Монголын Үндэсний Бөхийн Холбоонд 2002 оноос үүссэн маргаантай асуудлууд одоо болтол цэгцлэгдээгүй байна. Үүнийг эмхэлж цэгцлэх, Монгол үндэсний бөхөө хөгжүүлэх, сурталчлах зэрэг олон асуудлуудад өнөөдөр залуу бөхөөс улсын аварга цолтой бүх бөхчүүд санаа зовниж байгаагаа илэрхийлж байна.
Маргаан эхэлсэн 2002 оноос хойш талууд 2006, 2010, 2014, 2017, 2018 онуудад тус бүрдээ Их эе хурал гэж хийсэн. Гэвч тухай бүр нь маргаан дагуулж, шүүхийн маргаан үүсгэсээр өдийг хүрчээ. 2017 онд тодорхой хүрээнд ирц бүрдүүлж, Их эе хийсэн байдаг ба “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон. Харин 2018 оны гуравдугаар сард 21 аймгийн төлөөлөлтэй 200 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй наймдугаар “Их Эе” хуралдаж, тухайн үед МҮБХ-г бодитоор тэргүүлсээр ирсэн МУ-ын СГЗ Р.Нямдоржийг чөлөөлж, шинэ удирдлагуудаа сонгосон. Гэтэл үүний дараа өмнө дурдсан 2017 оны “Их Эе”-ийн дагуу Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүн гэсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хийж, үүнтэй холбоотой шүүхийн маргаан үүссэн. Үүнээс шалтгаалж Бөхийн Өргөө хаагдахад хүрч, ээдрээ төвөгтэй маш олон үйл явдал өрнөсөн. Эцсийн дүндээ маргалдагч талууд олон жил бугшсан үл ойлголцол, талцал хуваагдлыг хамгийн зөв арга замаар шийдвэрлэх дээр санал нэгдэж, шүүхийн маргаануудаа зогсоохоор болж, хамтарсан байдлаар нэгдсэн хурал хийе гэдэг дээр 100 хувь санал нэгдсэн юм. Энэ үед “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь “Дахин МҮБХ-ны асуудалд оролцохгүй, та бүхэн нэгдсэн хурлаа хийж асуудлуудаа бүрэн шийдэх биз ээ” гээд 2017 онд сонгогдсон МҮБХ-ны тэргүүнээсээ татгалзаж, 2018 оны Их Эе хурлаас тэргүүнээр сонгогдсон Дархан аварга Б.Бат-Эрдэнэд өөрт байгаа тамга гэрчилгээг өгч байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд мэдээлсэн.
Олон жилийн маргааныг эцэслэх оролдлого санал, санаачлага, зөвшилцөл, буулт, гуйлтыг талууд сүүлийн хоёр жилийн хугацаанд олон удаа гарган ажиллаж ирсэн. 2020 оны есдүгээр сарын 05-ны өдрийн хамтарсан Цэцдийн зөвлөлийн хурлаас байгуулсан 11 хүнтэй Ажлын хэсэг нь энэ эвлэрэлийн үргэлжлэл юм. Ажлын хэсэг есдүгээр сарын 25-ны өдөр хуралдаж Цэцийн дахин хийх хурлын товыг аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан байгаа бөгөөд энэ хурал амжилттай зохион байгуулагдах нэн шаардлагатай цаг үе тулж ирээд байна.
Хэрэв энэхүү аравдугаар сарын 24-ний Цэцдийн зөвлөлийн хурал ямар нэг шалтгаанаар хойшилвол 2002 оны Цэцдийн зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хурал хийх төвөгтэй байдал үүсэхээр байна. Бидний хийхээр төлөвлөж байгаа Их Эе хурал зохион байгуулагдахдаа ямар нэгэн алдаа гаргавал хурлын дараа тус хурлыг хүчингүй болгуулах нэхэмжлэлүүдийг гаргахаа нэг бус бөхчүүд, бөхийн зүтгэлтэнгүүд илэрхийлж байгаа. Монгол бөхийн нэр хүнд олон жилийн маргаан, допинг зэрэг асуудлаас болж унаж байгаа явдал, мөн МҮБХ-ны санхүү, дансыг 2018 оноос битүүмжилж хаагдсанаас үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч тэнд ажилладаг олон жирийн ажилчдын ар гэр амьдрал хүнд байгаа, бөхийн барилдаан зохион байгуулагдах боломж /захиалагч бүх байгууллага төлбөрийг дансаар хийх шаардлагатай гэдэг асуудал/ хомс зэрэг тулгамдсан асуудлууд үүсээд байна. Иймд эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд хамтын хүчээр Их Эе хурлаа зохион байгуулан хийж МҮБХ-ны дүрмийг шинэчлэн боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтыг олон нийтэд нээлттэй болгож нийгмийн бусад салбаруудаас төлөөлөлүүдийг оруулсан төрийн бус байгууллага болгох үүрэг бөхийн зүтгэлтэнгүүд, бөхчүүд бидэнд ирээд байна. Ихэнх бөхчүүдийн зүгээс олон жилийн маргааныг эцэслэх, Монгол бөхөө цэвэр ариун, ёс жудагтай байлгаж хойч үедээ өвлүүлэх, ард олондоо эерэгээр таниулан сурталчлах үйл ажиллагааг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг, мөн Төрийн зохих байгууллагуудаас Их Эе хурлыг яаралтай хийж Монголын өв соёлын нэг хэсэг болох Монгол бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах эх суурийг бэлтгэн өгөхийг бид бүхэнд шаардан, даалгаж байгаа. Иймд Их Эе хурлыг товлох Цэцдийн Зөвлөлийн гишүүдийг /2017 оны Ээлжит бус Их Эе хурлаас сонгогдсон 46 гишүүн мөн одоо ажиллаж байгаа 21 аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн, удирдлагууд/ 2020 оны аравдугаар сарын 24-ний өдөр товлогдсон хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Холбоотой мэдээ