Японы батлан хамгаалахын сайд Лхагва гаригт (2020.9.30) 52 тэрбум ам.долларын өртөгтэй төсвийг оруулж ирлээ. Хятад, Хойд Солонгосоос ирэх дарамт, заналхийллийн эсрэг Япон улс цэргийн бэлэн байдлаа хангах хэрэгтэй гэж үзсэн байна. Сүүлийн арван жилд цэргийн зардлаа тогтмол нэмэгдүүлсээр байгаагаа Японы талаас Хятадын цэргийн хүчирхэгжилт, бүс нутгийн зөрчил, маргаанууд, Хойд Солонгосоос ирэх урьдчилан таамаглах аргагүй аюулаас хамгаалах зорилготой хэмээн тайлбарладаг.
Японы батлан хамгаалах яам 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэх санхүүгийн жилд 5.49 их наяд иений төсөв боловсруулжээ. Өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард баталсан төсөв нь 5.3 их наяд байв. Төсвөө нэмэгдүүлснээр харуулын хоёр хөлөг онгоц, шумбагч худалдан авах, дэвшилтэт загварын байлдааны нисэх онгоцоор техникээ шинэчлэх гэнэ. Батлан хамгаалахын төсөвт АНУ-аас “Aegis Ashore” пуужингийн систем худалдаж авах зардал багтаагүй байна.
Үүний зэрэгцээ Японы өөрийгөө хамгаалах хүчнээс шинээр 540 хүнтэй цахим хэлтэс, 70 хүнтэй сансрын алба байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Agence France-Presse
Холбоотой мэдээ