Хууль зүйн сайд аа, Ерөнхий сайдтайгаа битгий тэрсэлд

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайд аа, Ерөнхий сайдтайгаа битгий тэрсэлд

Хууль зүйн сайд аа, Ерөнхий сайдтайгаа битгий тэрсэлд

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хамгийн сүүлийн шинэ мэдээнээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ыг сонгуульд оролцуулахгүй байх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсныг та юу гэж харж байна вэ. Нэг хэсэг нь энэ үйл явцын ард танай нам байгаа гэж буруутгаж, нөгөө хэсэг нь ХҮН төлөвшиж чадсангүй гэж шүүмжилж байна?

-Орон нутгийн  сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Ардчилсан намынхаа нэр дэвшигч залууст амжилт хүсч яриагаа эхлэх нь зөв болов уу. Харин ХҮН намын талаар миний мэдлэг маш хомс, тэдний дотоод асуудлыг бүр ч мэдэхгүй. Шүүх дээр ямар маргаан ирээд яаж шийдсэн талаар мэдээлэл алга, шүүхийн хүнээс асуувал дээр байх аа.

 –Та энэ удаагийн орон нутгийн сонгуульд яагаад нэр дэвшсэнгүй вэ?

-Намынхаа залууст тусалж ард нь ажиллая гэж бодоод дэвшсэнгүй. Манай намын хувьд энэ удаагийн сонгуульд залуус өргөн фронтоор орж байна, тэдэнд сургалт, зөвлөмж өгөх талаар идэвхитэй ажиллаж байгаа.

 –Ардчилсан намын хувьд Н.Энхбаяр, Ж.Батзандан хоёртой нэгдэж, орон нутгийн сонгуульд оролцож байна. Гэхдээ танай намыг дэмжигчид төдийлөн таатай хүлээж авахгүй байгаа.  Тэгэхээр АН дангаараа сонгуульд оролцож болоогүй юм уу. Ер нь танай намын рейтинг хэр байгаа бол?

-Нам маань сонгуульд дангаараа орж байгаа шүү дээ. Чиний нэрлэсэн бүх нам бас дангаараа орж байгаа. Бид албан ёсоор эвсээгүй, тэр тусмаа нэгдээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Сонгуульд дан дангаараа оронгоо хамтран ажиллах гэдэг эвсэхээс их өөр, гэхдээ байж болох нэг хэлбэр.

 –Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дийлэнх нь залуучууд байна. Танай намын хувьд  нэр дэвшигчдээ ямар шалгуураар сонгов?

-Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид маань эрч хүчтэй, туршлагатай залуус байгаа. Мэдээж, хуулийн дагуу эмэгтэйчүүд квотоороо орсон. Манай намын залуусын хувьд нэг онцлог бий. Манай нам дотор үе солигдох  үзэгдэл бололгүй олон жил болсон. МАН бол 1930-аад оноос хойш хичнээн олон удаа үе солиод үзчихсэн институци байтал, АН маань анх удаа энэ жил томоохон хэмжээнд үе сольж байна. Нэгэнт эхний үеийнхэн суурин дээрээ их удсан тул дараа үеийн залуус маань харьцангуй олон жил туршлага хуримтлуулах ажил хийсэн байна. Иймээс манай намын залуус бусад намынхаа залуусыг бодвол төрийн ажил, хувийн хэвшил болон нийгмийн ажлын асар их туршлагатай шинэ үе болон орж ирцгээж байна.

-Анх удаа АН сонгуульд үүрэг гүйцэтгэгчээр удирдуулж байгаа нь  магадгүй сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх биш биз?

-Үүрэг гүйцэтгэгч даргатай сонгуульд орсон нь манай нам дүрмээ сахиж, процедурын дагуу ажиллаж буйг харуулж байгаа юм л даа, уг нь. Намын даргын сунгааг сонгуулийн өмнө явуулахад боломжгүй юм байна гэж шийдсэн. Тэгэхээр намын дарга албан ёсоор сонгогдоогүй бол үүрэг гүйцэтгэгчтэй л ажиллах нь дүрэмдээ нийцнэ. Дүрмийн бус, процедурын бус хуурамч даргатай сонгуульд орчихвол харин намдаа халтай болох байсан.

"ХОТЫН СОЁЛЫГ АРДЧИЛСАН НАМ АРАЙ ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА"

 –Нийслэлд дэвшүүлж буй АН-ын гол бодлого юунд чиглэгдэж байгаа вэ. Шийдлийг нь та бүхэн хэрхэн харж байгаа бол?

-Нийслэлд нэр дэвшиж буй АН-ынхаа нэр дэвшигчидтэй би нэгбүрчлэн уулзсан. Тэд маань жорлон, утаа, түгжрэлд онцгой анхаарч ажиллана гэцгээж байна. Бас хотын соёл. Энэ бүхнээс манай намынхны маш сайн хийж чадах зүйл бол нийтийн тээврийг хөгжүүлэх гэж бодож байна. Тэд ч бас нийтийн тээврийг үнэгүй болгоё гэж мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Дэлхийн бүх  том хот түгжрэлийн асуудлыг нийтийн тээврээр  шийддэг. Алхах, дугуй унах бол асуудлыг багасгадаг ч гэсэн гол шийдлийг нийтийн тээвэр  гаргаж өгдөг. Тэгэхээр манайхны хийх хамгийн том ажил нийтийн тээвэр хөгжүүлэх юм. Бас тэд маань жорлонгоо өөрчилнө гэсэн хатуу итгэл үнэмшил, тэмүүлэлтэй сонгуульд өрсөлдөж байна.

Утаан дээр улстөржихгүйгээр сайн жишгийг үргэлжлүүлж, бүх талуудтай хамтран ажиллана гэж зорьж байгаа. Энэ дашрамд хэлэхэд, хотын соёлыг АН арай дээр хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хотынхоо ганц Зайсан толгойг ороогоод хувьдаа барилга барьчихдаг МАН-ын дарга нарт соёлоо даатгахад тун хэцүү болсон цагт АН-ын залуусаас арай өөр гарц гаргалгаа гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-АН ялбал таныг хотын дарга болно гэх яриа гарах болсон, хэр бодитой вэ. Ер нь танд хотын дарга болох амбиц байна уу?

-Надад бол намын дарга болох амбиц байгаа. Хотын даргын тухай яриа бол цуу төдий.

 –Орон нутгийн сонгуулийн дараа АН-д дотоод шинэчлэл өрнөх байх. Үнсэндээ, Өнгөрсөн хугацаанд танай намын шинэчлэл үр дүн муутай байсан нь сонгуулийн ялагдалд хүргэв үү?

-Тийм ээ, тэгж дүгнэж болно.

Таны хувьд намын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн. Ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийх вэ?

-Намыг бага зардлаар тогтвортой ажиллах боломжтой институц болгоно. Нээлттэй, шилэн данстай болгоно гэж бодож байгаа. Юм нээлттэй болох тусмаа зардал хямдардаг гэж би итгэдэг. Хаалттай байснаараа хаа хамаагүй үрэлгэн байдал бий болдог. Нээлттэй байвал “тэр тийм өндөр зардлаар тиймхэн ажил хийгээд байхдаа яадаг юм” гээд шууд шууд шүүмжлээд, тал талаасаа даруухан хэрэглээ рүү шахаж эхэлдэг. Тэгэхээр улс төрийг хямд төсөр болгоё гэвэл нээлттэй байлгаад байя гэж бодоод байгаа.

 –Одоо дахиад шинэчлэлтийн дараа АН өөрчлөгдөж чадах уу гэсэн эргэлзээ, тээнэгэлзээ нийгэмд бий болсон. Шууд асуухад, АН жинхэнээсээ өөрчлөгдөж чадах уу?

-Чадахаар барах уу. Харин ч гоё өөрчлөгдөнө гэж бодож байгаа.

"ЕРӨНХИЙ САЙДТАЙГАА ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ ЖААХАН ТЭРСЭЛДЭЭД БАЙГАА МЭТ ХАРАГДАЖ БАЙНА"

 –Сүүлийн үед үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох гээд Үндсэн хуульд заасан эрхийг эрх мэдэлтнүүд ноцтойгоор зөрчих боллоо. Цахим орчинд иргэдийн үзэл бодлыг хянах, цензурдах тусгай нэгжийг хүртэл ЦЕГ дэргэдээ байгууллаа. ҮАБ нэрийн дор бүгдийг хянах нөхцөл бүрдлээ гэж хуульчид хэлж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Үүнийг би эрс эсэргүүцэж байгаа. Аюулгүй байдлын талаар сонор сэрэмжтэй ажиллах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар гэх бүхэл бүтэн агентлаг Ерөнхий сайдын мэдэлд ажиллаж байхад Хууль зүйн сайдын мэдлийн дор ажилладаг ЦЕГ дэргэдээ юун ҮАБ-ын алба байгуулаад байгааг би ойлгохгүй байгаа.

Улс төрийн өнцгөөс харахад Ерөнхий сайдтайгаа Хууль зүйн сайд нь жаахан тэрсэлдээд байгаа мэт харагдаж байна. Нөгөө талаасаа энэ эрх мэдлийн сөргөлдөөнд иргэд ихээр хохирно гэж санаа зовинож эрс эсэргүүцэж байгаа.

Аюулгүй байдлын асуудлаа Ерөнхий сайд нь гартаа ав аа, Тагнуулын ерөнхий газраар ажлыг нь тайван хийлгэ. Наад цагдаад тань ажил мундахгүй их байна, Хууль зүйн сайд аа, битгий Ерөнхий сайдтайгаа тэрсээд төсөв мөнгө дэмий үрээд бай гэж хэлмээр санагдаж байна.

 –Та УИХ-ын гишүүн байхдаа хүчирхийллийн эсрэг хамгийн их дуугардаг байсан. Өнөөгийн парламентын эмэгтэй гишүүд бүлэг байгуулж энэ чиглэлд дуугарч эхэлж байгаа. Гэхдээ илүү хүчтэй дуу хоолой болохын тулд яах ёстой вэ?

-Өнөөгийн эмэгтэй гишүүд хүчирхийлэлтэй хүчтэй тэмцье гэвэл Хууль зүйн байнгын хороонд олноороо орж ажиллах хэрэгтэй. Одоогоор тэнд Ц.Мөнхцэцэгээс өөр эмэгтэй гишүүн алга. Ганц хүн дэндүү цөөднө. Хууль зүйн байнгын хорооны бодлогын түвшинд дэмжигдэж байж энэ асуудал углуургаараа урагшилна. Яг үнэнийг хэлэхэд хүчирхийлэлтэй тэмцэхэд хамгийн чухал хэрэгтэй байсан “Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль”-ийг эргэж батлуулж байж асуудал урагшилна.

Энэ хуулийг хэрэгжиж эхлэхээс нь хоёрхон хоногийн өмнө татан авч байсан С.Бямбацогт одоо нүглээ наманчилж уг хуулийг буцаан өргөн барьж батлуулах хэрэгтэй.

 –Соёлын сайдаар ажиллаж байсны хувьд бие даасан Соёлын яамтай болсныг та талархан хүлээж авч байгаа байх. Тус салбарын сайдаас юуг хүлээж байна вэ?

-Соёлын яам сэргэн байгуулагдсанд баярлаж байгаа. Соёлын салбар бол маш сайхан салбар. С.Чулуун сайд яаж ажиллахаа надаар заалгахгүй мэдэх биз дээ. Харин өмнөх уламжлалт сайн бодлогууд, амжилтуудыг үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Нэг алхам урагш, хоёр алхам хойш гэмээр тийм ухарсан юм битгий хийгээсэй. Өв соёлгүй, түүхгүй юм шиг авирлаж байгаа намынхаа дарга нарыг хазаарлаасай гэж хүсч байгаа.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж