Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд байгаа 2-6 насны хүүхдүүдийг Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэг өдрийн цагаар хүлээн авч, хөгжлийн хөтөлбөрт хамруулахаар боллоо.
Энэ асуудлаар өчигдөр /2020.10.01/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Б.Батсүрэн, 186 дугаар тусгай цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмөнх нар уулзаж, санал солилцон хамтран ажиллах гэрээг үзэглэхээр боллоо.
Уулзалтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Сүүлийн үед хүүхдүүд тэр дундаа бага насны хүүхдүүд гэр бүлийн болон үл хайхрах хүчирхийлэлд өртөх нь их байна. Манай агентлагийн дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ирэх хүүхдийн тоо буурахгүй байна. Зарим хүүхэд ирээд нэг хонож байгаа бол зарим нь хэдэн сараар байдаг. Тэдгээр хүүхдүүдийг Түр хамгаалах байранд байх хугацаанд манай ажилтнууд асарч, эрүүл мэндийн болон нийгэм сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулдаг. Сургуулийн насанд хүрсэн хүүхдүүдийг Насан туршийн боловсрол үндэсний төв болон Түр хамгаалах байртай ойрхон байдаг Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран аль болох хичээл номыг нь завсардуулахгүй байх тал дээр анхаардаг. Харин бага насны хүүхдүүдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулж тэр бүр чаддаггүй. Өнгөрсөн жил манай агентлаг та бүхэнтэй хамтран ажиллаж түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулж байсан. Их үр дүнтэй байсан. Энэ ажил хоёр дахь жилдээ үргэлжлэх гэж байгаад баяртай байна. Манай саналыг хүлээн авсан та нартаа баярлалаа” гэсэн юм.
Мөн Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Б.Батсүрэн “Уг нь нь Түр хамгаалах байр өдөрт 22 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Гэвч ачаалал өндөр байдаг. Манайх хоногтоо 40-өөс дээш хүүхдэд үйлчилгээ үзүүлж, маш их ачаалалтай ажиллаж байна. Иймээс та бүхэн Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд байгаа 2-6 насны хүүхдүүдийг цэцэрлэгтээ, хөгжлийн хөтөлбөрт хамруулахаар болсон талархаж байна” гэв.
186 дугаар тусгай цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмөнх Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хоёр дахь удаагаа хамтарч ажиллах гэж буйдаа мөн л баяртай байгаагаа илэрхийлж “Манай тусгай цэцэрлэг 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 80 гаруй хүүхэд хөгжлийн хөтөлбөрт хамрагдаад явж байна. Бидний хувьд дотоод хүчин чадал, нөөц боломжоо ашиглаад Түр хамгаалах байранд байгаа 2-6 насны 10 хүртлэх хүүхдийг авч, хөгжлийн хөтөлбөрт хамруулах боломжтой. Бид өмнө нь хамтарч ажиллаж байсан болохоор бие биедээ тулгардаг асуудлуудаа маш сайн мэднэ” гэж байв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгтэй гэрээ байгуулснаар ирэх долоо хоногоос эхлэн Түр хамгаалах байранд байгаа 2-6 насны хүүхдүүд хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж эхлэх юм.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар
Холбоотой мэдээ