Ажил хаялт буюу МАН-ын шантааж

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Ажил хаялт буюу МАН-ын шантааж

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09.00 цагт болох байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн шантаажаас болж хойшилсоор буй.

Гарц олохоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаж байгаа юм. Гэсэн ч УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүдээс заавал нэг бүлэг нь чуулганы хуралдаанд оролцож гэмээнэ ирц 50 хувьд хүрэх болчихоод буй. Уг нь үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үдээс өмнөдөө УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын дарга М.Энхболд, мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр нартай тус бүр ярилцсан тухай сураг дуулдаж байна.

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Манай бүлэг хуралдаад ээлжит бус чуулганд оролцохгүй байх шийдвэр гаргасан. Хэрвээ ээлжит бус чуулганд орохдоо хүрвэл бүлэг дахин хуралдахаас аргагүй” гэдгээ ч тодотгожээ.

Харин МАХН-ын даргатай хийсэн уулзалтын үеэр Шадар сайдын суудал хөндөгдсөн гэсэн баттай бус мэдээлэл байна. Ингэхдээ МАХН-ын дарга “Танай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шадар сайдын асуудлыг шийдэхгүй байгаа тул бид ээлжит бус чуулганд оролцохгүй” хэмээн шулуухан хэлээд авсан талаар Төрийн ордонд шуугиж буй ч үнэн эсэх нь эргэлтэй юм .

МАН-ын бүлгийн хувьд ээлжит бус чуулган зарлах шаардлагаггүй, мөн Шадар сайдад Н.Энхбаяр даргын нэрийг дэвшүүлбэл дэмжинэ гэдгээ зарласан. Үүгээр бол МАН, МАХН-тай тохиролцсон гэхээсээ илүүтэй Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан хүчнүүдийн дунд “яс” хаясан байж мэдэхээр аж. Учир нь МАН-ынхан Цэцийн даргыг чөлөөлөх ёсгүй гэсэн байр суурь барьж буй. Хэрвээ ээлжит бус чуулганы нээлтийг хийчихвэл энэ асуудал хамгийн эхэнд хэлэлцэгдэнэ. Тиймээс асуудлыг аль болох хойшлуулж, гацаах нь ашигтай тусч буй бололтой. Мөн Шадар сайдаар Н.Энхбаяр даргыг дэмжихээ илэрхийлсэн нь Цэцийн асуудлаар тохиролцоонд хүрчхэв үү гэх хардлагыг дагуулаад байна. Тодруулж хэлбэл, МАХН-ынхан Шадар сайдаар Н.Энхбаяр даргыгаа зүтгүүлнэ, УИХ-аар асуудал хэлэлцэгдвэл МАН-ын бүлэг дэмжинэ. Харин хариуд нь Цэцийн гишүүнийг чөлөөлөхгүй байх шийдвэрийг гаргуулахад МАХН-ын гишүүдийн кноп хэрэг болж мэдэхээр болж буй. Ийнхүү улстөрчид өөрсдийн явцуу эрх ашгаасаа улиг болсон заваан тоглоомоо эхлүүлээд байна.  

Нөхцөл байдал ийн өөрчлөгдөж буруу тийшээ явж мэдэшгүй болсон учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргах шийдвэрээс олон зүйл шалтгаалах болоод  байна. Хоёр сонголттой тулсны нэг нь МАХН-ын даргыг Шадар сайдаар томилуулах, эс бол Цэцийн гишүүнийг чөлөөлөхгүйгээр хэвээр нь үлдээх юм.

Гурав дахь сонголт нь ээлжит бус чуулганаа нэг бол цуцлах. Гэхдээ ирцээр бойкот хийн сандал суудлын хэрүүл үүсгээд байгаа МАН, МАХН-ын болзлыг хүлээн авахгүйгээр цааш зүтгэх боломж нь Шударга ёс эвслийн бүлгийн МҮАН-ын гишүүд, мөн бие даагч гишүүд, ИЗНН боллоо.

УИХ-ын ээлжит бус чуулганаар намрын чуулганаар эцэслэж чадаагүй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсний дотор хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэх томоохон асуудлууд багтаж буй. Улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулахад олон асуудал багтсан ч улстөрчдийн увайгүй байдлаас болоод төрийн машин ийнхүү гацаанд орлоо. Ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Үүнд,   

1/Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал;

2/Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

5/Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

6/Хууль сахиулах тухай хуулийн төсөл;

7/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

8/Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл;

9/Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

10/Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

11/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

13/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

14/Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл;

15/Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл;

16/Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл;

17/Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

18/Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;

19/“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

20/Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

21/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

23/“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус багтжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж