Залуус кофе уухаас илүүтэй стори хийхийг чухалчилдаг

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Залуус кофе уухаас илүүтэй стори хийхийг чухалчилдаг

Залуус кофе уухаас илүүтэй стори хийхийг чухалчилдаг

Монголчууд кофены соёлтой танилцаад цөөнгүй жилийг үджээ.  Кофе шопийг зөвхөн Cafe bene, Tomn Toms  зэргээр төсөөлдөг байсан үе ард хоцорч өнөөдөр тав алхмын зайтай газарт кофе шопууд үйл ажиллагаа явуулж буй. Бидний нэрлэж заншснаар баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам явах зуурт, хааш хаашаа хоёр км орчим үргэлжлэх газарт 40 орчим кофе шоп бий. Орон сууцны нэг давхар, байрны булан тохой гээд 50 метр яваад л кофе зардаг үйлчилгээний төвтэй таарна гэсэн үг. Кофе шоп бүр цөөнгүй хүнтэй.  Зарим тохиолдолд 20-30 минут хүлээх нь ч бий. Эдгээр үйлчилгээний төвд оргил ачаалалтай үе өглөө ажил сургууль эхлэх болон ажил тарах цаг байдаг гэнэ. Гудамжинд ч бас зөрж өнгөрөх хүн бүр гартаа ямар нэгэн байдлаар кофе бариад алхаж явахтай таарах нь их.

Амт, үнэрийг нь мэдрэх тусам улам дурладаг тийм нэгэн өвөрмөц сэргээш болох  кофе маш олон төрөл. Кофе шопууд 10-15 нэр төрлийн кофены цэстэй. Гэхдээ эспрессо, каппучино, американо, каффе латте гэсэн дөрвөн төрлийг хүмүүс түлхүү хэрэглэдэг аж.

Хамгийн их борлуулалттай нь американо гэнэ. Кофе өдөр бүр уудаггүй, хааяа сонирхож уухаар кофе шопоор үйлчлүүлж буй хүмүүс баристатай сайн ярилцаж байж өөрийн хүссэн амттай кофегоо уухыг тэд зөвлөв.  Харин өдөр бүр кофе уудаг хүн андашгүй. Нэр төрлөөс авахуулаад орц найрлагаа хүртэл баристад шууд хэлж захиалдаг тул кофе шопууд ч бас байнгын үйлчлүүлэгчийнхээ уудаг кофег анддаггүй гэнэ.

Нэг үеэ бодвол залуусын хандлага өөрчлөгдөж, Монголд кофены соёл хөгжиж байгаа ч хүмүүс кофены тухай төдийлөн сайн мэддэггүй гэдэгт бариста нар санал нэгдэж байв.

Coffee mania кофе шоп гэхэд 12 нэр төрлийн кофены цэстэй боловч эспрессо, каппучино, американо, каффе латте зэрэг дөрвөн төрлийн кофег хүмүүс их захиалдаг гэнэ. Кофены амин сүнс нь охь ба амттай болох эсэх нь баристагаас шалтгаалдаг аж.

МОНГОЛД КОФЕ ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭ БОЛСОН

"Coffee mania" кофе шопийн бариста Г.ЭНХ-ОЮУН: 

-Монголд кофены соёл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Шинээр үүдээ нээж буй кофе шопууд ч шил шилээ даган олширч байна. Хүмүүсийн тухайд таван жилийн өмнөхтэй харьцуулахад кофе шопоор соёлтой үйлчлүүлдэг болсон. Ямар кофе уухаа мэдэхгүй кофе шопоор үйлчлүүлдэг хүн ховор. Бүгд л өөрсдийн уудаг нэр төрлийн кофе, орц найрлагыг андахгүй шууд л захиалдаг. Монголчуудын хувьд кофе өдөр тутмын байнгын хэрэглээ болсон. Хүмүүсийн тухайд ихэвчлэн американо их захиалдаг. Гэхдээ хааяа кофе уудаг хүн бол американогоос илүүтэй латте уухыг зөвлөе. Латте бол их сүүтэй, кофены агууламж нь бага. Каппучино бол хөөс их, сүү багатай. Хэрэв чихэрлэг кофе уудаг хүмүүст зөвлөхөд мокко кофе. Эсвэл кофендоо ваниль, карамель зэрэг чихэрлэг сироф нэмүүлж болно. Гэхдээ ямар амттай кофе найруулж үйлчлүүлэгчид хүргэх вэ гэдэг нь баристагаас маш их шалтгаална гэлээ.

Төв шуудангийн орчимд байрлах "Лавазза" кофе шопоор үйлчлүүлдэг хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй. Залуусын хувьд ихэвчлэн  ажил, хичээлээ хийхдээ кофе захиалдаг аж. Монголд кофены соёл хөгжсөн ч хүмүүс тоотой хэдхэн л нэр төрлийн кофег мэддэг аж. Кофе шопоор үйлчлүүлэхэд нэрэлхүү зан огт хэрэггүй гэнэ.

             МОНГОЛЧУУД ГУРВАН ТӨРЛИЙН Л КОФЕНЫ СОНГОЛТООС ХЭТРЭХГҮЙ БАЙНА

"Лавазза кофе" шопийн бариста М.ЧУЛУУНЧӨДӨР: 

-Монголд кофены соёл хөгжиж байгаа ч кофе шопоор үйлчлүүлж буй хүмүүс американо, латте, каппучино гурван төрлийн л кофег мэддэг. Гэтэл манай кофе шоп 15 нэр төрлийн кофегоор үйлчилж байна. Туршиж үзэх амт маш их. Тиймээс үйлчлүүлэгчид нэрэлхэлгүйгээр баристатай сайн ярилцаж өөрийн хүссэн амтыг захиалах хэрэгтэй. Гэтэл хүмүүс мэдэхгүйгээр бусдыг дуурайж эспрессо, сурталчилгааны нөлөөгөөр каппучино шууд захиалдаг. Зарим нь ууж чадахгүй хаядаг тохиолдол ч цөөнгүй. Кофе шопоор үйлчлүүлж байгаа бол монгол хүний нэрэлхүү зан огт хэрэггүй. Би ч бас кофенд дуртай болохоор кофе шопуудаар үйлчлүүлэх дуртай. Гэвч зарим кофе шопуудад үйлчилгээ, харилцаа хандлага дутагдалтай байдаг. Тухайн үйлчлүүлэгчид туслах, зөвлөгөө өгч ярилцдаггүй. Тиймээс л хүмүүс гурван нэр төрлийн кофены сонголтоос хэтрэхгүй байна.  Өөрийн дуртай амтыг олоогүй хүн яг л стилээ олоогүй хүнтэй л адил юм уу даа /инээв/. Нөгөө талаас үйлчлүүлэгчид захиалга өгөхгүй мөртлөө гаднаас өөр зүйл авчихаад суугаад л байдаг. Уг нь үйлчлүүлж буй хүн тухайн газраа хүндлээд өөрийн дуртай зүйлээ захиалаад сууж болно шүү дээ. Кофе шопууд олширохын хэрээр хүмүүсийн зарим нь дэлгүүр шиг хандаж байна. Ямар зорилгоор үйлчлүүлж, юу захиалах вэ гэдгээ мэдэхгүй байгаа юм гэлээ.

Дараа нь Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн орчимд байрлах шинээр үүдээ нээгээд удаагүй хоёр ч кофе шопоор орлоо. Гаднаас нь харахад  элдэв хээ зураг чимэглэлтэй нэгэн кофе шопоор оров. Орчны тухайд залуусын сонирхлыг татахуйц өвөрмөц, шинэлэг. Модон ширээ сандал цэлгэр орчин өнөөх уламжлалт хэв маянгийг эвдэж   1960, 1970 оноор аялуулах орчныг бүрдүүлжээ. Харин тус кофе шопийн бариста монголчууд кофе уудаг ч амтыг нь ялгадаггүй, кофе шопоор үйлчлүүлэхдээ хэлбэр хөөдөг гэж дүгнэв.

           КОФЕ ШОПОД ЗАЛУУС СТОРИГ ЧУХАЛЧИЛДАГ БОЛОХООС КОФЕ СОНИН БИШ

"Coffee shop"-ийн менежер С.ҮЛЭМЖТӨГС: 

Монголд кофены соёл хөгжиж байгаа ч үйлчлүүлэгчид кофены амт, соёлын талаарх ойлголтгүй. Яах гэж кофе шопоор үйлчлүүлж байгаа вэ, кофег хэдийд уух вэ гэдгээ мэддэггүй. Бүгд л сонирхогч. Кофены орц, найрлага, хууралтын талаар сайн мэдэхгүй. Кофе шопоор залуус үйлчлүүлэхдээ стори хийхийг илүүд үзэхээс биш кофе тийм ч чухал биш. Зүгээр л хэлбэр байдаг. Миний бодлоор кофег 30-40 насныхан илүү зөв, соёлтой хэрэглэдэг. Манайхаар кофе уух соёлтой хүмүүс үйлчлүүлдэг гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж