Дэлхийн 216 улсад зөөвөрлөгдөөд буй коронавируст халдварын цар тахлын аюул одоо ч намжаагүй байна. Монгол Улсын хувьд халдварыг дотоодод алдаагүй ч гадаадаас зөөвөрлөгдсөн 313 тохиолдол бүртгэгдээд буй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд галын шугамд ажиллаж буй төрийн алба хаагчдад нэг удаагийн хамгаалах хэрэгслийн хувцас, амны хаалт зэргийг ДЭМБ-аас болон бусад улс орноос манай улсад хандивлаж байв. Энэ удаа Тайванийн Засгийн газраас ХӨСҮТ-д 400 мянган ам.долларын үнэ бүхий нэг удаагийн хамгаалах хэрэгслийн хувцас хандивлалаа. Буцалтгүй тусламжийг Улаанбаатар дахь Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.Лүө ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд өнөөдөр /2020.10.02/ гардуулж өглөө.
Тайваниас галын шугамд ажиллаж буй эмч, албан хаагчдад зориулж ХӨСҮТ-д тусгаарлалтын бүсэд ашиглах эмнэлгийн зориулалтын 5000 хамгаалах хувцас болон 20 мянган ширхэг халдвар хамгааллын хувцас хандивлаж байгаа юм. Үүнийг ХӨСҮТ-д болон бусад эмнэлэгт хуваарилна.
ЭМНЭЛГИЙН НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЖ, ИРГЭД СОНОР СЭРЭМЖЭЭ АЛДАХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Коронавируст халдвар Томуу, томуу төст өвчний улиралтай давхцаж буй энэ үед бид хамгаалах хэрэгслийн хувцас хэрэгслийн нөөцөө хангалттай бэлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хамгаалах хэрэгслийн хувцсыг бид аравхоёрдугаар сар хүртэл хэрэглэхээр нөөцөлж тодорхой хуваарь гаргасан. Тайваниас хандивлаж буй 400.000 ам.долларын тусламжийг зөвхөн ХӨСҮТ хэрэглэхгүй. Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын шийдвэрээр тодорхой хуваарь гаргана. Тусламжаар өгч буй хамгаалах хэрэгслийн хувцас нь чанарын дээд төдийгүй өндөр өртөг бүхий тэрбум гаруй төгрөгийн үнэтэй их хэмжээний хандив юм. Тус улсаас өмнө хандивлаж байсан амны хаалт ч бас маш сайн чанартай байсан. Цар тахлын үед хамгийн гол нь эмнэлгийн хэрэгсэл, маск, оношлуур, хамгаалах хэрэгслийн хувцасны нөөцийг бүрдүүлж зөв хуваарилсан байхад эрсдлийг давж гарах, айдас сандралаас авардаг. Иргэд ч бас сонор сэрэмжээ алдалгүй амны хаалт зүүж, гараа тогтмол угаах нь чухал. Манай улс халдварыг дотоодод алдаагүй тул өнгөрсөн хугацаанд тайвширсан. Одоо хүйтний улирал эхэлж байгаа учраас хүн бүр алдаа гаргаж болохгүй, халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв нэг хүн алдаа гаргавал хэчнээн олон хүн халдвар авч, орон даяар голомтлон тархахыг үгүйсгэхгүй. Дэлхийн улс орнуудын жишээ ч байна. Монгол Улс халдварыг дотооддоо алдсан тохиолдолд хуурай өвсөнд дүрэлзэх галтай адил маш хурдацтай тархана. Иймд энгийн боловч маск зүүж, бээлий өмсөх, гараа ариутгаж дадвал халдвараас сэргийлнэ.
ХАНДИВААР ОЛГОЖ БУЙ ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ҮНЭ БИШ ЧАНАР НЬ ЧУХАЛ
Улаанбаатар дахь Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.ЛҮӨ:
Монгол Улсад хоёр удаагийн хандивыг буцалтгүй тусламжаар олгож байна. Энэ удаагийн хандиваар олгож буй эмнэлгийн хамгаалах хэрэгслийн хувцас өндөр үнэтэй ч халдвар хамгааллын үед зайлшгүй хэрэглэх хувцас юм. Хэдийгээр Монгол Улс дотоодод халдварыг алдаагүй ч гадаадын улс орнуудаас иргэдээ тусгай нислэгээр татан авч байгаа тул халдвар зөөвөрлөгдөх эрсдэлтэй. Иймд хамгаалах хэрэгслийн хувцасыг хандивласнаар галын шугамд ажиллаж буй эмч, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалж чадна гэж үзэж байна. Энэхүү хандивийн хамгаалах хэрэгслийн хувцас нь өндөр өртөгтөө биш АНУ, Европын лабораториудад шинжилгээгээр батлагдаж, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн чанарын өндөр зэргийг хангасан байгаа юм. Цар тахлыг бид хамтдаа даван туулах болно гэлээ.
Б.ЦЭЦЭГ