Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Манчестер Сити Португалийн Бенфика багаас төвийн хамгаалагч Рубен Диасыг 65 сая фунтээр худалдан авч зургаан жилийн гэрээ байгууллаа. Энэхүү 65 сая фунтын үнэлгээнд Манчестер Сити баг өөрсдийн Аргентин хамгаалагч Николас Отамендиг 13.7 сая фунтээр үнэлэн Бенфика баг руу худалджээ.
Рубен Диас “Манчестер Сити шиг багт нэгдэнэ гэдэг үнэхээр аз завшаантай хэрэг. Надад санал тавихад нь би татгалзаж чадаагүй. Манчестер Ситиг ямар баг вэ гэдгийг тэдний гаргасан амжилтаас нь харж болно. Тэд сүүлийн хэдэн жилийн турш Английн хөлбөмбөгт ноёрхлоо шүү дээ. Миний тоглолтын арга барилд зохицсон довтолгоо зонхилсон тоглолттой баг. Пеп Гвардиола шиг дэлхийн шилдэг дасгалжуулагчийн удирдлага дор, авьяаслаг залуустай хамт тоглоно гэхээс баярлаж байна. Пеп Гвардиола бол залуу тамирчдыг хэрхэн хөгжүүлэхээ мэддэг хүн” хэмээжээ.
Рубен Диасын хувьд Пеп Гвардиолагийн энэ зуны солилцоо наймааны цонхоор хийж буй гуравдахь наймаа бөгөөд түүнээс өмнө Натан Аке, Ферран Торрес нарыг авчээ.
Өдгөө 23 настай Рубен Диасын хувьд нутгийнхаа Бенфика багийн хүүхдийн академид элсэн суралцаж, тус багийн үндсэн бүрэлдэхүүнд 113 тоглолтонд оролцжээ. Мөн тэрбээр Португалийн шигшээ багт дуудагдан эх орныхоо төлөө 19 тоглолт хийгээд амжжээ.
Пеп Гвардиола 2016 оноос Манчестер Сити багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээсээ хойш нийтдээ 400 сая фунтыг хамгаалалтандаа зарцуулжээ. Энэ нь дэлхийн 52 улсын батлан хамгаалахын жилийн төсвөөс их байгаа юм. Тодруулбал, Киргизстан, Афганистан, Өмнөд Судан, Албани, Куба, Монгол, Лаос, Исланд зэрэг улсуудаас илүү их мөнгийг зарцуулжээ.
Шведийн нийслэл Стокгольм хотод төвтэй Sipri буюу Олон улсын энх тайвны судалгааны байгууллагаас гаргасан дээрх судалгааг авч үзэхэд Манчестер Сити баг 2018 онд хамгаалалтандаа 287.3 сая ам.долларыг зарцуулсан бол Монгол Улс тухайн жилдээ 101.9 сая ам.долларыг батлан хамгаалахын салбартаа зарцуулжээ.
Холбоотой мэдээ