"Ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын саналд нэгдсэн"

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Live"Ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын саналд нэгдсэн"

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байна

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, September 30, 2020

09 : 44
2020-10-1

Х.Баттулга: Бид импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн улс боллоо

Ийн намрын чуулган нээлтээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Дэлхий дахинд том сорилт болсон 2020 он ерөнхийдөө дуусахад ойрхон байна. Коронавирусийн халдварыг тойрч гарсан улс одоогоор байхгүй ч Монгол Улсын хувьд есөн сарын хугацаанд дотооддоо алдалгүй байгаад хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд ажиллаж буй цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарын хамт олон талархал илэрхийлье.  Цар тахлын улмаас бидний алдаж буй гол асуудал бол экспорт. Цаашид цар тахлын хоёрдугаар давалгаа хэр хүрээг хамарч, хүчтэй тархах нь тодорхойгүй төлөвт байна. Бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, эдийн засгаа сэргээх, экспортын орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр оновчтой бодлого, шийдвэр гаргах ажиллах нь чухал байна. Шинэ УИХ-ын анхны чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлах ёстой гэдгийг сануулж байна. Намрын чуулганы өмнө орон нутагт ажиллахад, нөхцөл байдал хүндэрсэн байна. Олон сумдад ган болж өвөлжилт хүндрэх, малын гаралтай түүхий эд үнэгүйдэх, хөгжлийн ялгаатай байгаа нь тэгш хандлага, тэнцвэртэй бодлого чухал байна.

Сүүлийн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь битгий хэл жижиг хэлбэрээр ч хийж хэрэгжүүлж чадсангүй. Үр дүнд нь импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн улс боллоо. Төсвийн сахилга бат алдагдаж, орон нутгийн удирдлага замбараагүй үргүй зардал их гаргаж байна.

80 сая дөхөж байгаа мал, түүний гаралтай бүтээгдэхүүнийг мөнгө болгож чадахгүй, үнэгүйдүүлж байгаад харамсч байна.

Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол бидний хүлээж байна. Иргэдийнхээ орлогыг хамгаалах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байгаа учраас хамгийн чухлаас эхлэн эрэмбэлж, эн тэргүүнд хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсч, шаардаж байна. Өрийг өрөөр дарчхаад дайсан дарсан мэт хөөрцөглөж байхаар орлого олох талаар ухаанаа уралдуулаач гэж хүсч байна. Маш хурдтай өнгөрч байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлдэггүй юм гэхэд ядаж цаг хоцрохгүй ажилламаар байна, олонх. Экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг дэмжих чиглэлээр онцгой анхаарч, цогцоор нь харж төлөвлөх хэрэгтэй байна.

09 : 18
2020-10-1

Г.Занданшатар: Ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын саналд нэгдсэн

УИХ-намрын чуулган нээлтээ хийж, өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, үг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэйгээ уулзаж, бүх байнгын хороод хуваарийн дагуу хэлэлцүүлэг зохион байгууллаа. Байнгын хороод салбар, салбарын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэл сонслоо. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгүүд асуудлаа шийдвэрлэх арга замыг хайж, ажиллаа. Завсарлагааны хугацаанд Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болох, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулах тогтоолын төслүүд өргөн баригдсан. Цаашид уламжлал болгон намар, хаврын чуулганы өмнө хэлэлцүүлэг, ард түмний үгийг сонсдог мэргэжлийн парламент байхыг гишүүд эрхэмлэж байгаа. Гишүүд хөдөө, орон нутагт ажиллах үеэр иргэдээс өвөлжилтөд хүндрэл учрах, гамшгийн байдлыг газар дээр нь үнэлгээ хийх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх, мах экспортлох зэрэг асуудлаар Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа ч аймаг орон нутгийн удирдлага хамтран ажиллах хэрэгтэй байна. Тиймээс маргаашийн чуулганы хуралдаанаар  өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсохоор төлөвлөж байна.

Намрын чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы хугацаа 75 хоног байх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд биднийг хүлээж байгаа. Иймд бид ихээхэн ачаалалтай хуралдаж, цаг хугацаатай уралдах шаардлагатай болж байна. Төсвийн төсөл, зээлийн хүүг бууруулах стратегитай уялдаатай хэлэлцэх, ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн. Саарал жагсаалтаас гарахтай холбоотойгоор 6 заалтын дөрвийг нь биелүүлж ажиллаж байна.

Эрхэм гишүүдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэл 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хойшлуулахгүй байх, Хот тосгоны болон нийслэлийн Эрх зүйн байдлын хуулийн шинэчлэх, Дархан-Уул, Орхон аймгуудыг хотын статустай болгоно. Мөн Шүүхийн бие даасан байдал, шударга бус шүүхтэй холбоотой шүүхийн багц хуулиудыг батална.

08 : 14
2020-10-1

УИХ-ын чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2020.10.01/ 09:00 цагаас нээлтээ хийнэ. Намрын чуулган  холбогдуулан Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ.

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж