Испанийн хойд хэсгийн эртний Ла Хойя хотын балгасаас археологчид төмөр зэвсгийн үеийн олдвор олжээ. Энэхүү эртний хотын балгасыг 1935 онд нээн илрүүлж, 1973 онд анхны хайгуулын ажлыг гүйцэтгэж байжээ.
Баск үндэстний эртний Ла Хойя хотыг МЭӨ 350-200 онуудын үед эзлэн түрэмгийлэгчид устгасан гэж үздэг.
Устсан Ла Хойя хотыг энэ бүх хугацаанд хэн ч сэргээн засварлаж, дахин босгохыг хүсээгүй бөгөөд тус хотын оршин суугчид үхсэн газартаа булшлагджээ.
Тус хотыг устгасан дайралтын талаар судлахын тулд Оксфордын их сургуулийн эрдэмтэд, Их Британийн археологчдын баг, Испанийн археологчдын баг хотын балгасаас олдсон 13 хүний цогцсыг нарийн шинжилгээнд оруулах гэнэ.
Энэхүү судалгааны багийг удирдаж буй Тереза Фернандез-Креспо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Амиа алдагсдын дунд хүүхэд, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цогцос байна. Нэг эрэгтэй хүний цогцсыг судлахад түүний эгц урдаас хэд хэдэн удаа цохисон нь батлагдсан. Мөн нэг хүний гавлын ясыг маш өвөрмөц байдлаар биенээс нь салгасан байна лээ. Магадгүй гавлын ясыг нь дайралтынхаа дурсгал болгон өөртөө авсан байх. Үүнээс гадна нэг эрэгтэйг араас нь хутгалж, хүмүүсийн гарыг тайрсан байсан” хэмээжээ.
Ла Хойя хот нь Атлантын далайн эрэг, газар дундын тэнгистэй ойрхон өндөрлөг газар байрлаж байсан учир эзлэн түрэмгийлэгчид газар зүйн байршлаас нь болж энэхүү хотыг бүр мөсөн газрын хөрснөөс арчсан гэх анхан шатны дүгнэлтийг ч гаргаад амжиж.
Холбоотой мэдээ