Их Британийн Олон улсын кино наадамд Монголын “Дурсаж яваарай” уран сайхны кино амжилттай оролцож, "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртжээ. Бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн уг киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан юм.
Их Британи улсын нийслэл Лондон хотноо жил бүр зохион байгуулдаг “International British Film Festival” кино наадам, яармаг худалдаанд энэ жил Монгол Улсаа төлөөлөн гурван кино оролцсон байна. Уг олон улсын кино наадам нь жил бүр киночдын цугалж шилдгээ шалгаруулан, кино борлуулалт хийгддэг “premium” тодотголтой наадам ажээ.
"Босго" фильмийн бүтээл "Дурсаж яваарай" өмнө нь Казаны олон улсын кино наадмын “Шилдэг зохиол” шагналыг анх удаа хүртсэн уг бүтээл "Remember Me” нэрээр Монголоос анх удаа өрсөлдөж, ОХУ-ын Бүгд найрамдах Татарстаны Казан хотод жил бүр зохион байгуулдаг “В” зэрэглэлийн наадамд амжилттай оролцсон талаар найруулагч Э.Ган-Очир дуулгаж байв.
Монгол Улс социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн хугацаа буюу 1990-ээд оны эхэн үед хаягдал цаас боловсруулах нэрээр олон сая ном үгүй хийжээ. Монголчууд өөрсдийн оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаа эмгэнэлтэй хийгээд бидний анзаараагүй түүх. Монголынхоо үзэгчдэд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд дижитал хэлбэрээр хүртээл болсон “Дурсаж яваарай” уран сайхны кино 2021 онд олон улсын хоёр ч наадамд оролцох эрх аваад байгаа ажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ