Майк Помпео цомхон бүрэлдэхүүнтэй Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Майк Помпео цомхон бүрэлдэхүүнтэй Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монголд айлчлах тухай Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.09.30/ мэдээлэл хийлээ.


Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүх “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео аравдугаар сарын 7-нд Монголд айлчилж, тэр өдрөө буцна” гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрбээр “Энэ айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тус тус бараалхана. Энэ үеэр Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны тухай яриа өрнүүлнэ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд АНУ-д айлчлах үеэрээ АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Тэрнээс өмнө 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлал хийж, “Хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тухай замын зураглал” гэж баримт бичгийг тохиролцож, ярилцсан байдаг. Төрийн өндөр дээд түвшний айлчлалуудаар ярилцсан хамтын ажиллагааны асуудлуудыг илүүтэй хөндөж ярина” гэв.

Тодруулбал, АНУ-ын Мянганы сорилтын сангаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монголд төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал усны үйлдвэр байгуулж, Дулааны III, IV цахилгаан станцыг хөргөхөд хэрэглэдэг ахуйн хэрэглээний ус үйлдвэрлэх төсөл, усны эх үүсвэрийг гүний худаг гаргаж нэмэгдүүлэх явцын талаар ярилцана.

Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монголд 1990-ээд оноос эхлэн хувийн хэвшлийг бэхжүүлэх, эдийн засаг шилжихэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан. Энэ байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд дахин байгуулах, орчин үеийн Монголын эдийн засгийг тогтвортой байлгах үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлж эхлэх талаар ярилцана гэдгийг онцоллоо. Хоёр орны эдийн засгийн зөвлөлдөх уулзалтыг аравдугаар сарын 20-нд хийхээр тохирч, ажлын хэсэг гарсан гэв.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг дагалдах баг бүрэлдэхүүн цомхон байх гэнэ. Төрийн нарийн бичгийн даргын багт ажлын албаныхан л багтсан гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Айлчлалын дараах тусгаарлалтын талаар Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүх хариулахдаа Тусгаарлалтын тухай нарийн мэдээлэлгүй байна. Айлчлалд бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг холбогдох дүрэм журмыг нөгөө талд танилцуулж, харилцан тохиролцож буй. Айлчлалд оролцсон хүмүүс журмынхаа дагуу тусгаарлагдана” гэлээ.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж