Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудтай хаяа залгаа чимээгүй хот оршино. Сүүлийн жилүүдэд хэн дуртай нь энд тэндгүй бурхан болоочийг оршуулж, буяны зан үйл хийдэг болж. Буяны үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй хэдий ч тамга халаасалсан ТҮЦ-нүүд олширчээ. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр буяны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 40 орчим аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 15 компани байгаа ч яг стандартын шаардлага хангасан нь тав, зургаахан компани, аж ахуй нэгж байдаг гэдгийг албаныхан хэлж байв.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ 2015 оны 15 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт төвийн зургаан дүүргийн найман байршилд зөвшөөрөлтэй оршуулга хийж болно гэдгийг зохицуулж өгсөн байдаг. Харин Багануур дүүрэгт нэг, Налайх дүүрэгт албан ёсны зөвшөөрөлтэй гурван байршил байдаг аж. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын эргэн тойронд 20 гаруй байршилд оршуулгын газар бий болж, хөл толгой нь мэдэгдэхээ больжээ. Эмх замбараагүй энэ байдлын улмаас талийгаачдын шарилыг тонон, дээрэмдэж, нутаглуулж буй нь сэтгэл эмзэглүүлнэ.
Нийслэлд албан ёсны зөвшөөрөлгүй байршилд оршуулга хийсэн газруудын 100 шарилыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нүүлгэн шилжүүлжээ. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн зусланд байрлалтай оршуулгын газрын шарилыг шилжүүлж, чандарласан. Уг газар нь хүүхэд асрах төвийн хашаатай залгаа байжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Шүлэг уулын энгэр дээр бас зөвшөөрөлгүй оршуулсан хэсэг шарилыг чандарласан байна.
“ХҮНИЙ ШАРИЛ, ЛАГШИН БАЙГАА ГАЗАР САЙН ЭНЕРГИ ЦУГЛАРДАГГҮЙ”
Монголчууд “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг” хэмээн ярьдаг. Хүний шарил, лагшин байгаа газар сайн энерги цуглардаггүй хэмээн учир мэдэх хүмүүс ярих нь бий. Тэр битгий хэл үхэгсэдийн газраар шөнө орой ойрхон явахыг цээрлэдэг. Гэтэл улаанбаатарчууд хашаан дотроо шарилтай хаяа дэрлэн амьдарч байгаа нь харамсалтай.
Энэ тухай “Гандандаржаалан дацан” хийдийн ловон лам, зурхайч Ш.Балданхүрэлнинж ярихдаа “Хот дотроо оршуулгын газартай улс маш цөөн байдаг. Зовлонгийн шалтгаанаар хүмүүн биеийг орхиж, хийн бие рүү шилждэг. Ингэснээр дараагийнхаа төрлийг олохын төлөө явж байгааг бардын хоног буюу үхлийн дараах 49 хоног гэдэг. Энэ хоногт бурхан болоочийг чандралах юм уу, ил тавих, газар оршоодог. Ер нь хүнд айх эмээх зүйл гэж байх ёстой. Нөгөө талаасаа бусдын шарилд ч гэсэн хүндэтгэлтэй хандах ёстой.
Болж өгвөл чандрыг нь эрхэмлэж, шарилыг хөрсөнд бага оршоохыг боддог. Гэхдээ усан махбодьтой хүнийг гал түлж шатаавал төрөл олохгүй удна гэж бичсэн байдаг. Тиймээс лам хуврагууд энэ зан үйлээ эрхэмлэнэ. Мөн бурхан болооч нас барахын өмнө өөрөө “Миний шарилыг битгий чандарлаарай”, “Ил тавьж, хөдөөлүүлээрэй” гэж захисан бол ар гэрийнхэн нь хүслийнх нь дагуу зан үйлийг хийдэг. Хамгийн гол нь лам хуврагууд зөв зохистой, бусдад их төвөг удалгүйгээр буяны ажлыг гүйцэтгэх хэрэгтэй. Өглөгийн эзний өгснийг авдаг” гэлээ.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дөл буян” компанийн захирал Г.Төртүвшин ярихдаа “Дөл буян” компанийн хувьд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 30 га газарт оршуулгын үйлчилгээ үзүүлдэг. Нийслэлийн хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй оршуулгын газрууд нь даац хэтэрсний улмаас тэлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь зөв бодлого байх ёстой” гэдгийг хэлсэн юм.
ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ШИНЭ БАЙР ГАЦЖЭЭ
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь нийслэл хотын хэмжээнд шарил хадгалах, ар гэрт нь хүлээлгэн өгөх, хариуцах эзэнгүй цогцыг оршуулах ажиллагааг хийж гүйцэтгэдэг. Мөн нас барсан иргэдийн ар гэрийнхэн Шүүх эмнэлгийн шинжилгээний газраас шарилыг авахын тулд түгжрэлд багагүй цагийг зарцуулдаг гэнэ. Тиймээс зарим иргэд хотын төвөөс энэ газрыг нүүлгэн шилжүүлэх саналыг ч хэлж байв.
Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын одоогийн байрлаж буй барилгыг 1971 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн шарил хадгалах зориулалтаар ашиглалтад оруулжээ. Энэ жил тус газрын шинэ байрны бүтээн байгуулалтыг эхлэх байсан боловч цар тахлын улмаас өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа гэнэ.
Энэ талаар Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд “Бид аль болохоор зай талбайгаа чөлөөлж, шарил хадгалах хөргөгчөө нэмэх зорилгоор ажиллаж байгаа ч одоо хүч хүрэлцэхээ больсон. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр нас баралт улам нэмэгдэж, өдөрт 15-20 шарил ирдэг болсон. БНСУ-ын “Экзэм” банкны төслийн хүрээнд шүүх эмнэлгийн цогцолбор барилгыг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барина. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын дэргэд барихаар газрын асуудлыг шийдвэрлэсэн.
Нийт 16.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт батлагдаж, гэрэгэээ хийж, техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн. Энэ оны наймдугаар сард бүтээн байгуулалтын ажил эхлэх байсан боловч цар тахлын улмаас хойшлогдож, өдийг хүртэл эхлээгүй байна. Ер нь бүтээн байгуулалтын ажил 2022 онд энэ барилга ашиглалтад орохоор төлөвлөсөн. Ингэснээр тусгайлан шарил хадгалах газар, шарил гаргах үйлчилгээний 10 заал, 1500 машины зогсоолтой барилга байна” гэдгийг ярилаа.
“ДАЛАН ДАВХАР” ОРШУУЛГЫН ГАЗРЫГ ТОХИЖУУЛАХ КОМПАНИ ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛЖ, ТАТГАЛЗСАН”
“Далан давхар” буюу Самбалхүндэвийн оршуулгын газрын 137 га талбайг цэгцэлж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг одоогоос 10 гаруй жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Гэвч цаасан дээр хэрэгжсээр өнөөдрийг хүрчээ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Арийгунаас тодрууллаа.
Тэрбээр “Далан давхар” буюу хаагдсан оршуулгын газруудыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажил Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний 2030-2040 оны чиг хандлага баримт бичигт толорхой тусгагдсан. Үүний дагуу 2015 онд “Далан давхар”-ын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг зохион байгуулах байсан боловч гүйцэтгэгч байгууллагууд нь эргээд гэрээгээ цуцлах санал гаргасан.
Үүнээс хойш дахин концессын зүйлийн жагсаалтад ороогүй байгаа. Цаашдаа ийм оршуулгын газруудыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг анхаарч ажиллана. Өнгөрсөн 2018 онд “Далан давхар”-т Чингэлтэй дүүргийн долоо, 12, Сонгинохайрхан дүүргийн ойр орчмын хорооны цахилгаан эрчим хүчний уналтыг сайжруулах зорилгоор 1.5 га газарт дэд станц байгуулсан. Ингэхдээ 906 шарилыг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. “Далан давхар”-ын оршуулгын газарт албан бус тоогоор 43 мянган шарил тоологдсон. Харин тонож, ухсан шарилын тоон мэдээллийг хэлэх боломжгүй” гэв.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ, Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ