Улаанбаатарыг тойроод 20 гаруй байршилд оршуулгын газар бий

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарыг тойроод 20 гаруй байршилд оршуулгын газар бий

Оршуулгын зан үйлд нэвтрүүлж буй шинэ стандартыг танилцуулах сургалтыг өнөөдөр /2020.10.01/ Хангарьд ордны хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт, уулзалтад төрийн холбогдох байгууллагын төлөөлөл, оршуулгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, лам хувраг, Буяны зан үйлийн холбооны төлөөллүүд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж байв. Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн үндэсний газрын мэргэжилтэн бурхан болооч, өөд болооч гэх үгийг албан ёсоор талийгаач гэж албан бичигт бичих болсныг онцлон хэлсэн юм.


Сургалтын үеэр “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэр дээр оршуулгын зан үйлтэй холбоотой маш олон асуудал гарч байгаа. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс 2017 оноос хойш ажиллаж, олон арга хэмжээг авсан. Энэ бүхнийг зохицуулах эрх зүйн суурь бичиг баримтууд гарах зайлшгүй шаардлагууд байсан. Тиймээс хуучин эрх зүйн актуудыг шинэчлэх ажлыг хийж, шинэ журмын төслийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд /НИТХ/ өргөн барьсан. Бидний зүгээс Буяны зан үйлийн холбоо, Стандарт, хэмжил зүйн үндэсний газартай хамтран оршуулгын үйлчилгээнд тавигдах үндэсний стандартыг боловсруулж, батлууллаа. Энэ бол маш чухал суурь бичиг баримт болж буй. Энэ стандартыг хэрхэн мөрдөх талаар бүх оролцогч талуудад мэдээлэл өгөх зорилгоор өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна” гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Арийгун яриандаа онцлов.

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН НЬ ТАВ, ЗУРГААХАН КОМПАНИ БИЙ

Нийслэлийн нутаг дэвсгэр дээр буяны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 40 орчим аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 15 компани байгаа ч яг стандартын шаардлага хангасан нь тав, зургаахан компани, аж ахуй нэгж бий гэдгийг албаныхан хэлсэн юм.

Улаанбаатар хотын эргэн тойронд 20 гаруй байршилд оршуулгын газар бий. Гэтэл НИТХ-ын 2015 оны 15 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт төвийн зургаан дүүргийн найман байршилд зөвшөөрөлтэй оршуулга хийж болно гэдгийг зохицуулж өгсөн байдаг. Харин Багануур дүүрэгт нэг, Налайх дүүрэгт албан ёсны зөвшөөрөлтэй гурван байршил байдаг аж.

Зөвшөөрөлгүй оршуулгын газрууд нь ой мод, амралт зугаалгын бүсэд хүн оршуулж буй зөрчлийг илрүүлсэн байна. Энэ талаар Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Арийгун мэдээлэхдээ “Нийслэлд албан ёсны зөвшөөрөлгүй байршилд оршуулга хийсэн газруудын 100 шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ жил Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хийлээ. Ингэхдээ лам хуварга, ар гэрийнхэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласан. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн зусланд байрлалтай оршуулгын газрын шарилыг шилжүүлж, чандарласан. Уг газар нь хүүхэд асрах төвийн хашаатай залгаа байсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Шүлэг уулын энгэр дээр бас зөвшөөрөлгүй оршуулсан хэсэг шарилыг чандарласан” гэлээ.

ШАРИЛ ЧАНДАРЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ 980-2.5 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ БАЙХААР ТОГТООЖЭЭ

Буяны зан үйлийн зардлаас хамаарч, тухайн аж ахуй нэгж оршуулгын үнэ хөлснийг тогтоодог гэнэ. Өнөөдрийн байдлаар чандарлах үйлчилгээний үнийг стандартаар тогтоож, хамгийн багадаа 980 мянган төгрөгөөс эхлэж, 2.5 сая төгрөгийн өртөгтэй байна. Шарилыг газарт оршоох үйлчилгээний үнэ 2-15 сая төгрөг байхаар тогтоожээ.

"Бид өнөөдөр оршуулгын зан үйлтэй холбоотой асуудлуудыг цэгцлэх, ерөнхий стандартыг батлан гаргаж, танилцуулж байна. Түүхийн урт хугацааны явцад оршуулгын газрыг тойрсон асуудлууд байнга гарсаар ирсэн. Тухайн үеийн засаг захиргаа энэ асуудлыг зохицуулж, шийдвэрлэж байсан. Улаанбаатар хотын энд тэндгүй оршуулгын газар бий болж, 2000 оноос хойш олон аж ахуй нэгж оршуулгын үйлчилгээ эрхлэх болсон. Аливаа асуудлыг дүрэм, журам, хуулиар зохицуулахаас гадна тухайн аж ахуй нэгж, хүний ёс зүйн асуудлууд байдаг. Тиймээс манай холбооноос 14 байгууллагыг гишүүнчлэлээр авч, ёс зүйн дүрмийг баталсан. Мөн үнийн хувьд хэт өндөр байна гэж иргэд гомдол санал хэлдэг. Үүнийг судлахаар өндөр үнэтэй компаниуд хариуцлага хүлээж, арчилгаа, хамгаалалтыг тогтмол хийж, 60 жилийн баталгаа өгдөг. Харин хямд үнэтэй аж ахуй нэгжүүд энд тэндээс чулуу хөшөө, хайрцгийг худалдан авч, зөвшөөрөлгүй газар буяны зан үйл үйлдээд орхичихдог. Эргээд ямар ч хариуцлага, харуул хамгаалалтыг хийдэггүй. Тийм учраас үнэ тарифын хувьд зөрүүтэй байдал үүсч байгаа" тухай Буяны зан үйлийн холбооны тэргүүн Г.Идэрмаа ярилаа.

ЖИЛД 100 ОРЧИМ НЭР, ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ, УРАГ НЯРАЙН ЦОГЦОС, АРАГ ЯС, ЭД ЭРХТНИЙ ТАСАРХАЙГ ЧАНДАРЛАДАГ

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зүгээс оршуулгын зан үйлтэй холбоотой шинээр батлагдсан стандартад чухал санал зөвлөмжийг оруулсан. Ялангуяа монголчуудын оршуулгын зан үйлтэй холбоотойгоор суурин газрын ойр орчим шарилыг ил тавих, ураг нярайн цогцсыг гээх асуудал ихээр гардаг. Энэ нь нийгмийн сэтгэл зүй, эрүүл ахуй талаасаа маш их эрсдэл дагуулдаг. Ил тавьсан цогцсыг нохой, шувуу идэх, тасдаж ийш тийшээ зөөдөг. Тэр нь цагдаагийн байгууллагад дуудлага болж ирээд, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс хэргийн газар дээр очиж ажилладаг. Ингэснээр үргүй зардал гаргаж буй нэг хэлбэр юм.  Шинэ журмыг баталснаар ийм асуудлыг цэгцэлж, чандарлах, газарт оршоох хэлбэр рүү шилжиж байгаа юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн чиг үүрэгт байхгүй ч гэсэн нийслэл хотын хэмжээнд шарил хадгалах, ар гэрт нь хүлээлгэн өгөх, хариуцах эзэнгүй цогцыг  оршуулах ажиллагааг хийж гүйцэтгэдэг. Жилдээ 100 орчим нэр, хаяг тодорхойгүй, ураг нярайн цогцос, араг яс, эд эрхтний тасархайг чандарладаг.  Сүүлийн жилүүдэд ураг нярайн цогцсыг хаях тохиолдол багассан" талаар Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд хэлсэн юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж