Гэрээсээ хөөгдөж, үргэлж дутуу үнэлэгддэг байсан Жимми

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Гэрээсээ хөөгдөж, үргэлж дутуу үнэлэгддэг байсан Жимми

Гэрээсээ хөөгдөж, үргэлж дутуу үнэлэгддэг байсан Жимми

"NEWS” агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС” буландаа дэлхийн сагсан бөмбөгийн ертөнцөд өөрийн нэр алдрыг дуурсгаж яваа Жимми Батлер хэмээх тамирчин залууг онцолж байна. Тэрбээр олон саад бэрхшээлийг даван, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцсэний үр дүнд дэлхийн сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын нэг болоод зогсохгүй Өнөөдөр/2020.10.01/ анх удаа багаа ахлан NBA-ийн шигшээ шатанд тоглох гэж байна.


ГЭРЭЭСЭЭ ХӨӨГДСӨН НЬ

Жимми Батлер 1989 оны есдүгээр сарын 14-ний өдөр АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод мэндэлсэн бөгөөд аав нь түүнийг нялх байхад хаяад явжээ. Хьюстон хотын захын Томбалл дүүрэгт Жимми ээжтэйгээ амьдардаг байсан боловч ээж нь 13 настай байхад нь түүнийг гэрээсээ хөөсөн аж. Тэрбээр 2011 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ээж надад хандан ‘Чамайг харахыг хүсэхгүй байна. Эндээс яваад өг’ гэж хэлж байлаа” хэмээн дурсжээ.

Гэр оронгүй болсон 13 настай Жимми Батлер найз нөхдийнхөө гэрээр хоног төрүүлж, бадарчны амьдралтай болов. Ахлах сургуульд орохынхоо өмнө сагсан бөмбөгийн хүүхдийн зуны лигт оролцож, Жордан Лесли хэмээх хүүтэй дотно найзууд болоод амжив. Сургуулийнхаа хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог, спортын олон талын шаггүй авьяастай Жордан Лесли анх Жимми Батлерыг гурван онооны шидэлтийн тэмцээнд урин тэд анх танилцаж байжээ. Жордан Леслигийн ээж болон хойд аав нь зургаан хүүхэдтэй байсан ч Жиммиг гэр бүлийнхээ нэг гишүүн болгохдоо дуртай байж. Жимми Батлер анх тэднийд ганцхан л өдөр хонох гэж очсон ч цааш үргэлжлэн долоо хоног болж, удалгүй гэр бүлийнх нь гишүүн болжээ. Тэрбээр хожим нь энэ талаар дурсан ярихдаа "Тэд намайг гэр бүлийнхээ нэг гишүүн болгосон. Гэхдээ энэ бүхэнд сагсан бөмбөг холбоогүй юм шүү. Леслигийн ээж хатагтай Мишель Ламберт надад үнэхээр санаа тавьдаг байсан. Тэр зүгээр л намайг гэр бүлийнхээ нэг гишүүн гэж үзсэн. Би үнэндээ итгэж чадаагүй” гэжээ. Харин эцэг эхийнхээ талаар ярихдаа “Би тэдэнд өширхдөггүй ээ. Би байнга л гэр бүлийнхэнтэйгээ ярьдаг. Аав, ээжтэйгээ үргэлж холбоотой байдаг. Бид бие биедээ хайртай. Энэ хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй” хэмээн ярьж байжээ.

ХӨЛБӨМБӨГИЙГ ОРХИЖ САГСАН БӨМБӨГИЙГ СОНГОВ

Багын ичимхий, дуу цөөтэй Жимми Батлер сагсан бөмбөгөөс илүү америк хөлбөмбөгийн спортод авьяастай нэгэн байжээ. Гэвч зуны халуунд гадаа бэлтгэл хийхийг хүсдэггүй мөн дөнгөж 13 настай 160 см өндөртэй байсан тул талбай дээр том биетэй хүүхдүүдтэй мөргөлдөхөөс залхаж сагсан бөмбөгийн спортыг эргэлт буцалтгүй сонгосон гэнэ. Гэр оронтой, гэр бүлтэй болсон Жимми ахлах сургуульд өнгөрүүлсэн эхний жилдээ сагсан бөмбөгийн багт орж, 10 оноо дунджилжээ. Харин төгсөх жилдээ 19.9 оноо, 8.7 самбараас бөмбөг авалт дунджилан багийнхаа “Улирлын үнэ цэнэтэй тоглогч"-оор тодорчээ.

Түүний нэг дугаартай өмсгөлийг Томбалл ахлах сургууль мөнхөлсөн.

ГЭРЭЭСЭЭ ХОЛДОЖ ҮЗЭВ

Амьдралдаа Техас мужаас өөр газарт амьдарч үзээгүй Жимми Батлер 2008 онд Висконсин мужийн Маркетт их сургуульд суралцах болов. Тэрбээр 2007 онд Томбалл ахлах сургуулиа төгсөн мужийнхаа Тайлер Жуниор коллежид элсэн оржээ.

Жиммиг ахлах сургуулиа төгсөх үед ямар ч их сургуулиас санал ирээгүй аж.

Тайлер Жуниор коллежид өнгөрүүлсэн эхний жилдээ 18.1 оноо, 7.7 самбараас бөмбөг авалт, 3.1 оновчтой дамжуулалт дунджилан нэр хүндтэй их сургуулийн багт тоглож чадна гэдгээ харуулав. "247Sport.com" сайтаас гаргадаг сагсан бөмбөгийн таван одны үнэлгээгээр Жимми Батлерыг хоёр одоор үнэлж байжээ. Мөн 2008 оны бүх Америкийн оюутнуудын сагсан бөмбөгийн чансаанд Жимми 127-д эрэмбэлэгджээ. Техас мужийн даруухан коллежид гайхалтай тоглолтыг үзүүлж байсан Жиммид 2008 онд Висконсин мужийн Маркетт их сургуулиас тэтгэлэгтэй урилга ирэв. Тэрбээр Маркетт их сургуульд өнгөрүүлсэн эхний жилдээ 5.6 оноо, 3.9 самбараас бөмбөг авалт дунджилан давгүй тоглолтыг үзүүлэв. Гэвч гэрээсээ хол байж үзээгүй Жиммид энэ бүхэн утгагүй санагдаж эргэн Техас муждаа очихыг хүссэн боловч хатагтай Мишель Ламберт түүнийг ятган шинэ орчин, шинэ сургууль, шинэ хүрээлэлд дасахыг зөвлөжээ.

Жимми Батлер ч түүнийг зөвлөгөөг даган Маркетт их сургуульдаа үлдэн 2009-2010 оны хооронд их сургуулийнхаа сагсан бөмбөгийн гарааны тоглогч болон дэвшиж 14.7 оноо, 6.4 самбараас бөмбөг авалт дунджилан олны анхаарлыг татаж эхэлжээ. Их сургуулиа төгсөх жилдээ 15.7 оноо дунджилан дээд түвшинд сагсан бөмбөг тоглож чадна гэдгээ харуулав.

ГЭР ОРОНГҮЙ ЖААЛХҮҮ ОЛОН САЯ ДОЛЛАРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Маркетт их сургуулийг сэтгүүлч, харилцаа холбооны чиглэлээр төгссөн Жимми Батлер 2011 оны зун NBA-д тоглох хүсэлтэйгээ илэрхийлж, драфтад нэрээ өгөв. Дөнгөж хоёр одоор үнэлэгдэж, үеийнхээ сагсан бөмбөгчдийн дунд 127-р байранд эрэмбэлэгдэж байсан Жимми Батлер тууштай хичээл зүтгэлийнхээ үр дүнд 2011 оны NBA-ийн драфтын нэгдүгээр тойргийн 30 дахь сонголтоор Чикаго Буллс багт сонгогдон дөрвөн жилийн таван сая ам.долларын гэрээ байгуулав.

Жимми Батлер хатагтай Мишель Ламбертын хамтаар

Жимми Батлер драфтын үйл ажиллагааны үеэр "ESPN" сайтад өгсөн ярилцлагадаа “Сэтгүүлчдийг миний талаар ямар нэгэн юм бичнэ гэдгийг мэдэж байна. Гэхдээ гуйж байна. Битгий хүмүүсийг миний өмнө буруутай юм шиг бичээрэй. Надаас уучлалт гуйх шаардлагатай нэг ч хүн байхгүй. Би өөрт тохиолдсон бүх зүйлдээ хайртай. Надад тохиолдсон эдгээр саад бэрхшээлүүд өнөөдрийн намайг бүтээсэн юм. Миний амьдралд гарч ирсэн зовлон саад бэрхшээл бүхэндээ би талархаж байна. Харин битгий хүмүүсийг миний өмнө буруутай юм шиг ойлгуулаарай. Би зүгээр ээ” хэмээн 22 настай залуухан тамирчин ярьж байсан гэдэг.

Түүнийг лигт элсэн орсон эхний жил тамирчид ажил хаялт зарлан, улирлын тоглолтуудын тоо цөөрсөн. Залуу хүү Жимми Батлер 2011-2012 оны улиралд ердөө 42 тоглолтонд оролцон хангалттай өөрийгөө харуулж чадсангүй. Харин 2012-2013 оны улиралд Чикаго Буллс багийн төлөө 82 тоглолтонд оролцон, хамгаалалтаар хүмүүст танигдаж эхлэв. Хамгаалах чадварынхаа ачаар 2013-2014 оны улирлын Бүх NBA-ийн хамгаалалтын хоёрдугаар багт нэрлэгдээд амжжээ.

ХАМГААЛДАГ ЖИММИ ДОВТОЛДОГ БОЛОВ

2014-2015 оны NBA-ийн шинэ улирал эхлэхэд хамгаалдаг Жимми Батлер довтолж чаддаг гэдгээ харуулж эхлэв. 20 болон 30 оноотой тоглолтуудыг үдэш бүр толилуулж, үүнийхээ ачаар 2015 оны NBA-ийн бүх оддын тоглолтонд сонгогдож, дэлхий даяар нэр алдраа дуурсгаж байжээ. Тухайн улиралдаа үнэхээр онцгой байсан түүний амжилтыг NBA болон сэтгүүлчид үнэлэн 2014-2015 оны “NBA-ийн оны шилдэг амжилт нь ахисан” тоглогчийн шагналыг гардуулсан.

Чикаго Буллс багийн түүхэнд “NBA-ийн оны шилдэг амжилт нь ахисан” тоглогчийн шагналыг хүртсэн анхны тамирчин бол Жимми Батлер.

Мөн тэрбээр 2013-2015 онуудын хооронд хоёр улирал дараалан талбайд 38.7 минутыг өнгөрүүлж, лигийг тоглосон минутаараа тэргүүлсэн. Үүнээс л харахад түүнийг ямар дайчин, тэмцэгч чанартай гэдгийг нь мэдэж болно.

ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЭВ

Жимми Батлерын багтайгаа байгуулсан дөрвөн жилийн тав сая ам.долларын гэрээ дуусгавар болж багийнх нь зүгээс түүнд таван жилийн 95 сая ам.долларын байж болохын хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээг санал болгов. Хэдий түүний араас олон баг хөөцөлдөж байсан боловч Чикаго Буллс багтаа үнэнч гэдгээ харуулж багийнхаа тавьсан саналыг зөвшөөрөн ахин таван жилийг Чикаго хотод өнгөрүүлэхээр болсон. Гэвч Чикаго Буллс багийн удирдлагуудын зүгээс аваргын төлөө өрсөлдөх багийг босгож чадалгүй жил бүр бүтэлгүйтэж байлаа. Энэ нь ч лигт хүлээн зөвшөөрөгдсөн Жимми Батлерын хувьд хүнд тусч тэрбээр багаа солих шийдэлд хүрсэн. Түүний хувьд 2017 онд Миннесота Тимберуолвес баг руу, 2018 онд Филадельфиа 76ers баг руу, 2019 онд Майами Хит баг руу тус тус солигдов. Энэ бүх хугацаандаа Жимми Батлер тоглосон газар бүртээ үзэгчдийг хайр хүндлэлийг олон, өөрийн манлайлах чадвараараа бусдаас онцгойрч байлаа.

Өдгөө Жимми Батлер жилд 25 сая ам.долларыг олж байна. Түүний зөвхөн цалингаасаа олсон орлого ирэх 2023 оны төгсгөл гэхэд 220 сая 111 мянга 606 ам.долларт хүрнэ.

ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ГАНЦ АЛХАМ ДУТУУ

Багадаа гэрээсээ хөөгдөж, үргэлж дутуу үнэлэгддэг байсан дуу цөөтэй, ичимхий Жимми Батлер өнөөдөр бол тууштай хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваа авьяаслаг сагсан бөмбөгийн тамирчин. Анх түүнийг Майами Хит багт солилцоогоор ирэхэд ихэнхи хүмүүс энэ багийг аварга авах хэмжээний баг биш гэж бодож байлаа. Гэхдээ Жимми болон түүний багийн нөхөд эцэст нь саад бэрхшээлийг даван туулж, 2019-2020 оны NBA-ийн шигшээ шатанд шалгараад байна.

Жимми Батлер бол хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдгийн тод жишээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж