Хүүхдийн эрхийг хамгаалахаар “Сүүдэр бүү тусга” аяныг цагдаагийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй. Харин иргэдийн зүгээс "Хүн бай" аяныг эхлүүлсэн. "Сүүдэр бүү тусга" аян нь энэ сарын 10-наас ирэх сарын 10-н хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү аян эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Аяныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Дэлхийн зөн олон улсын байгууллга, JCI олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.
Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой олон аян зохион байгуулдаг. Гэвч, хүүхдийн хүчирхийлэл нийгмийн эмзэг сэдэв хэвээр. Аян хүрээнлд уулзалт, цуглаан зохион байгуулдаг ч үр дүн муутай. Тиймээс зөвхөн аяны хүрээнд л хүүхдийн асуудалд анхаарлаа хандуулах биш, хүүхдийн хүчирхийлэл Монголын төрийн анхааралд үргэлж байх ёстой асуудал болсон.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр сүүлийн гурван жилд гэмт хэрэгт 5043 хүүхэд өртөн амь хохирч, 3378 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. Гэмт хэргийн 70.1 хувь нийслэлд, 29.9 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд нас барж, 290 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хохирсон хүүхэд 411 буюу 35,0 хувиар, гэмтсэн хүүхэд 120 буюу 29,3 хувиар тус тус буурч, насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 390 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 223 хэргээр буюу 36,4 хувиар буурсан үзүүлэлт байгаа юм.
Томчуудын буруутай үйлдлээс болж хүүхэд хохирсоор байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал, эцэг эхийн хараа хяналт сул, гэр бүлийн тогтворгүй байдал, салалт болон архидан согтуурах, хувь хүний ёс суртахууны төлөвшил ухамсрын доголдол, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг зэргээс гадна хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрхийг нь зөрчиж, хохироосоор байна.
ХҮҮХЭД ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ. ТЭДНИЙГ ҮЛ ХАЙХАРЧ БОЛОХГҮЙ
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.БУДЗААН:
-Цагдаагийн байгууллагаас олон нөлөөллийн аяныг зохион байгуулдаг. Өнөөдрөөс эхэлж нэг сарын хугацаатай хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах зорилготой “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нь ахуйн хүрээнд хамаарал бүхий этгээдүүд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг бууруулах, гэр бүлийн соёлт хандлага, төлөвшил, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой. Нөлөөллийн аянаар гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурдаг. Хүүхдийн асуудал гэхээр нэг байгууллагын асуудал биш. Хүүхэд хүн бүхэнд хамаатай. Хүүхдийг үл хайхарч болохгүй. Тиймээс эерэг зүйлийг түгээж, эерэг хандлагыг бий болгоход энэхүү нөлөөллийн аяны зорилго бөгөөд томчуудын хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхэд эрүүл мэнд болон бие махбодиороо хохирдог тохиолдол их бий. Иймд цэцэг шиг охидоо нууж, өөдөсхөн хөвгүүдээ хүчирхэг өсгөе уриатай энэхүү нөлөөллийн аян айл бүрийн хаалгыг тогшиж байна гэлээ.
Хүүхдийн ертөнцийг хайрлаж хамгаалцгаая уриан доор “Сүүдэр буу тусга” арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдал хамгааллын чиглэлээр иргэдийн ойлголт эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ мэдээлэл авах, нийгэмд хүүхдийн эрх хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ажил арга хэмжээг сар зохион байгуулах юм байна. Мөн Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой хамтран “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” арга хэмжээг эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн байгууллага, цагдаагийн байгууллагын алба хаагчдад онлайн сургалтуудыг зохион байгуулна. Учир нь хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн, аж ахуйн нэгж байгууллага, бүх шатны байгууллагын оролцоо, үүрэг хариуцлага нэн чухал бөгөөд хор уршгийг мэдээлэх, таниулах, олон нийтэд ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм. Бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийнхээ эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.
Б.Цэцэг
Холбоотой мэдээ