"ДАШТ-ийг шүүх монгол шүүгчдийн гишгэх шат нь би баймаар байна"

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

"ДАШТ-ийг шүүх монгол шүүгчдийн гишгэх шат нь би баймаар байна"

"ДАШТ-ийг шүүх монгол шүүгчдийн гишгэх шат нь би баймаар байна"

Монголын хөлбөмбөгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан 2004 оноос хойш шүүгчийн замналаа эхлүүлж, 2020 он хүртэл 17 жилийн турш нийтдээ 1242 тоглолтыг шүүн явуулсан FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгч Д.Түмэнбаяртай ярилцлаа. Тэрбээр 2004-2008 онуудын хооронд МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг спорт тоглоомын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд 2009-2011 онуудын Япон улсад хөлбөмбөгийн шүүгчийн мэргэжлээр суралцсан. 2011 оноос хойш Монголын хөлбөмбөгийн холбоондоо ажиллаж байна. өнгөрөгч долоо хоногт их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан юм.


-Хөлбөмбөгтэй хэзээнээс холбогдов, хүүхэд байхаасаа л хөлбөмбөгт дуртай хүүхэд байсан уу?

-Би зургадугаар ангидаа Улаанбаатар хотод төмөр замын “Ган зам” 20-р сургуульд шилжин ирээд хоёр жил сурахдаа биеийн тамирын хичээл дээрээ хөлбөмбөг гэх спорттой танилцаж байлаа. Манай 20-р сургуулийн Ц.Болдбаатар, Б.Рэндоо багш нар маань биеийн тамир дээр хөлбөмбөгийн хичээл их ордог байсан. Харин наймдугаар ангидаа Замын-Үүд рүүгээ эргэн очиход Монголын хөлбөмбөгийн ууган мастеруудын нэг Г.Банзрагч багш тэнд амьдарч таарсан юм. Ингэж л наймдугаар ангидаа Г.Банзрагч багшид шавь орж, хөлбөмбөгийн спортод татагдаж байлаа. Анх бол хөлбөмбөгийн багш, дасгалжуулагч л болно гэж бодож байсан даа.

Хөлбөмбөгийн багш, дасгалжуулагч болох хүсэлтэй хүү хэрхэн шүүгч болов?

-Хөлбөмбөгийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй болно гэхэд гэр бүлийн эсэргүүцэлтэй тулгарсан. Эцэг, эх маань намайг хөгжимчин болгоно гэсэн бодолтой байлаа. Би багадаа шаггүй хөгжим тоглодог байсан учир Оросоос надад хөгжмийн сургуульд сурах урилга илгээсэн л дээ. Аав маань ч өөрөө хөгжим тоглодог хүн байсан тул намайг хөгжимчин болгоно, Орос руу явуулна гээд шийдчихсэн байсан. Гэтэл Оросын урилгатай зэрэгцээд МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулиас урилга ирчихсэн. Яг хоёр сонголтын өмнө ирээд дуртай зүйлээ хийе гээд хөлбөмбөгийг сонгосон юм даа. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан И.Отгонбаяр багш, Л.Доржжав багш нарыг гэртээ авчиран ээж аавтайгаа уулзуулж байлаа. Их л ятгуулсан. Тэгээд л эцэст нь аав ээж минь “Миний хүү өөрөө мэд. Дуртай чиглэлээрээ яв даа” гээд би биеийн тамирын дээд сургуульд элсэн орсон. Тухайн үедээ би бол өөрийгөө хөлбөмбөгийн дасгалжуулагч л болно гэж бодож байсан. Нэгэнт л дасгалжуулагч болохоос хойш шүүгчээр ажиллаад үзье, энэ талаар анхан шатны мэдлэгтэй болъё гээд шийдсэн. Гэтэл дасгалжуулагч, шүүгч хоёр хэзээ ч нэг замаар явахгүй гэдгийг би ойлгосон. Энэ хоёрын үүргийг зэрэг гүйцэтгэх боломжгүй дахиад л сонголтын өмнө очсон. 2006 онд л доо. Одоо бодоод байхаар Л.Доржжав багш маань их гомдсон байх. Намайг чинь дасгалжуулагч болгоно гээд л бэлдээд байдаг. Гэтэл би тэс өөр зүйл сонгочихсон байдаг. Энэхүү завшааны ашиглаад Л.Доржжав багшааасаа уучлалт гуйж байна.

-Намайг анх хөлбөмбөгийн шүүгч болж байхад Монголын хөлбөмбөгт шүүгч гэдэг хүн орхигдсон харагдаж байлаа. Мэргэжлийн шүүгч байхгүй, шүүгчдийг хариуцсан алба, нэгж гэж байхгүй тоглодог хүмүүс л шүүдэг. Би тухайн үедээ боддог байсан л даа. “Яагаад заавал иймд дарамтанд, ийм нөхцөл байдалд ажиллах ёстой юм бэ? Энэ байдлыг засч залруулъя гээд 2006 онд өөртөө гурван зорилгыг тавьсан. Нэгдүгээрт, FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй Монголын анхны шүүгч болъё гэсэн. Хүмүүс намайг шоолсон. Хоёрдугаарт, Монголд шүүгчийн хэлтэс гэдэг зүйлийг байгуулахад хувь нэмрээ оруулж, бие даасан хэлтэс болгоно доо гэж бодсон. Харин сүүлийн хамгийн том зорилго, мөрөөдөл нь бол хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтыг Монгол хүн шүүх. Ийм л гурван том мөрөөдөл, зорилгыг 2006 онд өөртөө тавьж байлаа.

-Одоогоор тэгвэл гурван зорилгынх нь хоёр нь биелсэн байна, тийм үү?

-Тиймээ. 2012 онд би Монголын анхны FIFA-ийн шүүгч болсон. Гурван жилийн өмнө Монголд анх удаа шүүгчийн хэлтэс гэдэг албыг байгууллаа. Харин гуравдахь зорилгынхоо хүрээнд би зодог тайллаа. Өөрөө шүүгчийн хэлтсийг байгуулахад гар бие оролцоод, дарга нь болоод, өөрөө тэмцээнээ шүүгээд, өөрөө өөрийгөө томилох нь утгагүй л дээ. Аль аль тал дээрээ шударга байх ёстой. Олон улсад ч ийм зүйлийг шаарддаг. Ирээдүйд Ази, дэлхийн аваргыг шүүх шүүгчдийг бэлдэхийн тулд би өөрөө тэдэнд боломжийг олгож, гүүр нь болохын тулд зодог тайлсан. 17 жилийн хугацаанд багагүй туршлагыг өөртөө хуримтлууллаа. Энэхүү туршлага дээрээ үндэслэн мэргэжлийн шүүгчдийг шинээр гарган ирэхийн тулд бодлогын ажил руугаа шамдан орлоо доо.

Таны өөртөө тавьсан гурван зорилгын талаар дэлгэрүүлэн ярилцъя гэж бодлоо. Анх хэрхэн FIFA-ийн шүүгч болж байсан бэ? Саад бэрхшээлүүд их л гарч байсан байлгүй.

-Бидэнд олон улсын шүүгч ямар байх талаар мэдээлэл хомс байлаа. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч байсан И.Отгонбаяр М.Батболд ах нар маань л бидэнд шүүгчийн талаар мэдээлэл олгодог байсан. Тэрнээс биш Монголд яг шүүгчээр дагнаад явсан хүн ховор. Ахмад тамирчид, дасгалжуулагчдынхаа л зааж зөвлөснөөр явдаг байлаа. Олон улсын шүүгч болоход олон шаардлага, шалгуурыг давдаг. Энэ бүх шалгалтуудыг цаг тухай бүрд нь даван болзлыг нь хангасан. FIFA-ийн шүүгч болох үедээ би Японд үргэлжлүүлэн сурах хүсэлтэй байсан юм. Нэг зуны амралтаараа Монголд ирэхэд одоогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар намайг Монголд ажиллахыг санал болгосон юм. Бас л сонголтын өмнө ирсэн. Японд үргэлжлүүлэн сурах уу? эсвэл Монголд ирж мэргэжлээрээ ажиллах уу? гэж. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр Монголдоо, Д.Тэрбаатар ахын удирдлага дор шүүгч хариуцсан мэргэжилтэн гэж ажиллахаар болж байлаа.Ийнхүү эхний зорилго маань биелж, хоёрдахь зорилгоо биелүүлэх эхний алхам маань тавигдсан даа.

-Монголын хөлбөмбөгт анх удаагаа шүүгчийн хэлтсийг байгуулсан. Таны хоёрдахь зорилго байлаа шүү дээ?

-2012 онд хөлбөмбөгийн холбоонд шүүгч хариуцсан мэргэжилтнээр орж байлаа. Шүүгчдээ хариуцахаас гадна бүх л зүйлийг хийдэг байсан. Гол нь шүүгчдийн багийг бий болгож эхэлсэн. Аль болох олон шүүгчдийг эгнээндээ нэгтгэхийг хүссэн. Би хамтарч ажиллаж байсан бүх шүүгчдээрээ бахархдаг. Үнэхээр гайхалтай баг хамт олон үргэлж намайг дэмжиж тусалдаг. 2012 оноос хойш зургаан жилийг зарцуулсаны эцэст 2018 онд шүүгчдийн хэлтэс маань байгуулагдсан. Мэдээж 2012 оноос хойш бага багаар төлөвлөсөн ажлуудаа хийгээд явж л байсан. 2010 онд Мийгаа шүүгч бид хоёр энэ хэлтсийн талаар ярилцаж байсан юм. Шүүгчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, асуудлыг нь шийддэг, шүүгч гэдэг хүнийг хүмүүст зөвөөр ойлгуулдаг хэлтэс байх хэрэгтэй гэж ярьж байлаа. Мэдээж шүүгч гэдэг хүн учир алдаа гаргана. Харин тэр бүх алдаа дутагдлыг нь хэлж өгөөд, улам сайжирахад нь тусладаг хэлтэс хэрэгтэй байсан. Арван жилийн өмнө хөлбөмбөгөөр тэр дундаа шүүгч хийгээд хоолоо олж идэх үү? гэж шоолж байлаа. Энэ байдлыг л өөрчлөхийг хүссэн. Хүн дуртай ажлаа хийгээд амьдралаа өөрчлөх боломжтой гэдгийг л харуулахыг зорьсон.

Нэгэнт шүүгчдийн талаар ярьсан болохоор боловсон хүчний талаар асуумаар байна. Монголын хөлбөмбөгийн холбооноос шүүгчдийн сургалт зарладаг уу?

-Боловсон хүчний тал дээр дутагдалтай талууд бий. Ганц сургалтанд суугаад эсвэл ганц жил ажлаад шүүгч болно гэж байхгүй. Үнэхээр авьяастай бол хамгийн багадаа дөрвөн жил зарцуулагдана. Сайн модыг ургуулъя гэвэл шимтэй хөрсөнд, бат бөх суулгаж, өдөр бүр усалж, байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалдагтай адил шүүгч хүнийг дөрвөн жилийн турш бэлддэг. Их олон хүн энэ хугацааг давж чадалгүй шантардаг. Аргагүй л дээ шүүгч хүн чинь сэтгэл зүйн асар их дарамтанд байдаг. Хүмүүс бодохдоо шүүгчид алдаа гаргасан ч нэг их тоодоггүй гэдэг. Гэтэл гаргасан алдаа бүр нь тэр шүүгчид аягүй том дарамт болж ирдэг. Гаргасан алдаандаа харамсаад байж байгаа шүүгчийг мэдээж хөгжөөн дэмжигчид, багийн тоглогчид элдвээр хэлнэ. Үнэхээр тэвчээртэй, зорилготой хүмүүс л энэ бүгдийг давж гарч үлддэг юм.

Шүүгч хүмүүс  их сайхан ш дээ. Хөлбөмбөгийн уур амьсгалыг хамгийн ойроос, дотроос нь мэдэрдэг. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж.

-Монголын хөлбөмбөгийн холбооноос сар болгон шүүгчдийн сургалтаа зарладаг. Хүссэн, сонирхсон хүн бүхэнд манай үүд хаалга нээлттэй.

-Та анх ямар тэмцээн шүүж байсан бэ. 1242 тоглолтын эхлэл нь хаана тавигдав?

-Би анх заалны тэмцээнээс эхлэж байлаа. Дөнгөж есдүгээр сард оюутан болно гээд хотод орж ирээд байж байсан чинь багш намайг тэмцээн шүү гэдэг юм даа. Би чинь тэмцээн шүүх талаар А ч байхгүй хүн байлаа шүү дээ. Багш хальт тайлбарлаж өгөөд л талбайд гаргасан. Заалны тэмцээн шүүгээд л дараа нь өсвөр үе, идэрчүүдийн тэмцээн гээд явж өгсөн. Анх шүүж байсан тэмцээнийхээ талаар юу ч санаддаггүй юм. Ямар ч байсан тэмцээний дараа хожигдсон багийнхан л “Чамаас л болж хожигдлоо”, “Чи шүүж чадсангүй” гэж орилж байсан. Их л сандарч байсан даа. Би өөрөө энэ их сандрал, бэлэн болоогүй байдлыг мэддэг учир шинэ шүүгчдийн тэмцээн шүү гэж шахдаггүй, хүчилдэггүй. Нэг шүгэл үлээх, нэг туг өргөхөд нэг багийн бүтэн жилийн хөдөлмөр, мөнгө санхүү яригддаг учир их хариуцлагатай байх хэрэгтэй.

Би шүүгч нартаа “Шүүгч гэдэг бол шударга байхын нэр шүү” гэж хэлдэг.

-Хэдий алдаа гаргасан ч гэсэн өөрөө өөртөө шударга байх хэрэгтэй. Тоглолтын дараа бол хөгжөөн дэмжигчид, тамирчид “Та нар авлига авсан уу?”, “Хэдийг авсан бэ” гэдэг. Гэтэл хамгийн гол нь би өөрөө өөртөө шударга байсан. Алдаа гаргадаггүй шүүгч гэж энэ дэлхий дээр байхгүй. Аль болох алдаа бага гарга, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөр. Шүүгч хүн хангалттай муу үг сонсдог. Заримдаа ядаж шүүгч хүний ажлыг хүндэлж, өөрийгөө тэр хүний оронд тавьж ойлгож, урамшуулж байгаарай. Шүүгч хүний хамгийн баяртай мөч бол тоглолтоо шүүж дуусчаад тамирчдаас талархлын үг сонсох. Үнэхээр шүүгч хүний хувьд сайхан мэдрэмжүүдийн нэг. Ахиж өөрөө мэдрэхгүй ч гэсэн ирээдүйд энэ мэдрэмжийг олон шүүгч мэдрээсэй гэж ажиллах болно.

-Анх тэмцээн шүүж байхдаа тоглолтондоо хэр орж байв. Дандаа л таньдаг хүмүүс талбай дээр харагдана биз?

-Сайхан асуулт байна. Монголын хөлбөмбөгийн хүрээлэл нэг их том биш шүү дээ. Талбайд гарахад дандаа л таньдаг, хүндэлдэг хүмүүс байдаг байлаа. Гэхдээ шүүгч хүнд сэтгэл хөдлөлөөр бус дүрмийн дагуу тоглолтыг шүүн явуулна гэсэн тангараг бий. Тийм учраас тангарагаа зөрчихгүйн тулд дүрмээ л дагадаг. Ах нар маань ч хэлдэг байсан л даа “Чи ёстой нээрээ шар, улаан хуудсыг хайр гамгүй цацаж байна даа” гэж. Би итгэл үнэмшилдээ үнэнч байсан. Монголын үндэсний шигшээ багийн ахлагч байсан Д.Лүмбэнгарав ахад ч улаан хуудас өгч, талбайгаас хөөж л байлаа. Сэтгэл хөдлөлдөө автаад хүндэлдэг хүн маань гээд шар хуудас өгвөл юу болох вэ? Миний зорилго чинь том шүү дээ. Эхлээд би өөрөө бусад шүүгч нартаа үлгэр дуурайлал үзүүлж, тоглолт дүрмийн дагуу явагддаг гэдгийг харуулах хэрэгтэй.

Гаргасан алдаанууд минь өнөөдрийн Д.Түмэнбаярыг бий болгосон байх гэж би боддог юм. Тэгэж зориглож алдаа гаргаагүй, хүмүүст хараалгаагүй бол өнөөдөр ямар шүүгч явах байсан бол доо. Сайн хэлж мэдэхгүй юм. Надад талбайгаас уйлаад гараад явж байсан үе ч бий.

-Анхны олон улсын тэмцээнийхээ талаар дурсаач. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрнэ биз?

-Үндэсний шигшээ багийн тамирчдаас олон улсын тэмцээнд тоглохоор хамгийн түрүүнд юу бодогддог вэ гэж асуухаар “Намайг Монголын ард түмэн харж байгаа даа” гэж ярьдаг. Надад ч гэсэн яг л тэгэж бодогддог. Монгол улсын шүүгч Д.Түмэнбаяр талбайн шүүгчээр ажиллана гээд л цэнгэлдэхэд зарлахад хамгийн түрүүнд Монгол улс л бодогддог юм байна лээ. Би гэхээсээ илүү миний ард байгаа олон түмэн, үе үеийн тамирчид бодогдоод сайхан ш дээ. Миний анхны гадаад томилгоо санасныг бодвол гайгүй өнгөрсөн. Тухайн тэмцээний анхны улаан хуудсыг нэгдүгээр үеийн 20 дахь минутанд өргөж байсан шүү. Аль ч улсад очсон багийн дасгалжуулагч, тамирчид нь шүүгчтэй их хүндлэлтэй харьцаж байгаа нь мэдрэгддэг. Тэр мэдрэмжийг нэг мэдэрсэн шүүгч хэзээ ч сонгосон замаасаа буцахгүй. Яг донтуулдаг.

-Та нийтдээ 1242 тоглолт дэнсэлжээ. Эдгээр тоглолтуудаас таны санаанаас гардаггүй тоглолт, тэмцээн бий юу?

-Бүхий л шүүсэн тоглолт бүр минь надад дурсамжтай. Би тоглолт бүрдээ л хариуцлагатай байж, үүнээсээ таашаал авахыг хүсдэг. Харин алдсан тэмцээнүүд маань санаанаас ер гардаггүй. Хүнд гаргасан алдаа нь л их тод үлддэг юм шиг ээ. Үнэнийг хэлэхэд надаас болж их олон баг хохирч байсан. Би дараа нь үнэхээр харамссан. Надаас болж нэг баг лигийн шигшээ тоглолтонд үлдэж чадалгүй мултарч байсан бол нэг баг лигийн медалиа авч чадаагүй байдаг юм. Бүгд л миний буруугаас болсон. Тухайн тоглолтын явцад би алдаатай шийдвэр гаргасан гэж бодолгүй, өөрийнхөө итгэл үнэмшлээ даган зөв шийдвэр гаргаж байна л гэж бодсон. Над шиг ийм дурсамжтай шүүгчид цөөхөн байгаасай л гэж би хүсч байна.

-Монголын хөлбөмбөгийн зүлэг ногоон талбайд 17 жилийг өнгөрүүлэхэд хэн гэдэг хөлбөмбөгчин танд тод дурсамжийг үлдээж?

-Би маш олон хүнийг хэлж болно л доо. Гэхдээ нэр цохмооргүй байна. Харин хожиж, хожигдсон ч тамирчин хүний зангараг заагаад шүүгчээ хүндлээд ирж гар барьдаг байсан дээд үеийн ах нар маань сайхан шүү дээ. “Миний дүү тэрэн дээр чи алдсан шүү. Гэхдээ зүгээрээ. Цаашдаа улам хичээгээрэй” гээд гар барьдаг дээд үеийн төлөөллүүд минь гайхалтай. Мөн Л.Доржжав, Г.Банзрагч, И.Отгонбаяр багш нар маань сурган хүмүүжүүлэгч хүн ямар байх ёстой харуулдаг үлгэр жишээ хүмүүс шүү дээ. Эдгээр хүмүүс байгаагүй л бол би өнөөдөр энд чамтай ярилцаад суухгүй байлаа.

-Д.Түмэнбаярын завгүй их ажлыг арыг даагаар, амжилт бүрийнх нь ард байгаа гэр бүлээ танилцуулаач?

-Тэгэлгүй яах вэ. Эхнэр бид хоёр Замын-Үүдийн арван жилийн нэг ангийн хүүхдүүд. Сургуульд байх үеэс л намайг бөмбөг хөөдгийг мэддэг. Би ч гэртээ байхаасаа байхгүй нь их. Миний хань намайг ойлгодогт би маш их баярладаг. Намайг үргэлж дэмжиж, урам өгдөг. Үнэнийг хэлэхэд эхнэр маань хөлбөмбөгт дургүй. Мэдээж шалтгаан нь би. Хэдий би 1200 гаруй тоглолт шүүсэн ч эхнэр маань ганцхан удаа л ирж тоглолт үзсэн байх. “Чи чинь ингэж их хараалгаж, ерөөлгөдөг юм уу?” гэж их гайхаж байсан даа. Одоо бид хоёр гурван хүүхдийн аав ээж. Ажлаа хийх бололцоогоор үргэлж хангаж байдаг ханьдаа хайртай. Намайг зодог тайлах болсон чинь хамгийн их баярласан хүн нь манай эхнэр. “Орой гэртээ эрт ирж байх уу?”, “Одоо гэртээ олон харагдана биз дээ” гэсэн шүү.

-Хүүхдүүдээ хөлбөмбөгийн хүн болгоно гэсэн бодол бий юу?

-Манай том одоо 13 настай. Хөлбөмбөгт сонирхолгүй, морин хуур тоглодог хөгжимчин хүү бий. Миний хувьд би хүүхдүүдээ аль болох өөрсдийн сонирхлоо дагаасай гэж хүсдэг. Гэхдээ гэр бүлд урлаг спортын мэдрэмжтэй хүн байх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ сонирхол, хүсэл мөрөөдлийг хүндэтгэж тултал нь дэмжинэ. Би чинь өөрөө хүсэл сонирхлоо дагаад, аав ээжээсээ зөрсөн хүн шүү дээ. Хүн өөрийнхөө ирээдүйг өөрөө л бүтээнэ. Тэрнээс биш хэн нэгний бүтээх эсвэл бүтээсэн ирээдүй, амьдралд амьдрахгүй. Ганц олдох амьдралд харамсмаар ш дээ.

– 17 жил 1200 гаруй тоглолтын эцэст зүлэг ногоон талбайд сүүлийн удаа гарахад юу бодогдож байв?

-Үнэхээр хэцүү байсан. Өөрийн эрхгүй л нулимс урсаад уйлчихсан. Амаргүй сонголт хийсэн. Миний насан дээр чинь шүүгчийн карьер дөнгөж эхэлдэг. Дөнгөж эхэлдэг насан дээрээ зодог тайлахад үнэхээр хүнд байсан. Надад энэ бүхнийг анх эхэлж байхдаа өмнө тавьсан зорилго байсан. Мундаг, сайн олон улсын шүүгч болно гэхээсээ илүү олон улсын анхны шүүгч болно гэсэн зорилготой аяллаа эхлүүлсэн. Би чадсан. Харин одоо ирээдүйд хөлбөмбөгийн ДАШТ-ийг шүүх монгол шүүгчдийн би гишгэх шат, дамжин өнгөрөх гүүр нь болмоор байна. Тэр зорилгынхоо төлөө золиосолж буй миний золиос л энэ юм болов уу гэж бодсон доо. Дахиж талбай дээр шүглээ үлээхгүй гэхээр л нулимс урсаад, тоглолтондоо төвлөрч чадахгүй байсан. Уг нь дахиад хэдэн жил байгаа гэж бодсон ч арай л хурдан цаг нь ирчихсэн. Гэхдээ шүүгч Түмээгийн аялал энд хүрээд өндөрлөсөн бол дараагийн Түмээгийн аялал эхэлсэн. Би арван Д.Түмэнбаяраас илүү шүүгчдийг бий болгомоор байна.

Хөлбөмбөгийн шүүгч гэдэг энэ мэргэжлээ та юу гэж тодорхойлмоор байна?
-Багш, шүүгч гэх энэ хоёр мэргэжил цаг хугацаа урсан өнгөрөх тусам үнэд ордог юм болов уу гэж боддог ш дээ. Багш хүн багшлах тусам, хичээл заах туршлага суугаад сайжирдаг шиг шүүгч хүн ч гэсэн тоглолтоос тоглолтонд сайжирдаг. Дан ганц хөлбөмбөгийн шүүгч бус бүхий л спортын шүүгчид цаг хугацаа өнгөрөх тусам туршлагжаад улам сайжирдаг. Мөн хүмүүс шүүгч хүний зовлонг ойлгодог байгаасай. Шүүгч гэдэг хүний тухайн спортынхоо төлөө зарцуулсан хөдөлмөр,  хором мөч бүрийг нь хүмүүс үнэлдэг байгаасай гэж хүсч байна. 17 жилийн өмнө жирийн нэг сумын хүүхдийг хөлбөмбөг хэмээх агуу гэр бүлдээ багтаасан хүн бүрт баярлалаа гэж хэлмээр байна. Ялангуяа зодог тайлах мөчийг минь хамтдаа хуваалцсан хамт олондоо баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж