"Цар тахлын дараах бизнесийн орчин: боломж ба сорилт” уралдааны шилдгүүд тодорлоо | News.MN

"Цар тахлын дараах бизнесийн орчин: боломж ба сорилт” уралдааны шилдгүүд тодорлоо

"Цар тахлын дараах бизнесийн орчин: боломж ба сорилт” уралдааны шилдгүүд тодорлоо

"Цар тахлын дараах бизнесийн орчин: боломж ба сорилт” уралдааны шилдгүүд тодорлоо

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Ойн хүрээнд тус танхим Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран “Цар тахлын дараах бизнесийн орчин: боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдаан зарласан бөгөөд өнөөдөр шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа. Тус уралдаанд нийт 30 гаруй сэтгүүлч бүтээлээ ирүүлж оролцсоны дотор орон нутгаас гурав, БНХАУ-ын CCTV-ээс нэг сэтгүүлчийн бүтээл багтав.

Шагнал гардуулах ёслолын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Манай улсын эдийн засаг цар тахлын сөрөг нөлөөг харьцангуй эрсдэл багатай даван туулж байна. Энэ оны сүүлээр эдийн засаг сэргэх хүлээлттэй байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг уншихад эдийн засгийг тал бүрээс нь дүгнэн бичсэн байна. Та бүхний хөндөж бичсэн нийтлэлүүд төр засгийн зохих түвшний хүмүүсийн сонорт хүрч, тусгалаа олж байгаад талархаж байна” гэв.

Уралдааны шүүгчдийн багийн гишүүн, МУИС-ийн багш Б.Баярмаа “Эдийн засгийн  мэдээ нийтлэлд олон тоо баримт ашигладаг. Тэдгээр тооны цаана юу болж, хүмүүсийн амьдралд тэр нь хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлан ойлгуулах нь эдийн засгийн сэтгүүлчдийн үүрэг байдаг. Сэтгүүлчид үйл явдал дунд орж ажиллах ёстой. Суугаад хийдэг ажил биш. Тэргүүн байранд орсон бүтээл энэ шаардлагыг бүрэн хангасан” хэмээн хэлэв.

“Цар тахлын дараах бизнесийн орчин: боломж ба сорилт” сэдэвт нийтлэлийн уралдааны:

Тэргүүн байрт “Mongolian Economy” сэтгүүлийн сэтгүүлч З.Цэлмэг, Б.Энхцэцэг нарын “Аялал жуулчлал: Тахлыг дийлсэн ч айдас үлдэхэд…” бүтээл,

Дэд байрт “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Бямбасүрэн “COVID-19 цар тахлын нөлөөнд өртөөгүй хөдөө аж ахуйн ганц салбараа түшин эдийн засгаа тэлэх Монголын боломж” бүтээл,

Гуравдугаар байрт "Gogo.mn" сайтын сэтгүүлч Б.Эрдэнэчимэгийн “Аялал жуулчлалын салбарынхан аврал нэхэж байна" бүтээл тус тус шалгарлаа.

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүн Б.Баяртогтох "Уралдаанд ирсэн бүх бүтээлийг эмхэтгэн, товхимол болгон хэвлэнэ" хэмээн хэллээ.

 


Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб жил болгон сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарладаг. Энэ удаа дэлхий нийтийг түгшээх болсон цар тахлын нөлөөг авч үзлээ. Үүний уршгаар улс орнуудын эдийн засаг агшиж, бизнесийн орчин улам ээдрээтэй болж байна. Олон улсын санхүү, хөрөнгийн зах зээл хумигдаж, хүмүүсийн өдөр тутмын ажил амьдралын хэмнэлд хүртэл өөрчлөлт орж, компаниуд бизнес төлөвлөгөөгөө, улс орнууд хөгжлийн загвар, алсын хараагаа эргэн харахад хүрэв.

Цар тахал дэгдсэн цагаас хойш дэлхийн улс орнууд худалдаа, үйлчилгээний салбарын хэвийн горим алдагдаж, аялал жуулчлал, агаарын тээвэр хамгийн их хохирол амссан. Манай улсад ч дээрх нөлөө хүчтэй мэдрэгдэж, ажилгүйдэл, ядуурлын үзүүлэлт тасралтгүй өссөөр байгаа билээ.

Эдийн засгийн сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн эзнээр өмнөх жилүүдэд “Өдрийн сонин”-ы тоймч Ц.Баасансүрэн, “Өнөөдөр” сонины тоймч Т.Энхбат, сэтгүүлч Д.Мөнхчимэг, Ч.Дашдэлэг, МҮОНР-гийн сэтгүүлч Д.Баяржаргал, өдгөө Засгийн газрын хэвлэлийн албаны даргын алба хашиж буй Ө.Ганзориг (Eagle ТВ Тоон тойм) тэргүүтэй сэтгүүлчид тодорч байв.

Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб нь 2010 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй юм. Нийт 60 гаруй гишүүнтэй тус клуб сэтгүүлчдийг мэргэшүүлэх, сургах, хамтдаа хөгжих, нэг нэгнээсээ суралцах боломж олгодог. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй удаа шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулсан төдийгүй дотоод, гадаадын хэд хэдэн томилолтод сэтгүүлчдээ хамруулсан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж