"Тоглоомын талбай дээр гэмтсэн хүүхдүүд хохироод үлддэг"

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

"Тоглоомын талбай дээр гэмтсэн хүүхдүүд хохироод үлддэг"

"Тоглоомын талбай дээр гэмтсэн хүүхдүүд хохироод үлддэг"

Бяцхан хүү  баруун гараа сойж,  зүүн гартаа рентгений зургаа барьсаар эмчийн өрөөний зүг ээжтэйгээ алхана. Энэ жил долооон нас хүрч буй хүү  сандал дээрээс унахдаа гараа хугалчихсан бөгөөд гибсээ авхуулахаар иржээ.

Энэ мэт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн /ГССҮТ/  яаралтай түргэн тусламжийн тасгийн өрөөний гадаа дугаарлан зогсох хүүхэд олон. Зуны гурван сард  тус төв хөл, гараа хугалж бэртээсэн хүүхдүүдээр дүүрдэг гэнэ. 

Өдөрт гурван эмч үзлэг хийнэ.  Нэг эмч нь  60-80 хүүхэд хүлээн авч үзлэг хийдэг гэвэл нийт 160 хүүхэд бэртсэн, гэмтсэн гэх шалтгаанаар  ГССҮТ-д ханддаг аж.

Зуны улиралд хүүхдүүд гадаа тоглох нь ихэсдэг учраас  дагаад осол бэртэл нэмэгддэг. Харин  хүйтний улирал ирж байгаа учраас  түлэгдсэн хүүхдүүдээс гадна халтирч болон цана, чарганаас унаж гэмтсэн осол ихэсдэг аж.  

Хамгийн сүүлд гэхэд, есдүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо "Цагаан хуаран" хотхонд  бага насны гурван хүүхэд бэхэлгээ муутай гулсуурт даруулсан осол гарсан.  Осол гарахын өмнөхөн Сууц өмчлөгчдийн холбооноос /СӨХ/  гулсуурыг байршлаас нь хөдөлгөсөн бөгөөд түүнийгээ оршин суугчдад мэдэгдээгүйд хүүхдүүдийн эцэг эх  гомдолтой байгаа аж. Азаар ослын улмаас хүүхдүүдийн амь нас эрсдээгүй ч  зургаан настай охины  баруун гар хугарч, толгой, цээж, хөлөндөө зөөлөн эдийн бэртэл авчээ. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа Монгол Улс  хүүхдийн тоглоомын талбайн стандарттай эсэх талаар хөндлөө.

 ХҮҮХДҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ  БАЙРНЫХАА ГАДАА  ТОГЛОЖ БАЙХДАА БЭРТДЭГ

Өдрийн 16.00 цагийн үед  ГССҮТ-ийн  Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлах, түргэний машинаар хүргэгдэн ирэх үйлчлүүлэгчид тасрахгүй байлаа.  Тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хэсэгт  цаг гаруй суухад  хугарсан гарынхаа өвчинд шаналан  уйлах хүү, гудамжид найзуудтайгаа тоглож байхдаа хөлөө бэртээсэн охин нулимс дуслуулан дамнуурга дээр хэвтэх аж.

  Жил ирэх бүр бага насны хүүхдүүдийн осол, гэмтэл ихсэж байгааг ГССҮТ-өөс  гаргасан судалгаанаас харж болно.

  • Тухайлбал, 2017 онд 0-18 хүртэлх насны 29.314
  • 2018 онд 41.960
  • 2019 онд 47.926 хүүхэд тус,тус ханджээ.

Дээрх тоон баримтаас харахад ахуйн орчинд буюу гэртээ болон гудамж, тоглоомын талбайд унаж бэртсэн тохиолдол гэмтлийн  ихэнх хувийг эзэлж байгааг онцолъё. Тус төвийн эмч нарын хэлж буйгаар гэмтэж, бэртэж ирсэн хүүхдүүдийн дийлэнх нь гэртээ, байрны тоглоомын талбайд гэмтдэг гэлээ. 

НИЙСЛЭЛД НИЙТ 1452 ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БИЙ

III, IV хороололд байрны голд байрлах  тоглоомын талбай жижигхэн бас газрыг нь цементээр цутгажээ. Цементэн хавтан дээр хүүхдийн гулсуур, жижиг сүүдрэвч барьсан байх бөгөөд  цементэн дээр унасан хүүхдүүд бэртэхгүй гэсэн баталгаа байхгүй.  “П” хэлбэртэй тус байрны голд байрлах тоглоомын талбай машин замд тун ойрхон. Уруу байрлалтай учраас хүүхэд бөмбөгнийхөө араас гүйж байгаад машин доогуур орохгүй гэх баталгаагүй.  Энэ бол Улаанбаатар хотын төвд сүндэрлэх үй түмэн барилгуудын ганцхан жишээ. Бодит байдал гэвэл эцэст нь  хүүхдүүд гар, хөлөө хугалж, ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлан зогсогчдын эгнээнд шилжиж байна. Харин үүнд хариуцлага хүлээх эзэн тодорхойгүй. Энэ мэтчилэн дүр зураг Нийслэлийн аль ч дүүрэгт харагдана. 

Нийслэлд нийт 1452 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас  төрийн байгууллагын харьяа 757, төрийн бус байгууллагын 649, харьяалалгүй 92, стандарт шаардлагын хувьд солих шинэчлэх шаардлагатай 583, огт тоглоом байдаггүй 143, 1-3 ширхэг тоглоомтой 683, 8-аас дээш тоглоомтой 130 талбай байгаа аж. 

Тиймээс Монгол Улсад  хүүхдийн тоглоомын талбайн ямар стандарт мөрдөгддөг, үүнд хэн хариуцлага тооцдог эсэхийг тодруулахаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг зорилоо.  Тус газраас 2019 онд хүүхдийн тоглоомын талбайн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тавигдах гадна орчны тохижилтын ерөнхий шаардлагыг баталжээ.  Энэ талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Стандарт хэрэгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Ариунтуяагаас тодрууллаа.

ОГЛООМЫН ТАЛБАЙ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭЛГЭХ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА БАЙДАГГҮЙ"

UCS0002-02:2019 стандартад зааснаар хүүхдийн тоглоомын талбай нь ямар байх ёстой вэ. Ерөнхий стандартаас дурдахгүй юу?

-Хүүхдийн тоглоомын талбай нь хүүхэд бие бялдраа хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тоглох зориулалт бүхий талбай юм. Мэдээж, аюулгүй байдлын шаардлагыг хангуулна. Байршил их чухал. Хүүхдийн тоглоомын талбай нь авто замаас зайтай, эргэн тойронд нь аюул учруулах зүйлгүй байх ёстой. Хоёрдугаарт, зай талбайн хэмжээ чухал. Зай талбайн стандартын шаардлага хангаагүйн улмаас буюу бага зайд олон төрлийн тоглоом байршуулснаас хүүхэд гэмтэх бэртэх эрсдэлтэй. Гуравдугаарт, тоглоомын талбайн арчлалт, хамгаалалт, нөхөн сэргээлт. Манайд арчлалт, засварын асуудал хамгийн их тулгамддаг. Мөн тоглоомын эрэг, боолт хамгаалагдсан, суурь нь бетон биш байх шаардлагатай. 0-12 насны хүүхдүүдийн гулсуур, савлуур, шатны  хэмжээ, бариул зэрэг нь өөр, өөр хэмжээтэй гэсэн үг. Хүүхдийн тоглоомын талбайн хамрах хүрээ нь амгийн багадаа 150 метр ба түүнээс дээш хэмжээтэй байдаг.

-Арчлалт, засварыг ямар давтамжтай хийх ёстой вэ?

-Улирал бүр хяналт тавьж, жил бүр нэгдсэн хяналт, засвар хийх шаардлагатай. Үүнийг хийгээгүйгээс тоглоом хуучирч, элэгдсэнээс болоод эрсдэл дагуулдаг. Мөн хүүхдийн тоглоомын талбайн гадаргуу буюу суурь гадаргууг элс, хайрга, эсвэл резинэн зөөлөвчтэй хийх ёстой. Энэ стандарт хүүхдийн тоглоомын  ихэнх талбайд алдагдсан. Шаардлага хангасан гадаргуутай тоглоомын талбай ховор. Хүүхэд үсэрч, гулгаж газардахад гадаргуу нь элс, хайрга, эсвэл зөөлөвчтэй байх ёстой байтал манай тоглоомын талбайн гадаргуу ихэвчлэн цементэн байдаг.

-Танай байгууллагаас стандарт ерөнхий шаардлагыг батлуулсан гэлээ.  Эргээд үүндээ хяналт тавьдаг уу. Энэ онд гэхэд  хүүхдүүд, тоглоомын талбайд тоглож байгаад бэртсэн цөөнгүй тохиолдол гарч  олны анхааралд өртсөн шүү дээ?

-Манайхаас гаргасан бичиг баримт нь техникийн зохицуулалт буюу арга зүйн баримт бичиг. Аливаа зүйлийг аюулгүй, бат бөх, чанарын шаардлага хангасан байдлаар хэрхэн хийх талаар бичиг баримтдаа нарийн тусгаж, зааж өгсөн гэсэн үг. Тэгэхээр аливаа бүтээгдэхүүний чанарын шаардлага хангасан эсэхэд  Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина. Комисс хүлээж авахад стандарт шаардлагыг хангуулах нь манай байгууллагын үүрэг.

Гүйцэтгэгч компаниудын гаргаж байгаа түгээмэл алдаа нь тоглоомуудаа хангалттай сайн суурилуулуулахүй, тоглоом хоорондын зай хэмжээг баримтлахгүй байна. Тухайлбал өнгөрсөн өвөл тоглоом угсралтын ажлыг хийлээ гэхэд суурийн цемент нь бэхжиж амжихгүй хөлдчихдөг учраас амархан бутарч унаад суурилуулалт нь ганхах эрсдэлтэй.

Хүүхдийн тоглоомын талбайг СӨХ-д хариуцдаг ч аюулгүй байдалд хяналт тавих хүмүүс нь ээж, аав, асран хамгаалагчид. Өдөр тутамдаа байнга хяналт тавьж байх шаардлагатай. Иргэд манайхаас гаргасан стандартыг  хараад тоглоомын талбайгаа шаардлага хангаж байгаа эсэхийг мэдээд СӨХ-дөө шаардлага тавьж болно. Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөрдүүлэхэд эцэг, эхийн оролцоо их  чухал.

-Эцэг, эхчүүд шаардлага тавьсан ч тухайн СӨХ, хариуцаж байгаа газар нь шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ. Хуулийн хариуцлага гэж байна уу?

-СӨХ нь шаардлагыг хүлээж авахгүй бол хороондоо, цаашлаад дүүрэгтээ мэдэгдэж болно. Мэргэжлийн хяналтын газарт ч юм уу зохих хяналтын байгууллагад хандаж болно. Түүнээс биш тоглоомын талбай шаардлага хангаагүй тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага байдаггүй.

Хүүхдийн тоглоомын талбайн чанар стандартад хяналт шалгалт хийх ёстой Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх асуудлаар тодруулахад “Тоглоомын талбайн аюулгүй байдалд СӨХ, тус талбайг хийсэн компани, хороо, Хүүхдийн төлөө үндэсний газар, Мэргэжлийн хяналтын байгууллага гэсэн шат дарааллаар хяналт тавьж ажилладаг. Хүүхдийн тоглоомын талбайн чанар стандартын тухай журмыг өнгөрсөн 2019 онд хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гарсан. Бусад барилга, байгууламжийн дундах тоглоомын талбайн асуудлыг иргэдийн  гомдолд үндэслэн, хяналт тавьж, шийдвэрлэдэг” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.  Хүүхдийн тоглоомын талбайн чанар стандартад хяналт тавих ёстой өөр нэгэн байгууллага нь Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /НГБХЗХГ/  юм. Бид тус газарт очсон боловч  ажилчид нь дүүргүүдээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг хяналт,  шалгалт хийж яваа учраас мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

ТОГЛООМЫН ТАЛБАЙНУУДЫН СУУРЬ НЬ ИХЭВЧЛЭН ЦЕМЕНТ БАЙНА

Ямартай ч хүүхдийн тоглоомын талбайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзахад ийн ярьж байна. Тоглоомын талбайн гадаргуу хайрга, элс, дахин боловсруулсан резин байх ёстой гэсэн боловч бидний очсон тоглоомын талбайнуудын суурь нь  ихэвчлэн цемент байсан гэдгийг сурвалжлагын төгсгөлд дахин онцлоё.  Зарим  тоглоомууд нь эвдэрч салж унасан бол, савлууруудыг нь хүртэл хүмүүс хулгайлчихдаг  талаар  орцны жижүүрүүд ярьж байлаа.  Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн үр хүүхдийн төлөө л ам нээхгүй бол өөр хэн ч дуугарахгүй. Шаардлага хангаагүй тоглоомын талбайг СӨХ-дөө мэдэгд. Хүүхдийн тоглоомын талбайн стандарттай ч дагаж мөрддөггүй улсад бид амьдарч байна шүү дээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж