БНХАУ-ын хамгийн их хөл хөдөлгөөнтэй баяруудын нэг болж байгаатай холбоотойгоор Цагаан хэрмийн зэлүүд хэсгүүдэд авирсан хүнийг шийтгэнэ хэмээн анхааруулжээ.
БНХАУ-ын нүүр царай болдог Цагаан хэрмийн тодорхой хэсгүүдийг л сэргээн засварласан байдаг бөгөөд сэргээн засварлаагүй хэсгүүдэд жуулчид очих хориотой байдаг аж.
Жил бүрийн аравдугаар сарын 1-нд БНХАУ үүсгэн байгуулагдсаны ойн баяр болж, ард иргэд долоо хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Энэ долоо хоногт хэдэн мянган дотоодын аялагчид Цагаан хэрэм дээр очдог юм. Гэвч аялагчид Цагаан хэрмийн зэлүүд хэсгүүдэд авирвал их хэмжээний мөнгөөр торгуулах аж.
Мэргэжилтнүүдийн зүгээс цар тахлаас болж хямралд орсон аялал жуулчлалын салбар энэ баярын өдрүүдээр эргэн сэргэнэ хэмээн найдаж буй гэнэ. Янчин дүүргийн соёлын газрын дарга Юү Ханкуан “Энэ жилийн баяр найм хоног үргэлжлэх бөгөөд Цагаан хэрэмд очих аялагчдын тоо өмнөх жилүүдийнхээс олон байх хандлагатай байна” хэмээн ярьжээ.
Бээжингийн сануулсанчлан хориотой хэсгүүдэд нэвтэрсэн хүнийг 200-30000 юаниар торгох гэнэ. Мөн харуул хамгаалалтыг сайжруулж, хориотой хэсгүүдийг манадаг 131 хамгаалагч баярын өдрүүдээр амралтгүй ажиллах аж. Түүнээс гадна эрх баригчид цахим орчинд онцгой анхаарал хандуулж, хэн нэгэн хориотой хэсэгт нэвтэрсэн эсэхийг үргэлж хянана гэжээ.
Юүгийн хэлснээр цагаан хэрмийн зэлүүд хэсгүүд нь маш хуучин, зарим газраа дэндүү өндөр, маш урт тул аялагчид төөрөх, унаж бэртэх, түүхэн дурсгалт газрыг сүйтгэх зэрэг эрсдэлтэй аж.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ