Д.Золбоо: Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт материал хүлээн авах хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Д.Золбоо: Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт материал хүлээн авах хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ үед Голомт банк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 16 дахь жилдээ зарлажээ. Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Ахлах менежер Д.Золбоотой ярилцлаа.

  • Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар оюутнуудад ямар боломжууд нээгдэх вэ гэдгээс яриагаа эхэлье?
  • Бид бизнесийн байгууллагуудаас хамгийн анх оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Голомт банк нийт 1600 гаруй оюутан залуусын боловсролд 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан болсноор зөвхөн тэтгэлэг аваад зогсохгүй манай банкны судлаач оюутнаар ажиллах, мөн “G student club”-ийн гишүүн болж сурч хөгжих, нийгэмдээ чиглэсэн ажлууд хийх зэрэг хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх, сорих боломжууд нээгддэгээрээ давуу талтай.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд есдүгээр сарын 21-нд зарлагдсан ба 10 дугаар сарын 2-нд бүртгэл хаагдахаар байгаа. Бүртгэл хаагдахад цөөн хоног үлдсэн тул оюутан залуустаа энэхүү боломжийг алдалгүй атгаад аваарай гэж хэлмээр байна.

  • Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурын тухайд?
  • Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлгийг мэргэжил харгалзахгүй олгодгоороо онцлогтой. Тэтгэлгийн нэг гол шалгуур бол эсээ бичлэг. Эсээг “Тогтвортой хөгжилд залуусын оролцоо”, “Цэнхэр алт усаа хайрлая” хоёр сэдвийн аль нэгийг нь сонгож бичих юм.

Голомт банк нэг жилийн өмнө НҮБ-ын хариуцлагатай банкны зарчмуудыг үндэслэж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтууд”-тай уялдуулахаа тунхагласан. Бид эх дэлхийдээ, нийгэмдээ, ирээдүйдээ хариуцлагатай байхад хүн бүрийн оролцоо маш чухал тэр тусмаа залуусын оролцоо. Тиймээс ч энэ 2 сэдвийг онцгойлон сонгосон. Залуусаас бидний хараагүй өнцөг, бодоогүй шинэ санаа гарна гэдэгт итгэлтэй байна.

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд төгсөөд Голомт банкийг зорьж, хамт олны нэг хэсэг нь болохыг сонгодог шалтгаан таныхаар юу байв?
  • Өмнө дурдсанчлан бид зөвхөн тэтгэлэг олгоод зогсохгүй залуустаа хөгжих, өөрийгөө сорих боломжуудыг өгдөг. Магадгүй тийм ч учраас эргээд бидний нэг болохоор зорьдог болов уу. Манай тэтгэлэгт оюутнууд банкнаасаа ажлын гараагаа эхэлж, удирдах албан тушаалд амжилттай ажиллаж байгаа олон жишээ бий.
  • Тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна залууст чиглэсэн ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
  • Оюутан, сурагчдадаа зориулсан Оюутны дадлагын хөтөлбөр, Сурагчийн дадлага хөтөлбөр, “Good vibes” хөтөлбөр, Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Судлаач оюутны хөтөлбөр зэргийг дурдаж болно. Яг одоо бол манай Судлаач оюутны хөтөлбөр зарлагдсан байгаа. Дадлага гэхээр оюутнууд байгууллага дээр ирээд бичиг цаас үдэж, цай кофе зөөдөг гэх ойлголтоос ангид байх хэрэгтэй. Бид оюутан залууст онолын мэдлэгээ бодит ажил дээр хэрхэн хэрэгжих боломжийг энэхүү хөтөлбөрөөр олгодог.

Манай IT-ийн судлаач оюутнууд гэхэд томоохон судалгааны ажлууд хийж зарим нь сургуулиа төгсөх хүртлээ банкандаа судалгаагаа үргэлжлүүлэхийн хажуугаар ажиллаж, судалгааны сэдвээрээ дипломоо бичдэг.

  • Голомт банкны ажилтнуудын хэдэн хувийг залуучууд эзэлж байна вэ?

Манай ажилтнуудын 20 орчим хувийг “Gen Z” үе эзэлдэг. 5 ажилтан тутмын 1 нь Gen Z  байгаа нь хүний нөөцийн хувьд залуу баг, хамт олон ажилладгийг илтгэдэг.

  • Хүний нөөцийн мэргэжилтний хувьд шинэ залуу төгсөгчид, ажил горилогч нарт хандан ямар зөвлөгөө өгөх вэ? Чадварлаг ажилтан байхын тулд орчин үед ямар чадвар мэдлэгүүдийг шаардаж байна вэ?
  • Хамт олон бол 2 дахь гэр бүл. Тиймээс ажиллах байгууллагаа сонгохоос гадна удирдах ажилтан, хамт олон, байгууллагын соёлын онцлог зэргийг сайтар бодолцож сонгох хэрэгтэй. Энэ жилийн хувьд Covid-оос шатгаалж дижиталчлал илүү хурдтай явагдаж, ажилтнуудаас дижитал ур чадварыг шаардаж байна. Бид хэзээ ч хуучных шигээ байхгүй. Гэхдээ бүтээлч байдал, харилцааны ур чадвар, тууштай байдал, хэлэлцээр хийх ур чадвар яалт ч үгүй чухал хэвээр байна. Нөгөөтэйгүүр байгууллагын онцлогоос хамаарч ур чадварын шаардлага бүр харилцан адилгүй байдгийг мартаж болохгүй.
  • Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
  • Баярлалаа.

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн бүргэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж