Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгийн суудал хоосон ирэх боллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн нислэгийн суудал хоосон ирэх боллоо

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Tuesday, September 29, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит (2020.09.30) мэдээллээ хийж байна.


Сүүлийн  хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид нийт 1159 хүнд шинжилгээ хийхэд Covid-19  вирус илрээгүй. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол байна. Тэдний 303 нь эдгэжээ.

Эдгэрсэн хүмүүсийн найм нь сувилалд, гурав нь гэрийн ажиглалтад, үлдсэн 294 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман хүн эмчлэгдэж байна. Тэдний зургаа нь хөнгөн, хоёрынх бие хүндэвтэр аж.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Есдүгээр сарын 28-нд Алмата-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 95 хүн
  • Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 65 хүн
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 266 хүний давтан
  • Есдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 240 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн
  • Тандалтын зорилгоор авсан 24 хүн
  • Сайн дураар шинжилгээ өгсөн 76 хүн
  • Тандалтын зорилгоор цуглуулсан гурван хүн
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 75 хүн
  • Орхон аймагт тусгаарлагдсан 35 хүний давтан шинжилгээ
  • Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 19 хүнийн давтан шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурав хүн
  • Төв аймагт тусгаарлагдсан 30 хүн
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 41 хүн
  • Тусгаарлах ажиглах байранд тусгаарлагдсан 154 хүн, үүрэг гүйцэтгэсэн долоон эмч, ажилтан
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан дөрвөн эмч ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ.

ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.ЭНХЗАЯА:

Монгол Улс дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил улсын хэмжээнд аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулна. Улирлын томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулахаар төлөвлөсөн. Монгол Улсын хувьд улирлын томуугийн эсрэг А хүрээний /H1,N1/ болон В хүрээний /H3, N2/ хэв шинжийг агуулсан гурван цэнт вакциныг БНСУ-ын “Green Cross” үйлдвэрээс саяхан хүлээн авсан. Бэлтгэл ажлыг хийсэн.

Томуугийн вакцинд аймгийн төвийн цэцэрлэгийн 2-5 хүртэлх насны хүүхдүүд, нийслэлд зургаан сартайгаас есөн настай хүүхдүүдийг хамруулахаар бэлтгэж байна. Ингэхдээ харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын төв болон сургууль дээр байгуулсан дархлаажуулалтын түр цэг дээр үнэ төлбөргүй зохион байгуулна. Эцэг, эхчүүдийн хувьд цэцэрлэг, сургуулийн багшид мэдээлэл өгч, вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудастай танилцаж, баталгаажуулна. Хэрвээ таны хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол энэ талаарх мэдээллээ эмч, багш нарт мэдээлж, вакцин хийх хугацааг хойшлуулна.

Мөн 65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй хүн, дөрвөн сартайгаас дээш жирэмсэн эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд харьяа дүүргийн эрүүл мэндийн  төв дээр очиж, дархлаажуулалтад хамрагдах юм. Вакциныг зургаан сартайгаас хоёр насны хүүхдүүдэд хоёр удаагийн тунг нэг сарын зайтай хийнэ. Гурваас дээш насны болон насанд хүрэгчдийг нэг удаа дархлаажуулна. Энэ үеэр заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдэд вакциныг нөхөн хийнэ. Дархлаажуулалт нь олныг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Мөн вакцинжуулалтад хамрагдахаас гадна гараа сайтар угааж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

Улсын онцгой комисс/УОК/-оос өнгөрсөн хугацаанд нийт 82 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдээд байна. Авто зам болон агаарын замын боомтоор 22.973 иргэнээ эх оронд нь авч ирсэн. Нислэгээр 16.483 иргэн, авто замаар 6536 иргэн ирсэн. БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргаад байсан цөөн тооны 30 иргэнийг Замын-Үүд боомтоор өчигдөр хилээр нэвтрүүллээ. Өнгөрсөн хугацаанд хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй өндөр мэт байгаа боловч тусгай үүргийн нислэгүүд болон авто замаар Монголд ирэх хүсэлтэй 130 гаруй мянган иргэн байсан бол 30 иргэн өчигдөр орж ирсэн. Есдүгээр сарын сүүлийн Сиатл-Улаанбаатарын нислэгээр 10 гаруй суудал хоосон ирж байгаа. Ирэх аравдугаар сард тусгай үүргийн 10 гаруй тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Сиатл руу дахин нислэг үйлдэх эсэхийг аравдугаар сард хийх транзит зорчигчдын тоог харж байгаад шийдвэрлэх болно.

УОК-ын гуравдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой гадаадын иргэдийг тодорхойлж өгсөн. Энэ хүрээнд УОК-ын даргын зөвшөөрлөөр есдүгээр сарын 29-нд үйлдсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 15 улсын 216 иргэн Монголд ирээд байгаа. Эдгээр хүмүүс Монгол Улсад байнга оршин суудаг, ажиллаж, амьдардаг иргэд гэдгийг хэлье. Тэднийг Монгол Улсын иргэдийн тусгаарлах байрнаас өөр үнээр тусгаарлан ажиглаж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж