Олон жил яригдаж буй Түлэнхийн төв эмнэлэг энэ онд ашиглалтад орно. Харин тус төвийн С блокийн газарт орон сууц баригдаж байгааг "Энхрий үрс халуун сэтгэл" ТББ эсэргүүцэн өнөөдөр /2020.09.30/ мэдээлэл хийлээ. Тус ТББ-ын тэргүүн О.Энхмаагийн мэдээлснээр УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ эмнэлгийн С блокийн газрыг хувийн хэвшилд хууль бус захирамжаар олгосон аж. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн газарт баригдаж буй 12 давхар барилга угсралтын ажил 65 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байгаа гэнэ.
ЭРХ БАРИГЧИД ХУУЛЬ БУС ЗАХИРАМЖААР ЭМНЭЛГИЙН ГАЗРЫГ ХУВИЙН ӨМЧ БОЛГОСОН
"Энхрий үрс халуун сэтгэл" ТББ-ын тэргүүн О.ЭНХМАА:
-Монголд ганцхан Түлэнхийн төв эмнэлэг гурван блоктой. Өнөөдөр С блокийн газрыг УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл нар хууль бусаар хувийн компанид олгож, шүүхийн шийдвэрээр хувийн өмч гэдгийг нь баталчихсан. Энэ бол дээрэм. Тодруулбал, "Хамтын хэвшил" ТББ-д 2019 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн А/116 дугаар захирамжаар олгосон байна. Үүний өмнө хотын дарга асан Су.Батболдын захирамжаар Түлэнхийн төв эмнэлгийн С блокийн газрыг хувийн өмч болгохыг дэмжсэн. Гэтэл хүүхэд, хөгшидгүй гэмтлийн эмнэлгийн тасагт багталцаж ядаж байна. Ийм шударга бус үйлдлийг эсэргүүцэж бид тэмцэнэ, иргэдийн эрх ашгийг хамгаална гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдье гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ