БНХАУ-ын Хэнань мужийн нэгэн цэцэрлэгийн багш хамт ажилладаг багштайгаа муудалцсандаа хорсож, 25 хүүхдэд нитритээр хордуулсан каш өгчээ. Түүнээс болж, хүүхдүүд гүн хордлогонд орж, нэг хүүхэд нас барсан тул хэргийг үйлдсэн багшид шүүхээс ялын дээд хэмжээ сонсгосон байна.
Энэ долоо хоногт Хэнань мужийн Жяозуо ардын дунд шатны шүүх цэцэрлэгийн багш Ван Юнийг жигшүүрт, харгис сэдлээр хүний амь хөнөөсөн хэмээн тодорхойлж, хуулийн хамгийн хатуу шийтгэл хүлээх ёстой хэмээн мэдэгдсэн байна.
Шүүх хурал дээр ярьснаар Ван Юнь хүүхдүүдтэй хэрхэн зөв харилцах талаар Жяозуо цэцэрлэгт хамт ажилладаг өөр нэг багштай маргалдсан аж. Удалгүй 2019 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Ван маргалдсан багшийн ангийн хүүхдүүдийн идэх кашинд цахимаар худалдан авсан нитритээ хольж, хордуулжээ.
АНУ-ын Халдварт өвчин хяналт, сэргийллийн төвийн мэдээлж буйгаар нитритийг тэсрэх бодис, бордоо, хүнс хадгалах зэрэгт хэрэглэдэг. Шууд идвэл хорт хавдар үүсгэдэг өндөр хортой бодис аж. Мөн их хэмжээгээр хордсон тохиолдолд хүний биеийн хүчилтөрөгч шингээх чадвар алдагдаж, даруй үхэлд хүргэх аюултай гэнэ.
Ван өмнө нь 2017 оны хоёрдугаар сард нөхөр Фентэйгээ муудалцаад, хордуулах гэж байгаад баригдаж байжээ. Тэрбээр нөхрийнхөө аяганд нитрит хийж өгсөн ч аз болж Фен ноцтой хордоогүй байна.
2019 онд болсон дээрх хэргийн тухай хордсон хүүхдийн аав Ли “Над руу цэцэрлэгээс залгаад хүүхдийг минь бөөлжиж, ухаангүй болж байна гэж хэлсэн. Би тэр даруй цэцэрлэг дээр очоод хартал хүүхэд минь ухаангүй, бүх хувцас нь бөөлжис болсон байлаа. Бусад хүүхдүүд ч бас маш ихээр бөөлжиж, сульдсан байсан” хэмээн ярьжээ.
Тус хэргийг ийнхүү шүүх хурлаар хэлэлцэж байхтай зэрэгцэн ӨМӨЗО-ы цэцэрлэгт мөн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотын Жаожүн Динчи цэцэрлэгт хүмүүждэг найман хүүхдийн толгой, биеэс учир битүүлэг зүүний сорви байгааг эцэг, эхчүүд мэджээ.
Хүүхдүүдээс сорвины тухай асуухад багш нь тэднийг анги дээрээ биеэ зөв авч яваагүйнх нь төлөө шүдний чигчлүүр, зүүгээр хатган шийтгэж, ээж, аавдаа хэлэхгүй байхыг тушаасан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр дээрх хэрэгт гурван эмэгтэй багшийг сэжигтнээр татан цагдан хорьсон байна. Өмнө нь мөн 2017 онд Бээжингийн нэгэн цэцэрлэгийн багш Лю хүүхдүүдийг зүүгээр хатган шийтгэж байсныхаа төлөө 18 сар хорих ял сонсож байсан удаатай билээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ