SPEAK OUT: Зөрчлийн тухай хуулиар иргэдээ дарамтлах ёсгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Зөрчлийн тухай хуулиар иргэдээ дарамтлах ёсгүй

SPEAK OUT: Зөрчлийн тухай хуулиар иргэдээ дарамтлах ёсгүй

Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль байдаг нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль. Нийгэмд харьцангуй бага хор хохирол учруулж байгааг нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг бол нийгэмд илүү хор хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийг илүү боловсронгуй болговол нийгэмд шударга ёсыг тогтоох томоохон хөшүүрэг болно гэж албаны хүмүүс үзэж буй.

Хуульзүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарын хэлснээр Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа дийлэнх зөрчилд сануулга өгч, торгууль шийтгэлийг хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэл буюу мөнгөн дүнг 50 хувиар багасгах тухай яригдаж буй. Зөрчил арилгах хугацааг 7-10 хоног байхаар тогтоож, зөрчлийг арилгуулах тусгай нэгж иргэнд хяналт тавьдаг байхаар зохицуулах юм. Мөн шинэчилсэн найруулгын  төсөлд орох дараагийн том өөрчлөлт нь торгуулийн шийтгэлийг 50,000, 100,000 төгрөг гэж заахаар болсон  ба баривчлах шийтгэл оногдуулах заалтыг тусгаж буй. Тухайлбал, хүн зодсон, хүний биед халдсан зөрчлийг Эрүүгийн хуулийн заалтад тусгахаар яригдаж байгаа аж. Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулиар хүний биед халдсан бол 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж буй. Үүнийг буруу хэмээн албаны хүмүүс үзэж байгаа юм. Энэ мэт Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт орох нь. Шинэчилсэн найруулгын  талаар хуульчид  дараах байр суурийг илэрхийлэв.


             ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ЗАЛРУУЛАХ ОЛОН ЗААЛТ БИЙ

Хуульч, доктор Ч.ӨНӨРБАЯР: 

-Хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ хуулийг алагчлахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулиар иргэн аж ахуй нэгжид хариуцлага хүлээдэг бол төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцдоггүй. Иймд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл иргэн, аж ахуй нэгжид дарамт учруулахгүй, илүү ачаа үүрүүлэхгүй, төрийн өндөр албан тушаалтанд давхар хариуцлага тооцдог байх хэрэгтэй.  Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орох нэг өөрчлөлт нь торгуулийн шийтгэлийг 50 мянга, 100 мянга хэмээн тусгаж өгнө гэх заалтын тухай юм. Үүнд тухайн аж ахуй нэгж, иргэний эдийн засгийн хөшүүргийг тооцож анхаарах шаардлагатай.

Хэрэв үгүй бол магадгүй Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл иргэдэд дарамт болж, торгуулийн асуудал олны шүүмжлэлийг дагуулна. Нөгөө талаас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Зарим төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оногдуулах шаардлагатай тухай асуудал хөндөгдөж байна.

Тухайлбал, шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч захирамж гаргаж, баривчлах шийтгэл оногдуулах. Ингэснээр шүүгч шүүхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдэл хэмээн тодотгож буй. Ийм жишиг улс орнуудад байдаг ч Монгол Улсад гадны улс орны туршлагыг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахдаа зөвөөр хэрэгжүүлэх нь чухал. Энэ мэт  шинэчилсэн найруулгын төсөлд хариуцлагатай холбоотой  залруулах олон заалт байна. Мөн сэтгүүлчдэд Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох нь маш буруу. Зөрчил гаргасан сэтгүүлчид хариуцлага тооцохдоо иргэний тухай хуулиар бүрэн зохицуулах боломж байна гэж харж байна.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ТОРГОЖ, ХОРИХ БУС ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ

Хуульч Б.МЭРГЭН: 

-Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа иргэдийг торгож, барьж хорих, шоронд саатуулах биш далд эдийн засгийг дэмжих нь чухал. Хуульд урамшууллын заалт тусгаснаар иргэд зөрчлөө заасан хугацаанаас өмнө арилгуулах, торгуулиа цаг хугацаанд нь төлөх зэрэг олон эерэг өөрчлөлтийг дагаад иргэд хариуцлагатай болно.

Зөрчлийн тухай хуулийн зорилго нь аливаа зөрчил гаргахгүй, эмх цэгцтэй байх зорилготой болохоос иргэдээ дарамталж сөхрүүлэхэд чиглэсэн байвал энэ нь хуулийн зорилгоосоо гажиж байгаа юм.

Нөгөө талаас иргэн, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдөө хууль зөрчихгүй байх хэрэгтэй. Зөрчил гаргахгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохгүй. Тэгэхээр аль аль талдаа зөв, тэнцвэртэй байх ёстой. Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуульд утгагүй заалт олон бий. Тухайлбал, прокурор гэмт хэргийг хянан шийдвэрлэдэг болохоос биш бүх зүйлийг хянах нь утгагүй. Социализмын үед прокурор бүгдийг нь хянадаг байсан тогтолцоо руу одоо Зөрчлийн тухай хуулиар шилжчихээд байна. Өөрөөр хэлбэл, татвар, торгууль, мэргэжлийн хяналтын акт, зөрчил бүх зүйлд прокурорын хяналт байх ёсгүй. Гэтэл төрийн байгууллагууд прокурор хянаж байна, үүрэг даалгавар өгөөгүй гэх байдлаар аливаа асуудал шийдвэрлэх шатандаа гацдаг. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өөрчлөлт оруулах ёстой.

         ЗӨРЧИЛ ГАРГАСАН БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ САНУУЛГА ӨГӨХИЙГ ДЭМЖИХГҮЙ

Үндсэн хуулийн эрх зүй судлаач, хуульч Д.ҮҮРЦАЙХ: 

-Зөрчил гаргахгүй байх нь чухал боловч үйлдэл бүрийг торгож, хорих байдлаар шийдэж болохгүй. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хуулийн заалтыг тодорхой тусгах ёстой. Шударга ёсны зарчмыг хангахаар зохицуулах, зөрчил ногдуулж буй албан хаагч болон зөрчил гаргасан хуулийн этгээд хоорондоо зохицдог асуудлыг цэгцлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зөрчлийг хянан шийдвэрлэх хуулийн этгээдийн эрх хязгаартай байх ёстой.  Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зөрчилд хүлээлгэх хариуцлагын тухай асуудлыг зайлшгүй тусгах шаардлага байна.

Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дийлэнх зөрчилд сануулга өгч, шийтгэл ногдуулахгүй, зөрчлөө дахин үйлдвэл торгуулийн арга хэмжээ авна гэх саналыг тусгаж байгаа нь боломжгүй. Зөрчил гаргасан тохиолдолд эхний удаа бага хэмжээний торгууль ногдуулж болно.

Харин торгуулиа төлөхгүй бол эсвэл гаргасан зөрчлөө давтвал торгуулийн хэмжээг өндөр ногдуулах. Хэрэв торгуулиа төлөхгүй удсан нөхцөлд торгуулиа төлөхөөс өөр аргагүй байдлаар мөнгөн дүнг өсгөх арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь зөвхөн Зөрчлийн хуулиа шинэчлээд асуудал  өөрчлөгдөхгүй. Зөрчлийн тухай хуулийг шинэчилсний дагуу Улсын бүртгэлийн тогтолцоог сайжруулах шаардлагатай. Одоо мөрдөгдөж буй хуулиар зөрчил гаргасан этгээд хаяг нь тодорхойгүй, бүртгэлд байхгүй бол торгуулиа төлөхгүй тохиолдлууд байна. Иргэний бүртгэл тодорхой байж торгуулийн мөнгийг авна. Нөгөө талаас Зөрчлийн асуудлыг зөвхөн цагдаа шийдвэрлэдэг биш шүүхээр шийдвэрлэдэг байх нь зүйтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж