Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.10.01/ мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид сүүлийн хоёр хоногт нийт 1455 сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй. Үүнийг задалбал,
- Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор энэ сарын 16-нд ирсэн 262 хүний давтан шинжилгээ
- Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор есдүгээр сарын 27-нд ирсэн 227 хүний шинжилгээ
- Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор есдүгээр сарын 17-нд ирсэн 225 хүний давтан шинжилгээ
- Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор есдүгээр сарын 29-нд ирсэн 15 хүн
- ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 2 хүн
- Дундговь аймагт тусгаарлагдаж буй 36, Дорноговь аймагт тусгаарлагдсан 139, Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 16 хүн
- Ачаа тээврийн 53 жолооч
- Сайн дурын 1 хүний шинжилгээний хариу тус тус сөрөг гарч коронавирус илрээгүй байна
Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь буюу 98 хувь эмчлэгджээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдвараар өвдсөн зургаан хүн эмчлүүлж байна.
ДОЛОО ХОНОГТ 4240 ХҮНИЙ СОРЬЦ СӨРӨГ ГАРЧ, ДӨРВӨН ХҮН ЭДГЭЛЭЭ
ХӨСҮТ-д сүүлийн долоо хоногт нийт 4240 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Энэ долоо хоног дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжжээ. Тодруулбал, 45 болон 21 настай эрэгтэй, 62 болон 84 настай эмэгтэй хүн өвджээ.
4 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДҮҮД ТОМУУГААР ӨВДӨЖ БАЙНА
Томуу томуу төст өвчний эсрэг вакциныг энэ сарын 1-10-н хүртэл хийх юм. Вакцинд хамрагдах ёстой эрсдэлт бүлэгт бага насны хүүхдүүд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч ажилчид хамрагдаж байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр БНСУ, Бразил улсад үйлдвэрлэгдсэн, найрлага адилхан, ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн нийт 300 мянган хүн тун вакцин манай улс хүлээн авчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаагийн хэлэхдээ “Томуугийн тархалт өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 4.2 хувьд томуу, томуу төст өвчин эзэлж байна. Томуугийн халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байгаа юм. Хүн амын дунд томуугийн реновирусийн халдвар түгээмэл байна. Амьсгалын замыг цочмог халдварт өвчин дэлхий дахин болон Монголд эмнэлэгт хэвтэх нэмэгддэг. Иймд вакцинд хамрагдахаас гадна амны хаалт зүүж, гараа тогтмол угааж халдваргүйжүүлэх шаардлагатай байна. Коронавируст халдварын дэгдэлтийн үед хүн амын дунд маскны хэрэглээ өндөр байсан бол одоо сулрах хандлагатай байна. Амны хаалт зүүж хэвших нь амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлнэ. Хэрэв томуугийн шинж тэмдэг илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Thursday, October 1, 2020
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ