Америкчууд үнэт зүйл, үзэл санаагаа үйл хэрэг болгоход чухал нөлөөтэй сонголтыг дөрвөн жил тутамд хийдэг. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох сонгууль бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 3-нд санал хураалт болно. АНУ-ын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн болон гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын тэргүүн гэсэн үүргүүдийг давхар гүйцэтгэдэг хамгийн “хүчирхэг” хүн юм. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч таван мянга гаруй төрийн албан хаагчдыг шууд томилох эрхтэй, дэлхийн хамгийн том, 17 гаруй их наяд ам.долларын ДНБ-тэй эдийн засгийг удирдах, 1.3 сая гаруй байлдаанд бэлэн цэрэгтэй зэвсэгт хүчний ерөнхий командлагч зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг.
Энэ удаагийн сонгуулиар Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч Дональд Трамп улиран Цагаан ордонд суух эсэхийг шийднэ. Санал хураалтын өмнө сонгогчдод шийдвэрээ дахин нэг нягтлахад тусладаг гол зүйл нь нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден өчигдөр (2020.9.30) Ерөнхийлөгч Дональд Трамтай 90 минутын турш халз мэтгэлцлээ. Тэдний мэтгэлцээн шинэ коронавирусийн цар тахлын үед зай барих онцгой дэглэмийн дагуу нэр дэвшигчид мэтгэлцээний өмнө уламжлал ёсоор гар барилгүй, цөөн тооны үзэгчдийг оролцуулан болов. Жо Байден бол 1970-аад оноос хойш АНУ-ын улс төрийн тогоонд чанагдаж, Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед Дэд ерөнхийлөгчөөр ажилласан туршлагатай нэгэн. Харин Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь дэлхийн олон нийтийн хувьд гэнэтийн үйл явдал болсон. Энэ удаагийн сонгуульд тэрбээр “АНУ-ыг дахин агуу болгоё” гэсэн уриатай өрсөлдөж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид сонгуулийн кампанийн сүүлийн шатанд гурван удаа 90 минутын турш халз мэтгэлцдэг. Энэ мэтгэлцээнээр тэд нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд баримтлах бодлогоо олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Харин Жо Байден, Дональд Трамп нарын мэтгэлцээн улс төрийн соёл, дэгийг эвдсэн бөгөөд нэр дэвшигчид асуултад хариулах олгогдсон хоёр минутыг дуусгалгүй нэгнийхээ яриаг тасдах, гэр бүлийн гишүүд рүү нь дайрч, нэгнээ доромжилжээ. Гэтэл энэ халз мэтгэлцээн бол бодлогын мэтгэлцээн бөгөөд өөрийн бодлогын давуу талыг харуулж, өрсөлдөгчийн бодлогын сул талыг хайр найргүй илчлэн харуулах ёстой байсан. Мэтгэлцээнийг “Fox News” агентлагийн нэвтрүүлэгч Крис Уаллас хөтлөн явуулсан. Эрүүл мэндийн даатгалын асуудалд хоёр нэр дэвшигч ширүүн маргаж, “нэгнийгээ амаа татаж болох уу?” гэж ч асуув. Жо Байден мэтгэлцээндээ Дональд Трампыг худалч, АНУ-ын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч гэсэн. Харин Дональд Трамп “47 жилийн хугацаанд би таны 47 жилд хийж бүтээснээс илүү олон зүйлийг хийлээ" гэж амыг нь таглав. Мэтгэлцээний турш Дональд Трамп татвараас зайлсхийсэн тухай асуултаас зугтсан. Жо Байден коронавирусний нөхцөлд “Дональд Трампт ямар ч төлөвлөгөө байхгүй, хэрэв Ерөнхийлөгчийг илүү ухаалаг, хурдан болгохгүй бол олон хүн нас барна” гэж шүүмжилсэн. Хариуд нь Дональд Трамп "Хэзээ ч надад ухаалаг гэдэг үгийг битгий ашиглаарай, Жо, хэзээ ч битгий хэлээрэй. Танд ухаалаг зүйл гэж байхгүй шүү дээ. Таныг Ерөнхийлөгч байсан бол илүү олон хүн нас барах байсан юм шүү” хэмээжээ. Өдгөө АНУ-д 7 сая 300 мянган хүн халдвар авч 209 мянган хүн нас бараад байна.
Халз мэтгэлцээний дараа “CBS News” телевизийн явуулсан судалгаагаар үзэгчдийн 48 хувь нь Жо Байден ялсан гэж үзсэн бол 41 хувь нь Дональд Трамп илүү байсан гэв. Харин үзэгчдийн 10 хувь нь тэдний мэтгэлцээн эн тэнцүү өндөрлөсөн гэж дүгнэжээ. Үүнээс харвал америкчууд Дональд Трампад итгэл хүлээлгэсэн хэвээр байна. Дараагийн хоёр мэтгэлцээн АНУ-ын цагаар аравдугаар сарын 15 ба 22-нд болно.
Холбоотой мэдээ