“Холливудад үгтэй дүр авна гэдэг маш том боломж”

Хуучирсан мэдээ: 2020.10.01-нд нийтлэгдсэн

“Холливудад үгтэй дүр авна гэдэг маш том боломж”

“Холливудад үгтэй дүр авна гэдэг маш том боломж”

Монгол бүсгүй Холливудын “Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд тогложээ. Түүнийг Бямбадоржийн Хандсүрэн гэдэг. Тэрбээр жүжигчин мэргэжилтэй бөгөөд одоо АНУ-д гэр бүлийн хамт ажиллаж, амьдардаг. Авьяаслаг бүсгүй олон ангит кинонд эмнэлгийн даргын эхнэр буюу Филиппин эмэгтэйн дүрд тоглосон байна. Уг цуврал нь АНУ-д шилдэг цувралаар шалгарч байгаа билээ. Ингээд түүнтэй цахим хаягаар нь холбогдож, ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Б.Хандсүрэн гэдэг. АНУ-д 21 жил ажиллаж, амьдарч байна. Анх 1999 онд АНУ-ын Лос Анжелес хотод оюутан болохоор ирж байлаа. Би одоо Лос Анжелес хотын нисэх буудалд байцаан өнгөрүүлэх газарт ажилладаг. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг.

Мөн жүжигчний мэргэжлийн хичээл цагаар зааж, загварын шоу зохион байгуулдаг. Өнгөрсөн 2018 онд “Miss Hollywood Mongolia” монгол туургатны миссийн тэмцээнийг анх Холливудад зохион байгуулсан. Бас үл хөдлөх хөрөнгийн агентын төлөөлөгч хийдэг юм.

Анх Украины Харьков хотод жүжигчин мэргэжлээр суралцах болсон тухайгаа ярихгүй юу?

-Арван жилийн сургууль төгсөхийн өмнө 1987 онд Хүүхэд, залуучуудын театрын найруулагч И.Нямгаваа улсын хэмжээнд 20 шижигнэсэн залуусыг шалгаруулж, хуучнаар ЗХУ-д жүжигчний мэргэжлээр суралцуулахаар болсон юм. Тэр 20 залуус дунд миний бие багтсан. Бид анх Москва хот руу явах байсан ч тухайн үед боломжгүй болж, Украины Киевт нэг жил хэлний бэлтгэлд суралцсан. Үргэлжлүүлэн Харьков хотын Урлагийн их сургуульд суралцахаар очсон юм. Тэнд суралцаж байхдаа Украин хэл дээр уран уншлагын тэмцээнд оролцож, дэд байр эзэлж байж билээ. Миний хувьд 23 дугаар сургуулийг орос хэлтэй төгссөн учраас хэлний ямар нэгэн бэрхшээлгүйгээр украин хэл дээр шүлэг уншиж, амжилттай оролцсон юм.

Тухайн үед Н.Наранцэцэг эгч маань Ленинградын Театрын академид найруулагчийн мэргэжлээр суралцаж байсан. Тэрбээр 1980-аад онд Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан. Мөн алдарт Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн гол дүрээрээ олны сэтгэлд хоногшсон уран бүтээлч. Тэр эгч дипломын ажлаа хийхдээ мэргэжлийн жүжигчнээр суралцаж буй бидэн дээр ирж, өөрийнхөө жүжигт оролцуулах дүрийнхээ сонголтыг хийж, бид Ленинград хотод очиж байсан.

-Ажлынхаа гарааг Хүүхэд, залуучуудын театраас эхэлсэн үү?

-Би 1992 онд Украинаас их сургуулиа төгсч ирээд, гурван газар ажиллах хүсэлт хүлээн авсан. Мэдээж Хүүхэд, залуучуудын театрын нэрний өмнөөс гадаадад их сургуульд суралцсан болохоор тэнд жүжигчнээр ажиллах хүсэлт авсан. Тэрнээс гадна Соёлын яам болон Соёл урлагийн их сургуульд багшлах санал ирж байсан. Аав, ээж маань боловсролын салбарт олон жил ажилласан хүмүүс байсан учраас намайг багш болохыг зөвлөсөн. Миний хувьд сургуульдаа 1992-1995 он хүртэл багшилсан даа.

Харьков хотын Урлагийн их сургуульд суралцаж явсан нэгэн үеийн найзуудаасаа нэрлээч?

-Нэг үеийн жүжигчид гэвэл сүүлд “37 дугаар точка” олон ангит киноны Долгорын дүрд тоглосон жүжигчин Ж.Амарзаяа, Соёлын яамны мэргэжилтэн З.Баянзул, жүжигчин Б.Эрдэнэчимэг нар маань байна.

-Монголд байхдаа тайз, дэлгэцийн бүтээлд тоглож байсан уу?

-Намайг 1990-ээд онд Соёл урлагийн их сургуульд багшилж байхад олон кинонд тоглох урилга ирдэг байсан. Багш хүн оюутнууддаа зөв үлгэр дууриалал үзүүлэхийн тулд гоё дүрээ олох ёстой. Тухайн үедээ нийгэм бас тогтворгүй байсан учраас миний санаанд яг нийцсэн дүрүүд байгаагүй. Гэхдээ “Гарын таван хуруу” киноны Шагдар буюу Л.Лхаасүрэн багш маань намайг нэг киноны жижиг дүрд тоглуулж байсан. Гэвч би одоо тэр киноныхоо нэрийг санахгүй байна.

Монгол бүсгүй Холливудын  “Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд тогложээ. Дүрийн сонгон шалгаруулалтад хэрхэн тэнцсэн бол?

Энэ киноны дүрийн сонгон шалгаруулалтад орохоос эхлүүлээд маш өндөр зохион байгуулалттай байсан. Олон жүжигчин дүрийн сонгон шалгаруулалтад орохоор цугларсан учраас өөрийгөө сонгогдон гэж бодоогүй. Гэхдээ жүжигчин хүнийхээ хувьд өөрийгөө сориод үзье гэж бодсон. Тэгээд л дүрийн сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрээгээ байгуулсан. Угаасаа кино маань 1940-өөд оны амьдралыг харуулж буй учраас малгай, хувцасны хэмжээг авсан л даа. Зөвхөн барууны хувцаснууд байдаг Холливудын том павилон байдаг юм билээ. Тэнд очиж өөрийнхөө хувцас хэрэгсэлийг тааруулж байсан.

Өглөө үүрээр зураг авалтын талбай дээр очлоо. Жүжигчдийн дүрийн нэртэй том тохилог автобусанд ороход дүрийн хувцас, хэрэгсэл, бүх юм өлгөөтэй бэлэн байсан. Хувцсаа өмсөхийн өмнө нүүрээ хувирган жаахан өөрчлөлт хийж, үсээ гоё засуулсан. Бэлэн болсны дараа гол дүрийн жүжигчдийг тусгай зориулалтын автобусаар туслахууд нь авч явсан. Би англи хэл дээр тоглож байгаа учраас замдаа үгэн дээрээ ажиллаж явлаа.  Тухайн үедээ бэлэн байсан ч гэсэн үг болгон дээр анхаарахыг хичээсэн. Холливудад үгтэй дүр авна гэдэг маш том боломж. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө ур чадварыг харуулах алхамыг бий болж өгдөг. Хэрвээ дүрээ сайн гаргаж өгсөн бол дараа дараагийн төсөлд  уригдах хаалга нээгдэх юм. Би дүрээ аль болох зөв, найруулагчийн хүссэн дүрээр гаргахыг эрмэлзсэн. Зураг авалтын талбай, баг бүрэлдэхүүн мэргэжлийн түвшинд ажиллаж байгааг хараад үнэхээр биширч байлаа.

-АНУ-д ямар агентлагт харьяалагддаг вэ. Танаас өөр монгол уран бүтээлч бий юу?

-Холлиувудын “Рэйтчед” олон ангит кинонд тоглох саналыг агентлагаараа дамжуулан хүлээн авсан. Энэ төсөл дээр Холливуддын алдартай одод тоглосон. Мэдээж энэ том төсөлд орохын тулд жүжигчин хүн агентлагтай байх шаардлагатай. Агентлагтайгаа 2019 оноос хамтарч ажиллаж эхэлсэн. Агентлагт маань надаас өөр монгол хүн байхгүй. Мөн би “Sag Aftra” мэргэжлийн жүжигчдийн холбоонд 2017 онд гишүүнээр элссэн. Тиймээс кино шалгаруулалтад орох эрхтэй гэсэн үг.

Холливудын нэртэй жүжигчидтэй мөр зэрэгцэн кинонд тоглосон талаараа сонирхуулахгүй юу?

Рэйтчед” олон ангит уран сайхны киноны гол дүрд Сара Полсон, Жон Жон Брионес, Шэрон Стоун, Синтия Никсон, Жүди Дэвис зэрэг Холливудын алдартай жүжигчид тоглосон. Кинонд оролцож байгаа жүжигчид маань мэргэжлийн уран бүтээлчид байсан учраас бэлтгэл бараг хийгээгүй. Миний санаж байгаагаар зургийн талбай дээр хоёр удаа л бэлтгэл хийсэн байх. Жүжигчид тал талаас ирж байгаа учраас нэгдсэн бэлтгэл хийгээд л зураг авалтаа хийсэн нь гайхамшигтай санагдсан.

 -АНУ-д өмнө нь ямар киноны дүрүүд дээр ажиллаж байв?

АНУ-д ажиллаж, амьдардаг Соёл урлагийн их сургуулийг төгссөн шавь нартайгаа хамтран “Марко Поло” цувралын дуу оруулалтад ажилласан. Бас “Dreams I never had” кинонд хилийн цэргийн оффицерийн дүрд тоглож байсан. Сүүлд Холливудын  “Рэйтчед” олон ангит уран сайхны кинонд туслах дүрд тоглолоо.

Хамгийн сүүлд эх орондоо хэзээ ирсэн бэ. Монгол уран бүтээлчдийн хийсэн киног үздэг үү?

-Сүүлд эх орондоо 2019 онд очсон. Миний хувьд монгол киногоо хааяа үздэг. Хэрэв монголын уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллах боломж гарвал саналыг дуртайяа хүлээн авна.

Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?

-Миний аав урлагийн мэдрэмжтэй, хөгжмийн авьяастай хүн байсан. Тэрээр 1968 онд Улсын филармонийн симфони найрал хөгжимд ажиллаж байхдаа эх орноо төлөөлж, Болгар улсад зохион байгуулсан Дэлхийн залуучуудын оюутны IX наадамд оролцож байсан удаатай. Монголынхоо залуусыг их дэмждэг хүн. Тиймээс би уран бүтээлийнх нь замыг үргэлжлүүлж явна.

Миний шавь нараас Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, С.Наран, УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, хошин урлагийн Гавьяат жүжигчин Л.Баттулга, Н.Ариунболд, П.Эрдэнэзаан, “Хувьсал” продакшны захирал У.Уранчимэг, Г.Ундармаа, О.Гэрэлсүх гээд олон сайхан уран бүтээлч бий. Тэдэнтэйгээ үргэлж холбоотой байдаг.

-Таны цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө гэвэл?

-Мэдээж цаашид уран бүтээлээрээ үргэлжлүүлэн ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж