Кувейтийн эмир шейх Сабах таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Кувейтийн эмир шейх Сабах таалал төгсчээ

Кувейтийн эмир шейх Сабах таалал төгсчээ

Кувейтийн эмир шейх Сабах аль-Ахмед аль-Жабер ас-Сабах 91 насандаа таалал төгсчээ. Энэ талаар өнгөрсөн Мягмар гариг (2020.09.29)-т "AL Arabiya" телевизээр мэдээлсэн байна. Эмир Сабах энэ оны долдугаар сард Кувейтэд мэс засал хийлгэсний дараа эмчилгээ хийлгэхээр АНУ-ыг зорьжээ.

"Куна" мэдээллийн агентлаг өнгөрсөн долдугаар сарын 22-нд шейх Сабах эмчлүүлэхээр АНУ-ыг зорьсон талаар мэдээлсэн байна. Мөн тус мэдээлэлд долдугаар сарын 18-ны өдөр түүнийг Кувейтдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар хагалгаа хийсэн нь амжилттай болсон талаар дурджээ. Шейх Сабах эмчлүүлж байгаатай холбогдуулан угсаа залгах хунтайж шейх Наваф аль-Ахмад аль-Жабар ас-Сабах түүний үүргийг гүйцэтгэж байгаа аж.

Кувейтийн Засгийн газар эмирийг таалал төгссөнтэй холбогдуулан 40 өдрийн гашуудал зарлаж, Засгийн газар болон институциудийнхээ үйл ажиллагааг гурван өдрийн турш зогсоосон байна.

1929 онд төрсөн Шейх Сабах 2006 оны нэгдүгээр сарын сүүлээр хаан ширээнд заларчээ. НҮБ 2014 оны есдүгээр сард түүний хүмүүнлэгийн чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, "Хүмүүнлэгийн удирдагч" цолоор шагнасан байна. Түүний халааг эцэг нэгт дүү, угсаа залгамжлах хунтайж, 83 настай шейх Наваф аль-Ахмед авах төлөвтэй байгаа ажээ.

Шейх Наваф 1937 онд төрсөн, 1978-1988 онд Дотоод хэргийн сайдаар ажиллаж, 1988 онд Батлан хамгаалахын сайдаар томилогджээ. 2003 онд түүнийг Шадар сайд, Дотоод хэргийн сайдаар томилох зарлиг гарсан ба 2006 онд угсаа залгамжлах хунтайжаар тунхагласан байна.

Өнөөдрийг хүртэл шейх Сабах нь дэлхийн хамгийн өндөр настай, нөлөө бүхий төрийн зүтгэлтнүүдийн нэг байв. Өнгөрсөн хугацаанд түүнийг эмчлүүлэхээр АНУ-ыг хэд хэдэн удаа зорьж байв.

Эх сурвалж: TASS, RBC
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж