Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги ирэх долоо хоногт Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар тусламж үзүүлэхийг хүсэхээр төлөвлөж буй талаар өнгөрсөн Лхагва гариг (2020.09.30)-т дипломат эх сурвалж мэдээлжээ. Мөн Мотэги айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Нямцэрэнгийн Энхтайван нартай уулзах юм байна.
Монгол Улс нь БНАСАУ болон Япон улстай түүхэн харилцаатай бөгөөд БНАСАУ-ын тагнуулын албаныханд хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.
Японы шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүга хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд бүрэн шийдэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр ямар нэг болзол, шаардлага хүлээн авахгүйгээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн гэж хэлсэн билээ. Тэрбээр энэ асуудалд Абэ Шинзогийн барьж байсан бодлогыг үргэлжлүүлэх нь тодорхой юм.
Мотэги өмнө нь Хойд Солонгостой дотно харилцаатай Монгол Улсаас яриа, хэлэлцээ зохион байгуулахад тусламж хүсч байв. Тэрбээр цар тахлын улмаас хаагдаад буй хоёр орны хооронд үйлдэгддэг нислэгийг сэргээх талаар Монголын талтай хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлжээ.
Японы Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь өнгөрсөн оны зургадугаар сард Японы Гадаад хэргийн сайд асан Таро Коногийн айлчлалаас хойш Монголд хийж буй албан ёсны анхны айлчлал болох юм.
Эх сурвалж: The MAINICHI
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ