Дэлхийн банкнаас Монгол Улсад өгсөн анхааруулга | News.MN

Дэлхийн банкнаас Монгол Улсад өгсөн анхааруулга

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкнаас Монгол Улсад өгсөн анхааруулга

Дэлхийн банкнаас Монгол Улсад өгсөн анхааруулга

Covid-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг удаан хугацаанд сэргэх төлөвтэй байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулж буй. Цар тахлын нөлөөгөөр бүс нутгийн орнуудын төсвийн алдагдал нэмэгдсэнээр 2020 онд Засгийн газруудын ДНБ-д эзлэх өр дунджаар 7 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Тиймээс Дэлхийн банкнаас улс орнуудад шаталсан татварын системээр орлого төвлөрүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах замаар төсвийн реформ хэрэгжүүлэхийг зөвлөж буй юм.


Өнгөрсөн Мягмар гариг (2020.09.29)-т Дэлхийн банкнаас мэдээлэл хийхдээ 2020 онд Монгол Улсын эдийн засаг 2.4 хувиар агшиж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, Хятадын эдийн засаг сэргэж байгаа зэргээс шалтгаалан 2021 оноос эдийн засаг 5-аас дээш хувиар өснө гэж таамаглаж буй тухайгаа мэдээлэв. Харин манай урд хөрш БНХАУ-ын эдийн засаг 2021 онд 7.9 хувиар, бүс нутгийн бусад эдийн засаг 5.1 хувиар тус тус өсөх төсөөлөлтэй байгааг дуулгасан билээ.

Дэлхийн банкнаас эдийн засгийн өсөлт нь олон улсын байдал болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа шинэчлэл, бодлого үйл ажиллагаанаас ихээхэн хамаарахыг онцлов. Тус банкны суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл тийм ч хурдан арилахгүй бөгөөд ирэх 10 жилийн турш бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг жил бүр нэг хувиар бууруулж болзошгүйг анхааруулсан юм.

Монгол Улсын хувьд ирэх жилүүдэд уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хэрэглээтэй холбоотойгоор эдийн засаг өсөлттэй байх эерэг хандлага ажиглагдаж байгаа аж.

Монгол Улсад нэн тэргүүнд анхаарах олон асуудал байгааг Дэлхийн банкны төлөөллүүд онцолж байна. Юуны өмнө цар тахлын дараагийн эрсдэл, хямралд Монгол Улс бэлэн байх нь хамгийн чухал болохыг онцлоод, эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд хангалттай хэмжээний хуримтлал үүсгэж, тогтвортой байдал бий болгох хэрэгтэйг санууллаа.

Ажлын байрыг нэмэгдүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдээ дэмжиж, хүнийхээ капиталыг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй хэмээн онцгойлон анхааруулсан юм. Мөн авлигатай тэмцэж, шүүхийн системээ шинэчлэхэд анхаарах хэрэгтэй гэв.

Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь 2020 оны төсөв өндөр алдагдалтай гарахад ихээхэн нөлөөлж буйг дурдаад, 2021 оны төсвийг алдагдал багатай батлах шаардлагатайг онцгойлон анхаарууллаа. Хэрвээ төсвийн алдагдал өндөр байвал Засгийн газрын өр улам нэмэгдэх билээ.

Дэлхийн банкнаас мөн Төв банкны зүгээс Монголын арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа асуудалд тодорхой арга хэмжээ авч, тусгай стратеги боловсруулах шаардлагатайг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж буй.

Засгийн газраас 2020-2030, 2031-2040, 2041-2050 гэсэн гурван үе шаттай хэрэгжих “Алсын хараа-2050” хөтөлбөр баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө Азид тэргүүлэгч орон болох юм.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт хийсэн НҮБ-ын шинжээчид Монгол Улсад салбар хоорондын бодлогын уялдаа холбоо, залгамж чанар сул, урт хугацаанд тогтвортой, тасралтгүй хэрэгжих бодлого муу байгааг анхааруулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжихгүй байгааг засах шаардлагатайг тэмдэглэсэн билээ.

Өнгөрсөн 30 жилд хөдөө аж ахуйн болон түүнд түшиглэсэн хүнсний үйлдвэрлэл бараг зогссон. Тиймээс хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрлэлийг хүү багатай, урт хугацаатай зээлээр дэмжиж, арьс шир, ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах нь чухал билээ. Ингэсэн тохиолдолд экспортын орлого 10 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 200 мянган ажлын байр бий болох боломжтойг мэргэжилтнүүд мэдээлж буй юм.

Монголын төр, засаг, монгол хүн бүр Дэлхийн банкнаас өгч буй анхааруулгад анхаарлаа хандуулж, бодит ажил хэрэгтээ тусгаж чадвал “Алсын хараа-2050” хөтөлбөрийн зорилтууд ч хэрэгжих боломж бүрдэх билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2020-09-30 174.242.82.100

Dan zeel tuslamj boon or gaviyat ediin zasagchdaar dyyrsen oron nohoi doloomruud

Avatar

Зочин 2020-09-30 73.153.188.19

Алсын хараа 2050 бол үнэхээр ямарч тооцоо судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр хийсэн зүйл. Монголын хөгжлийн гүн ухааныг огт ойлгодоггүй хүний хийсэн бүтээлийг хуулж явдаг нөхдүүд ямар шинжлэх ухааны үндэстэй зүйл боловсруулах вэ дээ. Хойшоо харсан хоцрогдсон үзэл баримтлалаар хөгжинө гэж зүүдэлж байна аа хөөрхий

Avatar

Зочин 2020-09-30 66.181.191.87

Алсын хараа 2050 гэгч зүйл ямарч хэрэгжих үндэсгүй зүйлээ боль. Маргааш улс мөхөх аюулт дайн гарч мэдэхээр дэлхийн улс төр маш тогтворгүй байхад худал мөрөөдөл бичих хэрэггүй.

Avatar

Иргэн 2020-09-30 59.153.115.134

Төрийн албан хаагчдыг цомхотгох асар их нөөц байгаа. Гэвч цомхотгол явуулахаар намын доторх хагарал ихсэнэ. Ардчилсан нам шиг нурж унаж ч мэднэ. Цомхотгох биш томсгох нь ашигтайг нам мэднэ.

Avatar

Зочин 2020-09-30 192.82.76.175

Хүрэлбаатар Монгол улсын төсвийг түүхэнд байгаагүй өндөр алдагдалтай болгосон гэдгээрээ нэр л бичигдэнэ.

Avatar

зочин 2020-09-30 202.9.46.217

Төрийн үйлчилгээ цахимд шилжиж байгаа учир төрийн албан хаагчдыг цомхотгох хэрэгтэй

Avatar

Шихи Хутаг 2020-09-30 66.181.179.242

Эд нар Монгол улсад анхааруулга өгдөг хэн юм. Тэгээд дараа нь, зодох гэж байгаа юм уу, эсвэл дээрэмдэх гэж байгаа юм уу

Avatar

Зочин 2020-09-30 202.21.104.2

Зөвлөмж юм бишүү, Анхаарулга гэхээр цочирдом

Avatar

Иргэн 2020-09-30 202.21.96.212

Гарчиг нь ямар өөр юм бодуулахаар юм бэ?

Avatar

Зочин 2020-09-30 202.9.46.164

Их л нарийн юм бичсэн юм шиг байна. Манай курсийн офицерийн ухаан яаж ч ухаад хүрэхгүйл дээ. Монголчууд яанаадаа.

Avatar

Зочин 2020-09-30 122.201.24.84

ХҮҮ минь юунд ийм юм бичдэг юм дээ Ашигтай нэ г ч санаа дэвшүүлэхгүй байж

Avatar

Зочин 2020-09-30 202.9.46.164

Илүү ухаантай хүнийг сонго гэж бичиж байна.

Avatar

Зочин 2020-09-30 66.181.161.93

Гэтэл манай Засгийн газар, УИХ сонгуулийн амлалтад зориулсан онц шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа төсвөөс хасч чадахгүй заваараад сууж байдаг!!!

Avatar

Зочин 2020-09-30 66.181.191.87

Анужин гэж УИХ гишүүнийг болиулах хэрэгтэй. ХЯТАД хүүхэн улсын мөнгөөр тансаглах хэн юм бэ?

Avatar

Зочин 2020-09-30 66.181.179.242

За больж үз. Өөрсдийгээ мэдэхгүй байж бусдад заах ч ёстой яамай байна. ДБ, ОУВС -ийн "мэргэн" зөвлөмжөөр 1990 оноос хойш өнөөг хүртэл Монгол улс дампуурч, дааж даашгүй өрөнд орж, ядууралд нэрвэгэж ирсэн. Гадныхан Монголын баялгийг цөлмөж баяжиж байна. 3- хан сая хүнтэй улсыг 30 жилийн дотор хөл дээр нь босгож чадаагүй. Одоо бидний Монголчууд өөрсдийнээ толгойгоор ажиллах цаг ирсэн. Гадны элдэв шимэгч паразит "зөвлөхүүдийн" үгэнд огт итгэж болохгуй. Эд нарыг хөөж явуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-30 202.55.191.130

ene baiguullaguudiin oroltsoo bii ch baih ugui ch baih, gol ni shaardlaga zuvlumjiig ni jiaaaa geed alga havsran dagaad baidag uuriin tolgoigui noyod l dampuuruulaad baigaa bus uu?

Avatar

Зочин 2020-09-30 202.126.88.41

хэн ч мөнгөө зүгээр өгөхгүй. Тэр тусмаа авлигад идэгдсэн манайх шиг дампуу төртэй улсад.Тийм учраас эмзэглэх хэрэггүй.Авлигачидынхаа хөрөнгийг нь хуу хураа, хатуу шийтгэ, Шүүхээ улс төрөөс ангид байлга, авлигачдад өршөөл үзүүлэхгүй , авлигачдад эрүүгийн хуулиа буцааж хэрэглэ л гэж байна, үхэж байгаа оркууд аа.
Тэгэж их мэдэмхийрээд байгаа бол тэр Хятадаасаа зээл ав. тэгээд авсан зээлийнхээ өрөнд газар нутгаа өг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж