Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ бүртгэл өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 36 мянга 207 сурагч төгсөх бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгч нартай нийлээд ойролцоогоор 40 мянга орчим сурагч ЭЕШ-ыг өгнө гэж салбар яам болон Боловсролын үнэлгээний төв тооцжээ. Энэ жилийн шалгалтын онцлог нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЕБС төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилготой элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилсөн бөгөөд хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөх юм байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны /БСШУЯ/ статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12 дугаар анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулжээ. ЭЕШ-ын Монгол хэл, Англи хэл, Орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулах аж. Энэ онд төгссөн шалгуулагч төгсөж буй сургуулийнхаа харьяа ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгөх юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.  Шалгалтад eyesh.eec.mn/reg цахим хуудсаар бүртгүүлнэ. Шалгалт бүрт таван мянга 800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх юм. БСШУЯ-наас энэ сардаа багтаан нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулах аж. Түүнчлэн шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас зэргийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ирэх тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусах юм. Бүртгэлийн хугацаанд багтааж бүртгүүлэхийг БСШУЯ болон Боловсролын үнэлгээний төв  /БҮТ/-өөс анхаарууллаа.

Д.УУДАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Сурагч, эцэг эхчүүдэд 2016-02-15 203.91.115.45

Сонгох боломжоо нэмэгдүүлэх үүднээс аль болох олон хичээлээр шалгалт өгөөрэй

Өвгөн 2016-02-15 59.153.114.166

Шалгалт авахдаа хүүхдүүдийг унагах гэж биш стандарт сургалтын түвшиндээ мэдлэгийг нь тодорхойлох зорилгоор л аваарай даа...