АНУ-Монголын стратегийн түншлэлийн тухай тогтоолыг Конгрессийн төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хороо энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр дэмжин баталжээ.
Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэр баталсан Хамтарсан тунхаглалд хоёр талын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан юм.
Стратегийн түншлэл /Strategic partnership/ бол тухайн хоёр улсын хүрч болохуйц хамгийн өндөр дээд түвшний харилцаа бөгөөд стратегийн түншлэгчид нь нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд биет болон оюун санааны нөөцөө харилцан хуваалцах талаар урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан талууд юм.
АНУ дэлхийн 16 улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байсан бол өнгөрсөн онд Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын явцад Америкийн тал манай улсыг 17 дахь стратегийн түншээрээ сонгосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөлөө гэж шинжээчид тухайн үед дүгнэж байв.
Манай улсын стратегийн түншлэл бүхий тав дахь улс нь АНУ болсон. Өмнө нь Монгол Улс ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэсэн дөрвөн улстай стратегийн түншлэлийн харилцаатай байснаас Хятад улстай стратегийн иж бүрэн түншлэл тогтоосон билээ.
Холбоотой мэдээ