Ээлжит бус чуулганыг хэн саатуулав?

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг хэн саатуулав?

Ээлжит бус чуулганыг хэн саатуулав?

УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-ны даваа гаригт нээхээр УИХ-ын даргын захирамж гарсан. Гэвч чуулган нээлтээ хийсэнгүй. Өчигдөр, өнөөдөржин хүлээсэн ч ирэх пүрэв гариг хүртэл хойшлуулж орхилоо. Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэн  26 жилийн хугацаанд төрийн түшээд энэ удаагийнх шиг чуулгандаа ирэхгүй  том толгой гаргасан тохиолдол байгаагүй гэж зарим эх сурвалж мэдээлж байна. МАН болоод МАХН-ын харъяалалтай гишүүдийн ирц 0 хувьтай байгаагийн дээр олонх болсон АН-ын зарим гишүүд ч хуралдаа оролцохгүй луу унжиж байгаа нь Цэц болоод Шадар сайдын асуудалтай холбоотой гэсэн таамаг ордноор нэг тараад байна. Ордны гадаа ч гайхширсан олон толгой сэгсэрч байна. Ээлжит бус чуулганыг ийн хойшлуулсан буруутан хэн бэ, буруутанд хариуцлага тооцох уу гэсэн асуултын хариуг УИХ-д хамгийн олон суудалтай намын бүлгийн дарга нараас лавлалаа.


“АН ГИШҮҮДЭЭ БҮРЭН ОРОЛЦУУЛНА”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг өчигдөр хийх байсан ч хойшиллоо. УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаад ээлжит бус чуулганы нээлтийг ирэх пүрэв гаригт хийхээр болж… Хойшлуулах болсон шалтгаан юу байна вэ?

-УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаан дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд би  ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хүртэл хойшлуулах санал тавьсан. Шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлэг болоод бусад намууд “Ардчилсан намын бүлэг ирцээ бүрдүүл” гэдэг шаардлага тавьсан. Тийм учраас гадаадад байгаа гишүүдээ ирэх хүртэл хоёр хоног шаардсан учраас хүсэлтээ тавьсан. Ирэх пүрэв гаригт 35 гишүүнээ чуулганы нээлтэд оролцуулахад УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна.

-УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүд чуулганы нээлтэд оролцох боломжтой гэсэн үг үү. Эсвэл Ардчилсан намын бүлэг бие даагч гишүүд болоод ИЗНН-ыг оролцуулснаар ирцээ хуульд заасан хэмжээнд хүргэнэ гэж үзэж байна уу?

-Ямар ч байсан Ардчилсан нам олонхийг бүрдүүлж байгаагийн хувьд 35 гишүүнээ бүрэн оролцуулна.

-Ээлжит бус чуулганыг нээхэд гишүүдийн ирц 39-д хүрсэн байх ёстой. Тэгж байж  УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой болно. Дахиад хойшлох нөхцөл байдал үүсчих вий дээ. Бусад нам, эвслийн бүлгүүдтэйгээ энэ талаар зөвшилцөж байгаа юм уу?

-Бид ярилцаж байна, дахиад тийм асуудал гарахгүй байх.

-Шударга ёс эвслийн бүлэг Шадар сайдаар МАХН-ын даргыг томилуулахын тулд чуулганы нээлтэд оролцохгүй байгаа тухай мэдээлэл бий. Танай бүлгийн хувьд энэ асуудал дээр ямар байр суурь барьж байна вэ. Ер нь бол та бүхэн Ерөнхий сайдын мэдэх асуудал гэдэг хариулт өгсөөр өвлийг барсан. Эцсийн дүндээ УИХ-ын үйл ажиллагааг гацаах хэмжээнд очиж асуудал хүндэрлээ?

-Хэнийг Шадар сайдаар томилуулахаар УИХ-д оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай. Тэр бичгийг АТГ-аас хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Шадар сайдын асуудал энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэхгүй. Бичиг ирсний дараагаар Ерөнхий сайд Шадар сайдын асуудлаа УИХ-д өргөн мэдүүлнэ.

-Цэцийн гишүүнийг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар МАН-ын бүлэг зөвшилцөх ёстой гэж үзээд чуулганы нээлтэд оролцохгүй байна. Энэ талаар зөвшилцөл хийж байгаа юу?

-Цэцийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж шийдвэр нь гарах ёстой.  Бид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. Үндсэн хуулийн Цэц үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа.

Нөгөө талаасаа ээлжит бус чуулганаар зөвхөн Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэгдэхгүй, татварын багц хуулиудыг хэлэлцэх шаардлага бий. Маш сайн хуулийн төслүүдийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Дээр нь Эрүүгийн хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Хэд, хэдэн улстай холбоотой хэлэлцээр бий. Цаг алдаж болохгүй л хуулиуд багаа юм.

-Эрүүл мэнд спортын сайдын томилгоог ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэсэн үг үү?

-УИХ-ын даргын зөвлөл дээр тухайн ээлжит болоод ээлжит бус чуулган хуралдуулахад ямар асуудал хэлэлцэх талаар дараалал тогтоодог. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар ямар нэг сайдын томилгооны асуудал оруулаагүй. Оруулах боломж байхгүй. Хэрвээ уг асуудлыг Засгийн газраас албан ёсоор өргөн баривал дахиад ээлжит бус чуулган зарлахыг үгүйсгэхгүй.

-Энэ удаагийн УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд МАН-ын бүлгийн дарга оролцсон байсан. Тус бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд оролцоно гэдгээ мэдэгдсэн үү?

-УИХ-ын даргын зөвлөлийн хуралд өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар байсан. Бүлгийн гишүүд нь ээлжит бус чуулганд оролцох эсэх нь тухайн бүлгийн асуудал. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-ын даргын захирамж гарсан. Уг захирамжаар УИХ-ын гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Түүнээс биш ирц бүрдсэний дараа орно гэсэн ямар ч үндэс байхгүй. Энэ бол зөвхөн шалтаг.

-Ээлжит бус чуулганыг зарлаад хойшлогдсон тохиолдол өмнө нь байдаг уу?

-Үүнийг одоогоор хэлж мэдэхгүй байна.

-Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 4 нь гадаадад томилолттой яваа гэсэн. Өчигдрийн байдлаар 24 гишүүн байна гэсэн мэдээлэл бий. Үлдсэн гишүүд хаагуур юу хийгээд явна вэ?

-Ардчилсан намын бүлгээс 4-өөс бусдынх нь ирц бүрдсэн. Өнөөдөр гадаадад байгаа гишүүдээ дуудсан. Зарим нь билетээ шилжүүлж байна. Пүрэв гаригт ажлаа амжуулаад бүгд ирэх ёстой.

-УИХ-ын ээлжит бус чуулган товлоод нээж чадсангүй. Энэ тохиолдолд гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт дэгийн хуульд байдаг уу?

-УИХ-ын дарга ээлжит болоод ээлжит бус чуулган зарлах онцгой эрхтэй. Энэ эрхийн дагуу зарлагдсан чуулганд УИХ-ын гишүүд оролцох ёстой.  Хэрвээ УИХ-ын ээлжит болоод ээлжит бус чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаа бол тэр намын бүлэг өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн үед нь иргэд тэр асуудалд дүнгээ тавих байх.


С.БЯМБАЦОГТ: ОЛОНХ ХАРИУЦЛАГАА ҮҮРЭХ ЁСТОЙ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордноо ээлжит бусаар хаалттай хуралдаан хийж буй талаар өмнө нь бид мэдээлсэн. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

-Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв, яагаад гэнэт ээлжит бусаар хуралдлаа?

-УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаад ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор гишүүдэд мэдээлэл хийлээ.

-Ирэх пүрэв гаригийн чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцох уу. Эсвэл Ардчилсан намын бүлгийг ирцээ бүрдэхийг хүлээх үү?

-Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авч, эрх барьж буй улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, ачаагаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрсдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй.  МАН-ын бүлэг “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” гэдэг байр сууриа хатуу барина.

-Ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадаагүй. Хариуцлагын асуудал яригдвал танай бүлэг буруудаж мэдэхээр байна?

-Хариуцлага тооцох заалт байхгүй. УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ дахь нам, эвслийн бүлэг, олонхи цөөнхтэй зөвшилцөж байж ямар асуудал хэлэлцэхээ шийддэг. Юу нь нэн яаралтай хэлэлцэх асуудал вэ гэдгийг тодорхойлж, ойлголтод хүрч байж асуудлыг хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, олонхийн бүлэг бусад нам эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөөгүй. Гэнэт л өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит чуулганаараа хэлэлцэж дийлдэггүй асуудлуудыг ээлжит бус чуулганаар төлөвлөн жагсаасан байх жишээтэй. Ээлжит чуулган 120 хоногийн хугацаанд үргэлжилдэг бол ээлжит бус чуулган 14-хөн хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хэтэрхий хүч түрсэн, муйхар үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа.

-Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохыг дэмжих МАН-ын бүлгийн байр суурь хэвээрээ юу?

-Бид 2012 оноос хойш томилогдож байгаа  сайд нарыг бид бүгдийг нь дэмжээд ирсэн. Эсэргүүцэж байсан тохиолдолд байхгүй. Тийм болохоор сайдаар оруулж ирэх хүнийг дэмжээд явна.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж