CGTN: 20 мянган хонь айсуй

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

CGTN: 20 мянган хонь айсуй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, БНХАУ-д Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30 мянган хонь хандивлаж байгаагаа дуулгаад "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлж байна" гээд, 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан билээ.

Хятадын төрийн өмчит, олон улсын мэдээллийн CGTN агентлаг өнгөрсөн Лхагва гариг (2020.09.30)-т албан ёсны твиттер хуудастаа “Хонь ирж байна” гэсэн гарчигтай товч мэдээ жиргэсэн байна. Тус мэдээнд Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 мянган хонь хандивласнаас 20 гаруй мянга нь Монгол Улсын зүүн өмнөд нутаг Дорноговь аймагт 30 хоногийн хорио цээрийн дэглэмд байна” хэмээн дурджээ.

Дорноговь аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр, бэлгийн хонийг хэрхэн хилээр нэвтрүүлэх талаар ямар нэгэн чиглэл ирээгүй, хонь худалдан авч тодорхой хугацаанд эрүүл мэнд, хорио цээрийн дэглэм сахиулан, Замын-Үүдийн боомтоор хөлөөр нь нэвтрүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах асуудал яригдаж байгаа талаар мэдээлсэн билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадын талаас хандивын хонийг амьдаар нь авах хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч хонийг хөлөөр нь гаргаснаар монгол малын ген нь алдагдана гэж эсэргүүцэх хүн цөөнгүй байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг манай сайтад ярилцлага өгөхдөө “Малын генетикийн тухай хуулиар тухайн жилд экспортлох, импортлох мал амьтны тоо хэмжээг Засгийн газраас жил бүр гаргаж өгдөг. Зарим хүмүүс монгол малын ген гадагшаа гарах нь гэхчлэн ярьж байна. БНХАУ руу хонийг амьдаар гаргах нь хориотой зүйл биш. Өнгөрсөн жил Монгол Улсаас Лаос улсад 1000 хонийг хандив тусламжаар өгөхдөө онгоцоор ачуулж байсан. БНХАУ-д монгол мал өсч үржээд, генетик нь сайжраад явж байвал заавал өмчирхөөд байх асуудал биш. Монгол Улс  малынхаа ашиг шимийг сайжруулахаар гаднаас мал авдаг шүү дээ.

Удам зүйн хувьд Монгол Улсад байгаа мал өөр улс руу гарахад монгол малын ген алдагдана гэсэн үг биш. Монгол Улс өөрийнхөө малыг зөвхөн Монголын өмч гээд хадгалаад байж болохгүй. Харин ч монгол малыг гадаадад сайжруулаад, өсгөөд явж байвал сайн шүү дээ” гэсэн хариулт өгч байв.

БНХАУ-д цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед Монгол Улсаас хандив тусламж болгон өгч буй 30 мянган хонины тухай баримтат киног энэ сарын сүүлээр дэлгэцэнд гаргахаар уран бүтээлчид ажиллаж буй юм.

Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ өнгөрсөн наймдугаар сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд болсон. Тус баримтат киног БНХАУ-ын Хэпин (Peace international) компанийн захирал Д.Энхбаяр санаачлан, киноны уран бүтээлчид болон хөрөнгө оруулагчидтай хамтран бүтээхээр болжээ.

Д.Энхбаяр нь ӨМӨЗО-ы Алшаа аймгийн уугуул, нэртэй хөгжмийн зохиолч нэгэн юм байна. Киноны зохиолыг Шан Шүэ Вэнь, Жү Шэнь Ли нар хамтран бичиж, "Чонон сүлд" кинонд туслах найруулагчаар ажилласан мэргэжилтнүүд найруулах ажээ.

Нийт гурван бүлэг, 45 минутын энэхүү баримтат кино аравдугаар сарын сүүлээр нээлтээ хийх бөгөөд киноны зургийг Монголын 21 аймгийн малчны хотонд авахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: CCTV, CGTN
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж