Хэрэвзээ Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр олны нүдэн дээр эв түнжин хагарсан мэт үнэхээр мундаг жүжиглээгүй юм бол тэдний эрх ашиг салсан нь Ерөнхийлөгчийн намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгнээс нь уншигдав. Ерөнхийлөгчийн илтгэл тэр чигтээ У.Хүрэлсүхийн намыг болоод Засгийн газрыг нь онилжээ. Өмнө нь тэрбээр МАНАН-г устгах, шударга ёсыг тогтоох, хуулийн байгууллагыг шинэчлэх, эрс шинэчлэлт хийхийг чуулганы нээлт, хаалт дээр хэлсэн үгэндээ тодотгодог байлаа.
Өчигдөр эдийн засаг, экспорт, төсвийн алдагдал, үргүй зардалын тухай хөндсөн нь Ерөнхийлөгч болсноос хойшх үнэмлэхүй олонхыг шүүмжилсэн анхных нь үг байв. Үнсэндээ дээлийн хээ, архины сав, баглаа боодол ярьсан УИХ-д хандаж хэлсэн түүний үг худлаа биш, анхааруулга нь ч зөв. Гэхдээ эцсийн эцэст улс орны эдийн засаг хямарч, экспортын орлого буурч, сөрөг хүчин үгүй болсон нь түүний өнгөрсөн жилүүдэд хийсэн хар пиар хийгээд улс төртэй нь холбоотой юм.
“Баянхонгор аймгийн Жинст суманд сургуулийн 150 ортой дотуур байранд 41 хүүхэд амьдардаг байх жишээтэй. Бодит хэрэгцээнээс гурав дахин том дотуур байр барьчихсан байна. Аймгийн төвд шинэ суурьшлын бүс гэх ганц ч айл байхгүй, дэд бүтэцгүй хээр талд өрхийн эмнэлгийн 2.4 тэрбум төгрөгийн үнэтэй байшинг жилийн өмнө бариад цоожилчихсон мөртлөө хажууханд нь зургаан тэрбумын өртөгтэй сургуулийн барилгыг бариад дуусгах шатандаа явж байгаа”-г Ерөнхийлөгч дөнгө өнөөдөр л олж харж байгаа нь харамсмаар.
Анх Ардчилсан намын үед, Н.Алтанхуягийн засгийн эхлүүлсэн Баянхонгор аймагт хэрэгжүүлсэн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа Х.Баттулга өөрөө хариуцаж байсан “Шинэ сум” төсөл бол үнэндээ “Ямар ч дэд бүтэцгүй, хүнгүй газарт сургууль, эмнэлэг барьсан ийм утгагүй, хоосон, үрэлгэн бүтээн байгуулалт” байв. “Шинэ сум” төслийн хүрээнд Баянлиг, Бууцагаан гэх хоёр суманд “үрэлгэн бүтээн байгуулалт” хийхэд 10, 10 тэрбумыг лав төсвөөс зарцуулсан. Гээд шинэ сум төсөл хэрэгжүүлж, төсвийн хэдэн арван тэрбум төгрөг зарцууллаа гээд өөрийнх нь хэлснээр “Сумдад ажлын байр байхгүйгээс иргэд төв рүү шилжих явц зогсохгүй, улам эрчимжиж нутаг эзгүйрч байгаа” нь үнэн. Том төслүүдээ хэрэгжүүлэхгүй гацаагаад, ардчилал хүний эрх, бизнесийн эрх чөлөөнд халдаад байвал зөвхөн хөдөө орон нутгаар зогсохгүй Монголд хүн тогтохгүй болж байна.
Ерөнхийлөгч овоолсон шороо болгоод орхисон Гашуунсухайтын төмөр зам уг нь экспортын гол орлогын үүд байсан. Гэтэл урагшаа гол зах зээл рүүгээ биш хойшоо Владивостокоор 4000 километр газраар нүүрсээ зөөнө гэж яриад сэвээд байгаа хүн нь манай Төрийн тэргүүн өөрөө шүү дээ. Товчхондоо, эдийн засгийн гол гацаагч нь өнгөрсөн хугацаанд өөрөө байснаа олж ухаарсан болов уу.
“Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирсэн” нь үнэн. “Би хувьдаа үүнийг дээр дооргүй сөрөг хүчний ямар ч хяналтгүй болчихсон, олонхоороо түрэмгийлж асуудлыг шийддэг болчихсоны үр дагавар гэж харж байна” гэх Ерөнхийлөгчийн үгтэй олон хүн санал нийлэх ч байх, гэхдээ сөрөг хүчнийг хүчгүйдүүлж, Ардчилсан намыг хэн ч биш болгосон гол буруутан нь Х.Баттулга.
Өнгөрсөн жилүүдэд экспортын орлогыг нэмэгдүүлж ажлын байр бий болгож,том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн бүх хүнээ шоронд аваачаад хорьчихсон. Дээр нь экспортын төмөр замын төслийг хятад танк цэргээр айлгаж, хэчнээн жилийг алдав. Алдаагаа Ерөнхийлөгч ухаарсан байж болох ч алдсан он жилүүдэд орж ирэх ёстой байсан ам.долларыг нөхөж чадна гэж үү!
“Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ” гэх Ерөнхийлөгчийн уулга алдалтын хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгээдээ “Дэлхийн боловсролын шилдэг ололтоос авахыг нь авч, өөрийнхөө боловсролын шилдэг арга барил, онцлогийг шингээсэн, дэлхийн тэргүүлэх түвшинтэй эн зэрэгцэхүйц Монгол боловсролын сайн тогтолцоог бүрдүүлэх бодлого боловсруулах чиглэлд хамтран ажиллах болсныг тэмдэглэж хэлье. Энэ бол зөв жишиг, дэмжихүйц үйл ажиллагаа” болохыг онцлов.
Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахын сацуу шударга шүүх, шүүгчтэй болох баталгаа болсон Шүүхийн тухай багц хуулиудыг батална. Шүүх сахилга хариуцлагын хороотой болсноор шүүхийн хяналт сайжрах учир ҮАБЗ-өөс хяналт тавих шаардлагагүй болж, уг хууль нь хүчингүй болох”-ыг тодотгосон нь Ерөнхийлөгчид хандсан үг байв. Энэ бол ҮАБЗ дэх гурван монгол зодолдож эхэлсний илрэл байж болох. Спикерийн тодотгосон “Эрх зүйн шинэчлэл-2”-ийн хүрээнд хууль, шүүхийг Ерөнхийлөгч Х.Баттулгын гараас авах бололтой. Өмнө нь МАН-ын явуулсан эрх зүйн шинэчлэл нь үндсэндээ М.Энхболдыг огцруулахад чиглэгдсэн билээ.
Өчигдрийн чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Г.Занданшатарын парламент, У.Хүрэлсүхийн засаг руу сумаа тавьж, УИХ-ын дарга “Ард түмнээ төлөөлөх, хариуцлагатай, ёс зүйтэй байхын үлгэр жишээг харуулах эрмэлзлээр манай гишүүд дүүрэн байгаа”-г амлалаа. Тийм ч байгаасай, үнэндээ тэр дээлийн хээ, архины сав, архины цэг мэг бол УИХ-ын гишүүдийн хийх ёстой ажил биш.
Нийгэм дэх хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурал, хавтгайрсан халамж, улс төрийн хэлмэгдүүлэлт, эдийн засгаа хөгжүүлэх, том төслөө хөдөлгөх, хөрөнгө оруулалт татах гээд хуулийн эрх зүйн олон шинэчлэл хүлээгдэж байхад гишүүд жижигхэн, ахуйн асуудлаар хөөцөлдөөд байгааг Ерөнхийлөгч зэмлэхээс яах билээ.
Эцэст нь, ҮАБЗ-ийн гурван гишүүн Ардын жүжигчид биш л бол ашиг сонирхол нь хагарчээ л гэж харагдлаа.