Хятадыг Ирантай холбосон төмөр замыг Даваа гаригт /II.15/ нээж, эхний галт тэргээр ачаа тээвэрлэн иржээ. Хятадыг Ирантай холбосон төмөр зам нь эртний “Торгоны зам”-ыг сэргээх Бээжингийн төслийн нэг хэсэг аж.
Хятадын зүүн хэсгийн Зежян мужаас 32 чингэлэг бараа ачин хөдөлсөн галт тэрэг Казахстан, Туркменистанаар дамжин Иранд ирсэн байна. Галт тэрэг нийт 9500 км замыг 14 хоног туулан Иранд ирж байгаа аж. Энэ нь Шанхайгаас Ираны Бандар Аббас боомт хүртэл тэнгисээр бараа тээвэрлэснээс 30 хоногоор бага хугацаа зарцуулж байгаа аж. Галт тэрэг сард нэг удаа Хятадаас Иранд бараа тээвэрлэн авчирч байх гэнэ. Хятадын албаныхан галт тэрэгний замыг цааш Европ хүргэх зорилготой байгааг нээлтийн үеэр мэдэгджээ.
Ираны Хятадтай хийж байгаа худалдааны ихэнхийг нефтийн экспорт эзэлдэг байна. Хятадын дарга Си Жинпин өнгөрсөн нэгдүгээр сард Иранд айлчлах үеэр ерөнхийлөгч Хассан Роуханитай хоёр орны эдийн засгийн харилцааг ирэх 10 жилд 600 тэрбум ам.долларт хүргэхээр ярилцжээ.
Хятад нь эртний худалдааны маршрут “Торгоны зам” сэргээх “нэг бүс- нэг зам” төслийг эхлүүлээд байгаа юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE