Нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн ажил эхэллээ

Монгол Улсад нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэрийн ажлыг энэ оноос эхлэхээр боллоо. Уул уурхайн яам, Япон Улсын эдийн засаг, үйлдвэр худалдааны яамтай хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү туршилтын үйлдвэр байгуулан хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурснаар баталгаажиж байна.

Туршилтын үйлдвэрийн зураг төслийн ажлыг энэ оны эхний улиралд багтаан эхлүүлэхээр болжээ. Улмаар ирэх оны нэгдүгээр улиралд үйлдвэрийн барилга, угсралтын ажлыг эхлүүлж, 2018 оны нэгдүгээр улиралд бүтээгдэхүүнээ гаргана хэмээн тооцоолсон байна. Энэ үйлдвэр нь жилд 300 мянган тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах хүчин чадалтай.

Үйлдвэрийн технологи нь 10-35 мм ширхэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” төхөөрөмжөөр, 0.5-10 мм ширхэглэлтэй нүүрсийг “Air table”  төхөөрөмжөөр баяжуулах юм байна. Санхүүжилтийг Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэнэ. Нийтдээ 13 сая орчим ам.долларын өртөгтэй юм. Харин менежментийг “Эрдэнэс Монгол” компани хариуцан ажиллахаар төлөвлөжээ.

Үйлдвэрийг “Эрдэнэс Таван толгой”-н уурхайг түшиглэн байгуулах юм. Өөрөөр хэлбэл усны нөөц багатай говийн бүс буюу Өмнөговь аймагт байрлуулах аж. Хэрвээ нойтон аргаар нүүрсийг баяжуулбал их хэмжээний ус орно. Жишээ нь 30 сая тонн нүүрс баяжуулахад 4-5 сая куб метр ус шаардагддаг. Тиймээс энэ технологи нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэйгээрээ давуу хэмээн тайлбарлалаа.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж