Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас сэргийлэх ажилд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр /2020.10.02/ танилцууллаа.
НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.ХОНГОР:
-НМХГ-ын даргын 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад хяналт шалгалт хийлээ. Ерөнхийдөө нийслэлд согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан 1021, кафе 225, баар 945 буюу нийтдээ 2191 байгууллага бий. Баарны хувьд дотроо таван төрөл. Үүнээс диско баар 69, караоке баар 313, бүжгийн баар 12, спорт баар 18 байгаа бол үлдсэн 533 нь энгийн үйлчилгээтэй паб, баарууд юм.
Хяналт шалгалтын явцад нийт 21 ААН, гурван иргэнд нийт 20 сая 290 мянган төгрөгийн торгууль, зургаан ААН-д 77 заалт бүхий албан шаардлагыг хүргүүлсэн.
Мөн стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зургаан баарны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Мөн кафед үйл ажиллагаа явуулж байсан караокены үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн соёл урлагийн газарт хүргүүлсэн. Дээрх зөрчлүүдийг ангилан үзвэл,
- ААН-үүдээс цаг хэтрүүлсэн зөрчил 12,
- Стандартын шаардлага хангагаүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан арван зөрчил,
- Улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй хоёр зөрчил дээр арга хэмжээнүүдийг авч ажилласан.
НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.ОДОНЧИМЭГ:
-Есдүгээр сарын 26-29-ны өдрүүдэд нийслэл болон дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж дууслаа. Шалгалтад нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 17 тайчих баар, 49 диско баар буюу нийт 66 баар шалгалтад хамрагдсан. Дээрх байгууллагууд нь бүгд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай эрхтэй.
Хяналт,шалгалтын явцад 58 баар үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө мэргэжлийн байгууллаагар ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн. 48 баар ажилчдын биеийн халууныг үзэж бүртгэлжүүлсэн буюу зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Гэтэл мэргэжлийн байгууллагын шаардлагыг хэрэгжүүлэхгүй, дотоод хяналт хангалтгүй байгаа газрууд байна. Тухайлбал,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн "Bananа" bar", "S13" bar, "Venus "bar , "{azino" bar
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Best disco" bar, "Rich disco" bar, "888" bar гэхчлэн байгууллагууд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай сайн хийж гүйцэтгээгүй. Тиймээс цаашид мэргэжлийн байгууллаагас өгч байгаа зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ