Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө, орон нутагт томилолтоор ажиллахдаа алдарт ээжүүдэд одон гардуулж яваа. Энэ нь түүний бүрэн эрхийн асуудал бөгөөд Ерөнхийлөгчийн тухай хуульд “Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна” гэж заасан. Харин шинэ төмөр замын төслүүдтэй танилцаж, танилцуулах нь түүний бүрэн эрхийн асуудал биш. Энэ бол гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүхийн ажил. Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсон У.Хүрэлсүх Засгийн газраас болон хувийн хэвшлийнхний хэрэгжүүлж буй томоохон төслүүд, салбар яам, агентлагуудын үйл ажиллагаа, хөдөө орон нутгийн амьдрал, нийгэмд тулгамдсан асуудлуудтай биечлэн танилцаж яваа. Ингэх нь бас түүний бүрэн эрхийн асуудал агаад Засгийн газраас бодлого, шийдвэр гаргахад нь газар дээрх уулзалтуудын хэрэг гарах байх.
Гадаад харилцааны яамнаас эхэлсэн Ерөнхий сайдын уулзалт эрчим хүч, эрүүл мэнд, батлан хамгаалах, соёлын салбараар үргэлжилж, Булган, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж, газрын тосны үйлдвэр, шинэ төмөр яам, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, хөтөлийн цемент шохойн үйл ажиллагаатай танилцсан.
Мэдээж, шийдэл хүлээсэн олон асуудлыг шийдвэрлэхийг холбогдох яам, тамгын газрын дарга нарт ч үүрэг чиглэл өгч яваа.
Жишээлбэл, олон хүний шүүмжлэлийг дагуулж, “хараал идсэн” хамгийн том асуудал болсон Дарханы замын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцах үеэрээ Зам тээврийн сайд Л.Халтарт хандан богино хугацаанд дуусгахыг үүрэгдсэн. Дарханы замыг шинэчлэн барих ажил гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалан удааширалтай байгаа нь эдийн засагт ч сөргөөр нөлөөлж буй. Тиймээс Дарханы замын ажилтай “газар дээр нь” танилцсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид олон жил ярьсан асуудлаа эхлүүлж чадсан. Эхлүүлнэ гэдэг чинь дуусгах үүрэгтэй гэсэн үг. Хэдийгээр манай оронд цар тахал дэгдээгүй ч хөл хорионы улмаас хугацаа алдсан нь үнэн. Богино хугацаанд ажлаа дуусгах хэрэгтэй. Гэхдээ чанартай удаан эдэлгээтэй авто зам барих нь чухал. Бид Налайх чиглэлийн авто замыг 80 жил ашиглана. Тиймээс зөвхөн Дархан, Улаанбаатарын иргэд бус олон улсын транзит тээвэр, баруун аймгуудын ард иргэдийн зорчих гол замыг чанартай хийж гүйцэтгэх хэрэгтэй”-г анхааруулсан нь хүнд сурталтай төрийн хурган дарга нарыг чихийг зөөллөхөд нэмэр болсон байх. Ямар ч байсан Дарханы аюулгүйн тойргоос Цайдамын хөндий хүртэлх 30,5 км авто замын ажил 10 дугаар сарын 25-нд, Азийн хөгжлийн бахнкны санхүүжилтээр хийж буй хоёр урсгалтай 204 километр уг замыг 2021 оны арваннэгдүгээр сард бүрэн дуусгахаа асгийн газрын тэргүүнд танхимын сайд нь амалсан.
Хэрэвзээ амалсан ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарыг чөлөөлөх, хариуцлага тооцох бүрэн эрх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бас бий.
Тэрчлэн Ардын засгийн газрын тэргүүн Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэрээ Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзаж, асуудлыг нь сонссон. Иргэдийн зүгээс Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж “нар харах” эрхгүй болгож буйг гомдоллосны дагуу өчигдөр /2020.09.30/ нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар газар дээр нь ажиллаж барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг танилцуулсан. Өмнө нь иргэдийн зүгээс өчнөөн гомдол, санал нийслэлийн удирдлагуудад тавиад тоохгүй байсан асуудал нь эерэгээр шийдэгдэж буй иргэд ч баяртай байгаагаа зурагтаар ярьж байна лээ. Энэ мэтчилэн Ерөнхий сайдын хувь бүрэн эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх засаглалын, салбар яамд, агентлагын ажлыг шалгаж байх нь зөв бай. Товчхондоо, ордонд ямбалж, байхаар иргэдээсээ тасарчихсан дарга нарыг чихийг зөөлрүүлж, үе, үе төрийн ажлыг яаж хийж, хийдүүлж байгааг нь нүдээр үзчихэд гэмгүй.
Ямарч байсан Х.Баттулга одон тараах болоод У.Хүрэлсүх танилцах уулзалт хийх нь хэн хэнийх нь бүрэн эрх. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх ордонд ямбалах биш очиж ажиллах ёстой юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ