БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дүү Ким Ё Жоны хамт үерээс болж хохирсон нутгуудыг эргэжээ. Ким Ё Жон ийнхүү олны өмнө дахин гарч ирсэн нь зарим хүмүүсийн цуу яриа худлаа байсныг баталж байна. Тухайлбал, Ким Ё Жон үүнээс өмнө хоёр сар олны өмнө гарч ирэлгүй нам жим байсанд зарим хэвлэлүүд түүнийг өвдсөн, тэр байтугай цаазаар авуулсан ч байж магадгүй хэмээн мэдээлж байсан юм.
Ким Жон Ун дүүтэйгээ хамт Кимхуа нутгаар зочлон барилга байшингуудыг сэргээн засварлах ажлын хурдыг сайшаалаа хэмээн төрийн мэдээллийн KCNA агентлаг мэдээлсэн байна. Энэ оны зун БНАСАУ-д хар шуурга, сар гаруй үргэлжлэн орсон бороо, үер гэх мэт гамшгууд тохиолдож, ард иргэд ихээр хохирч, олон барилга байгууламж сүйдсэн билээ. Түүнээс гадна ургац хураах цагаар үер болсонд хүнсний хомсдол үүсэх аюул тулгараад байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Ким Жон Ун сэргээн босгох ажил хурдтай үргэлжилж буйг сайшаан магтсан ч шинэ барилгууд нэг хэвийн байгааг шүүмжилсэн гэнэ. Тэрбээр “Хурд хэдий чухал ч гэлээ хүрээлэн буй орчноо мэдэрсэн урлагтай, үзэмжтэй барилгууд барьсан бол сайхан байх байжээ” хэмээн ярьсан аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ