АНУ-ын Сан-Франциско хотын шүүхээс ОХУ-ын хакер Евгений Никулинд LinkedIn, DropBox болон бусад компанийн сүлжээнд халдсан хэргээр долоон жил гурван сарын ял оноосон байна. Түүнд төлөвлөсөн ялаас дөрвөн жил орчим буюу 88 сар шоронд хоригдсон хугацааг нь хасч тооцжээ.
Шүүхээс мөн Никулины бага насны охин ОХУ-д байдаг, гурван удаа цус харвасан эх нь хүүгээ дахин харах хангалттай хугацаа үлдээгүй байж магадгүй гэсэн шалтгаануудыг харгалзан үзсэн байна.
Прокурор Никулинд 12 жилийн ял төлөвлөж, өнгөрсөн долдугаар сард холбооны шүүх түүнийг АНУ-ын нийгмийн томоохон сүлжээнүүдэд халдсан хэмээн есөн зүйл ангиар буруутгаж, гэм буруутай болохыг нь тогтоожээ.
Никулины өмгөөлөгч үйлчлүүлэгч нь бага наснаасаа аавдаа хүчирхийлүүлж, ах нь амиа хорлоход хүрч байсныг тэмдэглээд, шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн байна.
Сануулахад, Никулиныг АНУ-ын захиалгаар Интерполоор эрэн сурвалжилж, 2016 оны аравдугаар сард Прагаас баривчилжээ. Калифорнийн шүүхээс түүнийг АНУ-ын нутаг дэвсгэрт байрладаг, LinkedIn, Formspring болон Dropbox зэрэг нийгмийн сүлжээнүүдэд халдаж, компьютерүүдийг эвдлэн сүйтгэсэн хэрэгт буруутгасан байна.
"Microsoft" компаниас саяхан ОХУ-ын хакер дахин АНУ-ын сонгуульд нөлөөлөх оролдлого хийсэн талаар мэдэгджээ.
Өмнө нь АНУ-ын Төрийн департаментаас үндэстэн дамнасан кибер халдлагад оролцсон, Украины иргэн Артем Радченко, Александр Еременко нарын талаар мэдээлэл өгсөн хүнд сая хүртэл ам.долларын шан харамж амлаж буйгаа мэдэгдэж байв.
Эх сурвалж: FOCUS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ