Гэмт хэргийн улмаас өнгөрсөн сард 114 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн улмаас өнгөрсөн сард 114 хүн нас баржээ

Улсын хэмжээнд 2016 оны нэгдүгээр сард 2550 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 410 хэргээр буюу 13.9 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 196 хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг 75, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 60 зэрэг гэмт хэрэг буурсан нь голлон нөлөөлсөн байх юм. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 880 хүн гэмтэж, 114 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 111 буюу 11.2 хувь, нас барсан хүн 55 буюу 32.5 хувиар буурсан байна.

ТӨРӨЛТ БУУРЧЭЭ

Энэ оны нэгдүгээр сард 6275 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6304 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 393 буюу 5.9 хувь, хүүхэд 417 буюу 6.2 хувиар буурсан байна. Нялхсын эндэгдэл нэгдүгээр сард 121 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхэд буюу 2.5 хувиар өсч, 1-5 хүртэлх насандаа 140 хүүхэд эндэж, нэг хүүхэд буюу 0.7 хувиар буурчээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид  2016 оны 1 дүгээр сард 5908 болж, өмнөх оны мөн үеийнхээс  2761 хүн буюу 87.7 хувиар нэмэгдэхэд  вирүст хепатитаар өвчлөгчид 33 буюу 36.7 хувь, сүрьеэгээр өвчлөгчид 98 буюу 25.7 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 2723 хүн өвчилсөн нь нөлөөлсөн байна.

ХАМГИЙН ИХ ХУР ТУНАДАС МАНХАН СУМАНД ОРЖЭЭ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр 2016 оны нэгдүгээр сард хамгийн их хур тунадас Ховд аймгийн Манхан суманд 7.8 мм-т хүрсэн байна. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хамгийн их температур 5.6 хэм, Завхан аймгийн Отгон суманд хамгийн бага температур -55.0 хэмд хүрлээ.   

ОБЪЕКТЫН ТҮЙМРИЙН УЛМААС ДӨРВӨН ХҮН НАС БАРАВ

Аюулт үзэгдэл, осол 383 удаа гарч, таван хүн амь насаа алдаж, 216  мал, амьтан хорогджээ. Харин объектын түймэр 357 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин долоон удаа, хонины цэцэг өвчин есөн удаа  бүртгэгджээ. Объектын түймрийн улмаас 1.2 тэрбум төгрөг, аюулт үзэгдэл, осолд нийт 20.8 сая төг зарцуулсан байна.  Объектын түймрийн улмаас дөрвөн хүн, бичил уурхайн нурангийн ослын улмаас нэг хүн амь насаа алджээ. Харин аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 134-өөр буурсан сайн мэдээ байна.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж