүмүүс байсан учраас намайг багш болохыг зөвлөсөн. Миний хувьд сургуульдаа 1992-1995 он хүртэл багшилсан даа.

-Харьков хотын Урлагийн их сургуульд суралцаж явсан нэгэн үеийн найзуудаасаа нэрлээч?

-Нэг үеийн жүжигчид гэвэл сүүлд “37 дугаар точка” олон ангит киноны Долгорын дүрд тоглосон жүжигчин Ж.Амарзаяа, Соёлын яамны мэргэжилтэн З.Баянзул, жүжигчин Б.Эрдэнэчимэг нар маань байна.

-Монголд байхдаа тайз, дэлгэцийн бүтээлд тоглож байсан уу?

-Намайг 1990-ээд онд Соёл урлагийн их сургуульд багшилж байхад олон кинонд тоглох урилга ирдэг байсан. Багш хүн оюутнууддаа зөв үлгэр дууриалал үзүүлэхийн тулд гоё дүрээ олох ёстой. Тухайн үедээ нийгэм бас тогтворгүй байсан учраас миний санаанд яг нийцсэн дүрүүд байгаагүй. Гэхдээ “Гарын таван хуруу” киноны Шагдар буюу Л.Лхаасүрэн багш маань намайг нэг киноны жижиг дүрд тоглуулж байсан. Гэвч би одоо тэр киноныхоо нэрийг санахгүй байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж