Хятадууд энэ долоо хоногт “өшөө авна”

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Хятадууд энэ долоо хоногт “өшөө авна”

Хятадууд энэ долоо хоногт “өшөө авна”

БНХАУ-ын хотууд энэ долоо хоногт дотоодын аялалаас маш их хэмжээний шууд орлого олох бэлтгэлээ бүрэн хангажээ. Цар тахалтай холбоотойгоор олон улс хилээ хааж, аялал жуулчлалын салбар өвдөг сөхөрч буй үед БНХАУ байгуулагдсаны ойн баяр  тохиож, дотоодын сая аялагчид энэ амралтын өдрүүдээр Хятадад аялаж, хөл хорионоос “өшөө авахаар” бэлдэж буй нь бизнесүүдийн хувьд алдаж болохгүй том боломж юм.

Алтан долоо хоног хэмээн нэрлэдэг тус баяр өчигдөр/2020.10.01/ эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 550 сая орчим аялагчид нэгэнт замдаа гарсан гэнэ. Энэ тоо амралтын өдрүүдээр улам нэмэгдэх төлөвтэй байгаа ч өнгөрсөн жилийн бараг 800 сая аялагчаас давах эсэх нь одоохондоо эргэлзээтэй байгаа юм.

Эл баяраар хятадууд долоо хоног амардаг хэдий ч энэ жилийн хувьд намрын дунд сарын баяр үргэлжлүүлэн таарч байгаа тул найм хоног амрах аж. Энэ жил дотоодын аялагчдын тоо өмнөх жилүүдийнхээс цөөн байж магадгүй ч бусад орнууд цар тахлаас ангижирч чадаагүй, дэлхий нийтийн аялал жуулчлал 2024 оноос нааш өмнөх түвшиндээ хүрэхгүй хэмээн тооцоолж байгаатай харьцуулбал гайхалтай өндөр тоо.

Ямартай ч есдүгээр сарын 14-ний байдлаар баярын өдрүүдийн дотоод нислэгүүдийн захиалга өнгөрсөн жилийнхээс давсан, зочид буудлуудын үнэ ойролцоогоор 20 хувь өссөн хэмээн БНХАУ-ын хамгийн том цахим захиалгын сүлжээ Qunar.com мэдээлжээ. Иймд онгоцоор аялах дотоод аялагчдын тоо өнгөрсөн жилийнхээс 10 хувиар нэмэгдэн 15 саяд хүрч, зочид буудлын захиалгууд өнгөрсөн жилийнхээс 50 хувиар нэмэгджээ.

Дотоодын аялал жуулчлалын салбар эргэн сэргэж байгаа нь цар тахлаас болж бүх хотуудад хөл хорио зарлаж байснаас найман сарын дараа БНХАУ-д амьдрал ийнхүү урьдынх шигээ хэвийн болж байгаагийн баталгаа юм. Шинэ халдварын тоо хоёр дахин буурч, цар тахал анх дэгдсэн Ухань хотын зарим иргэд ч маск зүүхээ больж эхэлснээс үзвэл иргэд байдал бүрэн хяналтад байгаа гэдэгт итгэх болсон байна. Түүнээс гадна Ханжөү хотын метронууд өнгөрсөн долоо хоногоос зорчигчдын халууныг үзэж, биеийн байдлыг шалгахаа албан ёсоор зогсоосон аж.

Ажиглагчид “Иргэдийн хөл хорионоос “өшөө авах” гэсэн дэврүүн хүсэл зорилгын ачаар БНХАУ-ын аялал жуулчлалын салбар эрс сэргэх төлөвтэй байна” хэмээн дүгнэж байгаа гэнэ.

Өшөө авах гэдэг үг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон сонсогдож байгаа. Энэ нь олон сар хөл хорионд байж, үнэтэй зүйл худалдан авах, зугаа цэнгээний газруудаар явах, аялаж зугаалах боломжгүй удсан иргэдэд боломж гарч ирж буй, удаан мөрөөдсөн зүйлсээ биелүүлэн “цангаагаа тайлж”, хүссэнээрээ худалдан авалт хийх, олон газраар аялаж, амттай хоол идэх гэсэн чин хүсэл эрмэлзлийг илэрхийлж буй.

БНХАУ-ын аялал жуулчлалын яамны мэдээлснээр үйлчлүүлэгчдийн халууныг шалгах, нэг дор олон хүн цуглуулахгүй байх, зай барих гэх мэт дүрмүүд хамгийн олон хүн татдаг газруудад хэвээр үлдэж, нийт хүчин чадлынхаа 75 хувиар нь ажиллахыг бүх үйлчилгээний байгууллагуудад үүрэг болгожээ.

Нөгөө талаар БНХАУ-ын хотууд ийнхүү асар их орлого олохдоо бэлдэж байхад баяраар хятадуудын хамгийн их очдог Тайланд, Япон, Вьетнам зэрэг улсууд маш их мөнгийг “шилний цаанаас хараад л” өнгөрөх нь. Хятадууд гадаад улсуудаар аялаж байхдаа санаанд оромгүй их мөнгө үрдэг гэсэн судалгаа, дүгнэлт бий. Тухайлбал, 2019 оны эхний хагаст л гэхэд гадаад орнуудаар аялаж буй хятад жуулчид 128 тэрбум орчим ам.доллартай тэнцэх мөнгө үрсэн гэдгийг Хятадын гадаад валютын захиргааны газар баталжээ.

Хэдийгээр БНХАУ-ын аялал жуулчлалыг дагаж эдийн засаг сэргэж байгаа нь сайшаалтай ч, олон сая хүн аялах нь цар тахлын сэдрээх хөшүүрэг болох вий гэсэн айдас олныг түгшээсэн хэвээр байна.

Иргэдэд чиглэсэн санхүүгийн тусламж хангалтгүй байснаас болж БНХАУ-ын ядуус маш хүнд хэцүү байдалд байгаа билээ. Тухайлбал, энэ оны эхний гурван сард хамгийн ядуу гэр бүлүүд 50 мянган юань хүрэхгүй орлого олсон байна. Мөн дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд дээрх гэр бүлүүдийн хөрөнгө хамгийн ихээр багассан гэх тооцоо гарсан аж. Тиймдээ ч зарим иргэд “өшөө авах” санааг эсэргүүцэж, харин ч болзошгүй эрсдэлд бэлдэн чадлынхаа хэрээр мөнгө хураах хэрэгтэй хэмээн бодож байгаа гэнэ.

Эх сурвалж: QUARTZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж