АНХААР: ЦАСАН ШУУРГА ҮРГЭЛЖИЛНЭ

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

АНХААР: ЦАСАН ШУУРГА ҮРГЭЛЖИЛНЭ

АНХААР: ЦАСАН ШУУРГА ҮРГЭЛЖИЛНЭ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуургатай байхыг цаг агаарын Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тодруулбал, өчигдөр /2020.09.30/ орсон цасан шуурганы улмаас хөдөө орон нутагт 18 малчин сураггүй алга болж,  иргэд машинтайгаа цасанд боогдсон гурван  тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал,  Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд хоёр, Өлзийт суманд нэг, Хужирт суманд хоёр, Бүрд суманд нэг, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд нэг, Төв аймгийн Эрдэнэсант суманд нэг, Бүрэн суманд хоёр иргэнийг буюу нийт арван малчдыг  эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Харин Өвөрхангай аймгийн Өлзийт суманд нэг, Зүүнбаян-Улаан суманд нэг, Бүрд суманд хоёр, Дундговь аймгийн, Эрдэнэдалай суманд нэг, Төв аймгийн Дэлгэрхаан суманд хоёр , Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд нэг нийт  найман малчдыг   эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй. Тодруулбал, 

  • Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын малчин 40 настай эрэгтэй У, 30 настай эрэгтэй  Ц нар есдүгээр сарын 30-ны өдөр  малдаа яваад цасан шуурганы улмаас сураггүй алга болсон.  Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19.50 цагт тус сумын Цагаан нуур гэдэг газраас эсэн мэнд ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ. 
  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын  малчин 35 настай эрэгтэй Т, 35 настай эмэгтэй О нар  14:30 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон. Мөн  өдрийн 18:25 цагт  Ар задгай  гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин 70 настай эрэгтэй Ч 16:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд түүнийг өнөөдөр /2020.10.01/  04:05 цагт малчин Ю-ийнд эсэн мэнд байхад нь алба хаагчид олж  ар гэрийнхэнд  нь хүлээлгэж өгчээ.
  • Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин 27 настай эрэгтэй О өдрийн 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр  04:10 цагт Дамбын булаг  гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
  • Төв аймгийн Бүрэн сумын малчин 70 настай эмэгтэй С, 68 настай эрэгтэй Д нар 11:30 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон.  Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр  06:20 Цагаан нуур гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

 ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БУЙ НАЙМАН ТОХИОЛДОЛ 

  • Өвөрхангай аймгийн Өлзийт сумын  малчин 41 настай эрэгтэй С, 40 настай эрэгтэй О нар  есдүгээр сарын 30-ны өдрийн  14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат малчин 35 настай эрэгтэй Н 12:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин 44 настай эрэгтэй  Т, 44 настай эрэгтэй Ц, 42 настай эмэгтэй Д нар өдрийн 12:00 цагт малдаа гараад сураггүй болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр /2020.10.01/  06:07 цагт иргэн Ц-г сураггүй болсон газраас урд зүгт 20 км-т Цагаан толгой  гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Үлдсэн хоёр иргэнийг  эрэн хайж байна.
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин 50 настай эрэгтэй А 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн Уст гэдэг газар 34 настай эрэгтэй Д, 27 настай эрэгтэй С нар өдрийн 14.00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

ЦАСАНД БООГДСОН ТАВАН ЗОРЧИГЧДЫГ  СУМЫН ТӨВД АВЧИРЧЭЭ

Цасанд  боогдсон гурван тохиолдоос дурдвал,

  • Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Арвайхээр сумаас Хужирт сумын чиглэлд зорчиж явсан Mазда демо загварын нэг зорчигчтой  суудлын автомашин болон хоёр зорчигчтой  Истана  загварын суудлын автомашин  цасанд суусан байсныг 18.22 цагт алба хаагчид очиж автомашиныг татан гаргажээ.
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан таван зорчигчтой  Приус 20  загварын суудлын автомашин 19:00 цагийн орчим цасанд суужээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагчид хөдөлгөөн үйлдсэн.
  • Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын эзэмшлийн  Айртрэк  загварын суудлын автомашин Сэлэнгэ аймгийн Баянгол суманд эвдэрч, цасанд суужээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын  аврах ангийн алба хаагчид 30 км замыг туулан 00:00 цагт очиж, автомашин нь хөдлөх боломжгүй байсан тул орхиж, таван зорчигчдийг  сумын төвд авчирчээ.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр "Өнөөдөр 11.00 цагийн байдлаар орон нутгийн замын хөдөлгөөн хэвийн хаагдсан зам даваа байхгүй" гэлээ. 

ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  өнөөдөр буюу  аравдугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд өдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, 2, 3-ны өдөр говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.Иймд тариа ногоо цасанд дарагдаж, зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

-Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас  анхааруулж байна.  

УЛААНБААТАР-ДАРХАНЫ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ  ХААЛАА
Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүлийн 14.1, Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр /2020.10.01/ тушаал гаргажээ. Тодруулбал, их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өнөөдөр 20.00 цаг хүртэл түр хааж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор болсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж