-Энэ урд зогсч байгаа богино банзалтай охиныг хар даа,
-Харин ч нүд хужирлаад аятайхан юм биш үү” гэж дунд эргэм насны хоёр эрэгтэй ярилцахыг сонсоод эгдүүцэл төрөв. Охин руу тэд өлөн нүдээр шүлэнгэтэн ширтэх нь бүр ч аймшигтай. Саяхандаа 2-3 хоногийн өмнө цахим хуудаснаа “Атобусанд явсан дүүгийн минь ард энэ эрэгтэй албаар очиж наалдаад, хөл гарыг нь оролдоод байсан гэнэ. Олон хүнтэй шахцалдаад явсан учраас хүмүүс мэдээгүй бололтой. Дүү минь маш их айсан шокийн байдалтай гэртээ орж ирлээ. Бид ямар нийгэмд амьдраад байна. Ер нь монголд хүний эрх гэж байна уу ” гэх пост тэр эрийн зурагтай хамт тархсан. Харин сэтгэгдэл хэсэгт “Дүү чинь юу өмссөн байсан юм” гэсэн сэтгэгдлүүд ар, араасаа хөвөрнө.
Зарим нь “Охид, бүсгүйчүүд яаж хувцаслахаа хэн нэгнээр заалгах ёсгүй. Энэ бол тэдний эрх. Түүнд нь хэн ч халдах эрхгүй. Бэлгийн дарамтны хохирогчид хувцаснаасаа болж халдлагад өртлөө гэдэг буруу хандлагаа өөрчлөх хэрэгтэй” гэсэн бол нөгөө хэсэг нь “Гаж донтнууд хаана ч байх магадлалтай учраас охид, эмэгтэйчүүд биеэ хамгаалж, битүү хувцас өмсөх хэрэгтэй” гэж байв.
Өөр нэгэн хохирогч эмэгтэй мөн л цахим хуудсандаа “Хүссэн хувцсаа, өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаад явахад таксины жолооч утасны дугаар асуугаад салахгүй, зарим нь бүр буулгахгүй гэнэ, автобусанд бол бүр суултгүй, хаа нэгтээгээс гар гарч ирээстэй, замын хажуугаар өнгөрөх жолооч нар машиндаа суулгах гэж үзнэ, яасан хэцүү юм бэ. Надтай яаж харьцсан яг түүгээр нь хариу үйлдэл үзүүлэхэд өөдөөс элдвээр хэлж доромжлох юм” хэмээн нэг бүсгүй ихэд бухимдангуй бичжээ.
Охид, бүсгүйчүүд автобус, гудамж, олон нийтийн газар явахдаа өдөрт багадаа 1-2 удаа бэлгийн дарамтад өртдөг аж. Эрэгтэйчүүд санаатай, санамсаргүй байдлаар охидын биед хүрнэ. Араас түлхэнэ, гөлөрч харна, дээрээс доош ширтэнэ, нууцаар зураг авахаас гадна зөрөх үедээ биед нь хамаагүй хүрдэг. Хамгийн аймшигтай нь иргэд ийм үйлдлийг харсан ч тоодоггүй, эсвэл охидыг буруутгасан маягтай хардаг.
Гэхдээ охид, эмэгтэйчүүд ямар ч хувцас өмссөн бай хэн нэгэнд элдвээр хэлүүлэх шалтгаан биш. Хувцас буруугүй, хувцсыг өмссөн эмэгтэй ч буруугүй. Харин энэ нийгэм өөрөө буруутай. Яагаад охид, эмэгтэйчүүдийг ингэж зүй бусаар хэлж, илүү харж, билүү долооно вэ. Хэн нэгэнд элдвээрээ хэлүүлэлгүй хүссэн хувцсаа өмсөөд хотын гудамжаар алхах эрх эмэгтэй хүн бүрт бий. Яг л эрчүүдтэй адил. Харин энэ эрхээ эдлэхэд нь эрчүүд, эмэгтэйчүүд, гудамжинд алхах хүн бүрийн сэтгэл, хандлага хэрэгтэй.
Иргэд үүнийг зогсоох хүнлэг чанар, ёс суртахуунтай болсон цагт л нийгэм өөрчлөгдөж, охид эмэгтэйчүүд хүссэн хувцсаа өмсөх эрхээ эдлэх нь. Охид, эмэгтэйчүүдийн эрх ийн байж боломгүй бүдүүлгээр зөрчигдсөн харгис нийгэмд амьдарч байгаа нь аюулын харанга биш гэж үү.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ